Ч.Намчин: “Киодо”-гийнхон маань намайг “Такарамоно” гэдэг юм
Ахмад дипломатч Булгадар овогт Чүлтэмийн Намчинтай уулзаж ярилцлаа. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг япон хэл, япон судлаачаар төгссөн тэрбээр 1990 оныг хүртэл ГХЯ-нд дипломат ажилтан, 1990 оноос хойш Японы мэдээллийн “Киодо Цүүшин” агентлагийн Монгол дахь төлөөлөгч-сурвалжлагчаар 30 жил, зөвлөхөөр 3 ажиллаж ухамсарт амьдралынхаа ихэнх хэсгийг улс эх орноо гадаадад сурталчлах үйлсэд зориулж яваа, Монгол-Япон улсын харилцааны гүүр болсон ахмад дипломатч билээ. Нэг ёсондоо албан ёсны дипломатчаас ардын дипломатч болж, Монгол Улсыг Японд болон Японоор дамжуулан дэлхийн бусад оронд сурталчлан таниулах ажлыг хийж ирсэн эрхэм юм. “Киодо Цүүшин” агентлагийнхан түүнийг “Манай Такарамоно” гэдэг байна. Энэ нь “үнэт эрдэнэ” гэсэн гүн хүндэтгэлт үг болой.
Дипломатч болох зам
-Би Увс аймгийн Тэс суманд төрсөн хүн. Манай Тэс сум биднийг сурч байхад 8 жилийн сургуультай байсан учир Тэсийн хүүхдүүд 10 жилд дэвшин суралцахаар бол Баруунтурууны сангийн аж ахуйн 10 жилийн дунд сургууль руу шилжин суралцдаг байлаа. Биднийг 10 жил төгсдөг 1972 онд Увс аймгийн хэмжээнд 140 гаруй хүүхэд 10 дугаар анги төгсөөд сурлагаар нь байр эзлүүлсэн чинь би 7 дугаар байрт жагслаа. Эхний 6 хүүхэд шууд сургуульд явах хуваарь ирснийг авчихаж байгаа юм. Миний ард 8 дугаар байрт жагссан аймгийн төвийн Дулмаа гээд охин бид хоёр их сургуулийн бэлтгэл хийгээд дараа жил нь гадагшаа сургуульд явуулдаг хуваарь авав. Намар нь Улаанбаатарт ирсэн чинь шалгалт өгөөд тэнцвэл энэ жил шууд сургуульд нь явуулна гээд би орос хэл яриа, бичгээр, бас монгол хэл, түүхээр шалгалт өглөө. Баруунтуруунд сурч байхдаа орос хэл нэлээн үзчихсэн, дүрэмдээ сайн гэгддэг, аймагтаа л орос хэлдээ гайгүй хүүхдийн тоонд орж байв. Ер нь дунд сургуульд байх үеэсээ л зөвхөн орос ч биш өөр бас гадаад хэл үзэх сурах сонирхолтой байв. Эсперанто гээд хэл үзэхээр сурах бичгийг нь хүртэл худалдан авсан юмдаг. Шалгалтаа өгөөд тэнцсэн учир хуваарь авахаар дуудагдав. Хэлний холбогдолтой хуваарь гэхээр Эрхүүгийн Орос хэлний багшийн дээд сургуулийн хуваарь авах боломжтой, өөр гадаад хэлний хуваарь байхгүй гэсэн хариу сонсчихоод одоогийн МУИС-ын 2 дугаар байрны гадаа л өдөржин тэр хавиар явсан хүмүүсийн өмсөж зүүсэн, давхилдах улаан дугаартай хар “Волга” машинууд, хар машинаас нь үсэрч буугаад бидний шалгалт өгсөн байр руу ороод гарч байгаа хотын сэргэлэн цовоо охидыг харсан шиг цаг нөхцөөж байтал нэг настайтавтар эмэгтэй хүн дөхөж ирснээ “За хүү минь шалгалтаа өгсөн үү, тэнцсэн үү?” гэж асуулаа. Тэнцсэн гэдгээ хэлэв. Xуваариа авсан уу гэж байна. Тэр хүнд гадаад хэл үзэх сонирхолтой гэсэн чинь шууд “Маргааш Гадаад явдлын яамны боловсон хүчин ирнэ. Өөрийг чинь уулзуулж өгье. Чамд таалагдахаар хуваарь тэнд байж магадгүй” гэв ээ. Тэр жил ГХЯ хятад, япон, араб зэрэг хэлээр оюутан сургахаар гадаад хэл үзэх сонирхолтой хүүхдүүд сураглаж, МУИС-ийн шалгалтын комиссын хүмүүсээс тандаж байсан юм билээ. Тэгээд МУИС-ийн шалгалтын комиссын нөхөд намайг зааж өгсөн нь тэр юм санж. Намайг ГЯЯ- ны нэр дээр сургуульд явах замыг засаж өгсөн хүн маань Ю.