60 м далан байгуулж, 40 м шуудуу ухав
Нийслэлийн хэмжээнд 22:00 цагийн байдлаар Налайх дүүрэгт-5, Хан-Уул дүүрэгт-2, Сонгинохайрхан дүүрэгт-1, Баянгол дүүрэгт-1, Баянзүрх дүүрэгт-2, Багануур дүүрэгт-4, нийт 15 удаагийн үер, усны дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Үүнээс ажиллаж дууссан 9, заавар, зөвлөмж өгсөн 4 дуудлага мэдээлэл байна. НОБГ-аас нийт 158 алба хаагч, 21 автомашин, 22 помптой 539.5 тн ус соруулж, 60 метр далан босгож, 40 метр шуудуу ухаж, 2 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, 11 иргэдийг аюулгүй бүсэд гаргав.
Дээрх дуудлагын 10 буюу 66.6 хувь нь айлын гэр, хашаа усанд автсан, 1 буюу 6.6 хувь нь цахилгаан станц, 4 буюу 26.6 хувь нь нийтийн эзэмшлийн зам талбай усанд автсан дуудлага тус тус эзэлж байна.
Цаг уур орчин шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр Туул-Улаанбаатар чиглэлд голын үерийн түвшин 19 см нэмэгдсэн, үерийн аюултай түвшин 39 см бага байна.
Мөн Туул-Лүн чиглэлд үерийн аюултай түвшин 51 см нэмэгдэж, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрээд байна.
Улаанбаатар хотын цаг агаарын урьдчилсан мэдээгээр үүлэрхэг, бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, +16 градус дулаан байна.