“Өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо
Монгол улсад суугаа Япон улсын элчин сайд Такэнори Шимизү, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан өчигдөр Элчин сайдын өргөөнд “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд “Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 116-р сургуулийн их засварын төсөл”–ийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Ёслолын үеэр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан хэлэхдээ “Япон улсын Засгийн газрын Өвсний үндэс хөтөлбөрийн төслүүд мянга мянган хүүхдүүдийн сурах орчинг сайжруулахад хувь нэмрээ оруулсаар ирсэн. Түүний үр дүнд хүүхэд багачуудын сурах эрмэлзлэл улам нэмэгдсэн. Та бүхний энэхүү хувь нэмэрт хүүхэд багачууд төдийгүй тэдний эцэг, эх асран хамгаалагчдын нэрийн өмнөөс Япон улсын Засгийн газар болон Япон улсын ард түмэнд гүнээ талархаж буйгаа илэрхийлье” гэлээ.