Цэдэнбал даргын дүү одоо амьд сэрүүн байгаа Ю.Жавзан гуай байсан юм билээ. Tэр тухай би бүүр хожуу олж мэдсэн. Ю.Жавзан гуай тэр үед Дээд боловсролын улсын хороонд ажилладаг байж. Маргааш нь ГЯЯ-ны боловсон хүчин Цэвээн гэж хүн ирсэнд хэлээд тус яамны нэр дээр сургуульд явуулахаар болсон доо. Манай ГЯЯ-ны нэр дээр тэр жил ОУХДС-д 5 хүүхэд сургуульд явсан юм. Японоор мэргэшихээр 2 хүүхэд явуулах болсны нэг нь би, арабаар нэг хүүхэд явсан нь К.Сайран, бас 2 хүүхэд хятадаар сурах болсон. Тэд бол хожмоо Казахстан зэрэг оронд Элчин сайдаар ажиллаж байсан Х.Аюурзана, Баасансүрэн нар юм. Ингээд тавуулаа ГЯЯ-ны нэр дээр сургуульд явахаар хуваариа батлуулаад дахиад их сургуулийн элсэлтийн шалгалтын комиссын хурлаар орлоо. Комиссын дарга нь Балчиндорж гэж хүн байсан юм. Тэр хүн надаас “Чи чинь хөдөөнөөс ирсэн биз дээ, энэ хуваарийг чамд хэн өгсөн юм” гэж асуулаа. Тэгсэн тэндээс нөгөө Ю.Жавзан гуай чинь “би зааж өгсөн юм аа” гээд. Ингэж би азтай ч гэх юм уу тохиолоор дипломатч мэргэжлээр суралцах болсон хүн дээ. 1972-1973 онд Эрхүүд орос хэлний бэлтгэл ангид суралцаж, тэндээсээ Москвагийн ОУХДС-д япон хэл, япон орон судлалын мэргэжлээр 5 жил суралцаад төгссөн.
ОУХДС-ийн оюутан байхдаа Токио дахь
Монгол Улсын ЭСЯ-нд дадлага хийв. 1977 он.
М.Дүгэрсүрэн сайдын туслах
-1978 онд сургуулиа төгсөж, Гадаад явдлын яамны Хэвлэл мэдээллийн хэлтэст ажиллаж эхэллээ. Манай хэлтсийн дарга Т.Чимэддорж гэж хүн байв. Энэ хэлтэст 1 жил орчим ажиллаад дараа нь Гадаад явдлын яамны сайд Мангалын Дүгэрсүрэнгийн туслах-нарийн бичгийн даргаар 2 жил гаруй ажиллах хувь тохиож билээ. М.Дүгэрсүрэн сайд туслах-нарийн бичгийн даргаараа голчлон ОУХДС төгссөн хүн ажиллуулдаг байсан юм шиг санагддаг. Би энэ ажлыг Ч.Баатар гуайгаас (хожим ГХЯ-ны орлогч сайд, Их Британи болон АНУ-д Элчин сайд байсан) хүлээж авсан юм. Ингээд сайдын нарийн бичгийн даргаар 2 жил орчим ажилласны дараа Азийн хэлтэст шилжиж Японтой харилцах ажлыг хүлээн аваад тун удалгүй 1982-1983 онд Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийн харьяа Японы хэлний сургуульд суралцаж төгссөн.
Баруун гараас Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийн харьяа
Японы хэлний сургуулийн оюутан Ч.Намчин (баруун гар талаас). 1983 он.
Буцаж ирээд яамандаа Япон улсыг хариуцаж ажиллахын зэрэгцээ Хойд, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд, АСЕАН-ын гишүүн орнууд, мөн далайн болон арлын жижиг орнуудыг хариуцах боллоо. Сүүлдээ Японоороо дагнаж ажиллаж байгаад 1987 онд Япон дахь Монголын Элчин сайдын яаманд томилогдож, Нарийн бичгийн дарга, Элчин сайдын эзгүйд хэргийг түр хамаарагчаар 1990 оны сүүлч хүртэл ажилласан юм.
Анхны орчуулга ба Ю.Цэдэнбал дарга
-Гадаад явдлын яаманд 10 гаруй жил ажиллахдаа олон сонирхолтой үйл явдлын гэрч болж, заримд нь өөрөө ч оролцож, зохион байгуулалцаж явлаа. 1984 онд Японы “Токио Шимбун” сонины сурвалжлагч Ито Кикузо гэж хүн Ю.Цэдэнбал даргатай ярилцлага хийхээр ирэв. Өмнө нь 1964 онд ирж Ю.Цэдэнбал даргаас ярилцлага авч байсан энэ хүн 20 жилийн дараа дахин ярилцлага авах гэж байгаа хэрэг. Япон дахь сургуулиа дөнгөж төгсөөд ирсэн би тэр ярилцлагын орчуулагчаар анх удаа орсон доо. Миний анхны том орчуулга төдийгүй Монгол-Японы харилцаа дахь хэвлэл мэдээлэлтэй холбоотой хамгийн анхны асуудал нь тэр болов уу. Ю.Цэдэнбал дарга бүх албан тушаалаасаа буухын өмнөхөн, зарим
юмаа мартдаг, эсвэл нэгэнт ярьсан зүйлээ байн байн давтаж ярьдаг тийм болчихсон үе нь. ГХЯ-ны хэлтсийн дарга Ж.Чойнхор гуай бид хоёр зэрэгцээд суучихсан. Ю.Цэдэнбал дарга нэг ярьсан сэдвээ гурав дахин ярьсан чинь Ж.Чойнхор гуай “Чухал асуудал учраас дахин давтаж яриад байгаа юм шүү гэсэн тайлбартайгаар орчуулаарай” гэж надад зөвлөхийг Ю.Цэдэнбал дарга анзаарах шиг болсон. Нэг сэртэсхийгээд дахиж яриагаа давталгүй дуусгаж билээ. Энэ миний анхны том орчуулга. Үүнээс хойш зөндөө орчуулгад орсон доо…
Ж.Батмөнх дарга БНАСАУ-д айлчлах замд…
-1986 онд Ж.Батмөнх дарга БНАСАУ-д айлчилсан юм. Орон хариуцсан референтийн хувьд би тэр айлчлалд хамт явлаа. Манай төлөөлөгчид ЗХУ-аас АН-24 онгоц түрээслээд явсан юм. Манай айлчлалын баг Эрхүүгээс Хабаровскт буув. Тэгсэн чинь Хабаровскт байх үед “Ким Ир Сен алагдлаа” гэсэн мэдээ тарлаа шүү. “Америкийн дуу хоолой” радиогоор ийм мэдээлэл цацагдсан юм. Тэгээд л манай дарга нар сандраад юу болчихов, яах вэ гээд нэг хэсэг бужигналаа. Эцэст нь ямар ч байсан яваад очьё, очоод байдал үнэн байвал оршуулганд нь оролцоод буцья гэж хүртэл ярилцаж байсан. Гадаад явдлын яамны нэгдүгээр орлогч сайд Д.Ёндон гуай айлчлалын бэлтгэл хангуулахаар газар дээр нь оччихсон байсан юм. Манайхан биднээс мэдээлэл аваад ГЯЯ-нд нь хүртэл очиж уулзсан. ГЯЯ-ны сайд Ким Ён Нам “Ямар ч үндэсгүй худал цуурхал. Манай дарга амьд сэрүүн байгаа. Та бүхэн маргааш өглөө онгоцны буудал дээр буухдаа харах болно” гэсэн байгаа юм. Манай Пёньян дахь ЭСЯ-наас бидэнд ирүүлсэн нэмэлт мэдээлэлд Ким дарга өөрөө угтах тохиолдолд онгоцны буудалд шар хүрээтэй улаан хивс, өөр доогуур зиндааны хүн угтах нөхцөлд цул улаан хивс дэвсдэг юм гэжээ. Бид Пёньяны онгоцны буудалд буунгуутаа л ямар хивс дэвссэн байна вэ? гээд харсан. Тэгээд тайвширцгаагаад алга ташицгааж билээ.
1987 онд ГЯЯ-ны сайд М.Дүгэрсүрэн Япон улсад албан ёсны айлчлал хийв. Тэрбээр Монгол Улсаас Япон улсад айлчилсан анхны ГЯЯ-ны сайд юм. Зураг дээр зүүн гар талаас аас Ч.Намчин, Ж.Энхсайхан, М.Дүгэрсүрэн, Б.Дашцэрэн. Баруун гар талаас хожмийн Элчин сайд С.Хүрэлбаатар.
Токио дахь Элчин сайдын яаманд
-Намайг 1987 онд Япон дахь Элчин сайдын яаманд нарийн бичгийн даргаар томилогдон очиход Элчин сайдаар Б.Дашцэрэн гуай ажиллаж байсан юм. Элчин сайд нь ГЯЯ-наас томилогддог, бусад хүмүүс нь бараг л бүгдээрээ НАХЯ-наас томилогддог үе байлаа шүү дээ. Миний аваачсан дипломат шуудангаар “Элчин сайдын эзгүйд нөхөр Ч.Намчин түр хамаарагчаар ажиллана” гээд ГЯЯ-ны сайдын тушаал хамт очжээ. Мэдээж “Нэг, хоёрдугаар нарийн бичгийн дарга байхад яахаараа гуравдугаар нарийн бичгийн дарга түр хамаардаг юм” гээд бага зэргийн асуудал босжээ. Манай Д.Ёндон сайдын дурсамж дээр энэ тухай байдаг юм. Манай яамныхан “Яагаад гэвэл Элчин сайд, түр хамаарагч манай хүн байх ёстой” гэж хариу өгсөн гэж. Элчин сайд Б.Дашцэрэн гуай ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлд сонгуульт ажилтай, тэр чиглэлээрээ хуралд их явна. Ялангуяа оны сүүлээр голдуу байхгүй ЮНЕСКО-гийнхоо хуралд явчихна, би тайлан, төлөвлөгөө гээд хамаг ажлыг шахаж хийлгэнэ. Элчин сайд ирээд сайн ажиллалаа гэнэ. Ажил тарангуут миний өрөөнд орж ирээд баахан ярьж сууна, хамт бильярд тоглоё гээд тоглоно. Заримдаа виски жаахан татчихаад өглөө болтол тоглоно шүү дээ. Өглөөгүүр дөнгөж нүдний хор гаргангуут ажлаа эхлэх тохиолдол хааяа гардаг л байв. Элчин сайдын яаманд ажиллах сайхан байсан. Манай Б.Дашцэрэн гуайн нэг сайн тал бол хүнийг “тэг, ингэ” гээд шаардаад байхгүй, хүнийг өөрөөр нь бие даалгаж ажиллуулдаг хүн. Намайг 1990 оны намар томилолтоо дуусгаад нутаг буцахаас өмнөхөн Д.Ёндон гуай Элчин сайдаар томилогдож очсон. Итгэмжлэх жуух бичгээ барьсных нь дараахан би нутаг буцсан даа.
Д.Ёндон сайд
-Д.Ёндон сайд бид хоёр тэр цаг үеэс хойш 25 жил гаруй сайхан нөхөрлөсөн, би тэр хүний өөрийнх нь хүүхэд шиг л байсан юм. Ер нь Д.Ёндон сайдад манай Гадаад яамныхан сайн. Хэнтэй ч ихэрхэж харьцдаггүй, зааж зөвлөөд өгдөг, асуудлаа мэддэг тийм хүн. Японы тал Д.Ёндон сайдын Итгэмжлэх жуух бичгийг маш богино хугацаанд хүлээж авсан. Үүнийг би манай хүнийг Японы тал ихэд хүндэлж, хоёр орны харилцааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй үүрэг гүйцэтгэж чадах хүн гэж найдлага тавьсны илрэл байсан гэж боддог. Манай хүн ч итгэлийг нь алдаагүй, Элчин сайдаар томилогдож очоод нэг жил ч болоогүй байхдаа Японы Ерөнхий сайд Т.Кайфу-г Монголд айлчлуулж байв. Энэ нь бараг л хөрөнгөт ертөнцийн орнуудаас Монголд хийсэн Ерөнхий сайдын хэмжээний анхны албан ёсны айлчлал байсан байх. Харамсалтай нь энэ мэт хоёр орны харилцаанд эерэг уур амьсгал авчрах олон ажлыг хийж болох байсан ч түүнийг ердөө хоёр жил Элчин сайдаар ажиллуулаад татчихсан. Яагаад гэвэл манай ардчиллынхан “Цэдэнбалыг тойрон хүрээлэгчид” гэж нэг юм гаргаж ирээд тэрэндээ хамааруулаад буцааж дуудсан юм.
Элчин сайд Д.Ёндон Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр. 1990 он.
Түүнийг гавьяаныхаа амралтад гараад 10 жил болсны дараа 2002 онд Японы эзэн хаан Акихито алт, мөнгөн од зэрэглэлийн “Мандах нар“ одонгоор шагнасан нь энэ хүний хоёр орны харилцаанд оруулсан хийгээд оруулах байсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж байсны бас нэг тод илрэл болов уу. Д.Ёндон сайдын талаар би “Миний мэдэх Д.Ёндон сайд” гээд томоохон дурсамж бичсэн нь ГХЯ-ны дэргэдэх Дипломатуудын клубээс эрхлэн гаргадаг “Алтан аргамж” цувралын 10, 11 дэх дугаарт хэвлэгдсэн. (Миний мэдэх Д.Ёндон сайд (montsame.mn) эндээс дурсамжийг уншина уу). Д.Ёндон сайд Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтооход бас их үүрэг гүйцэтгэсэн хүн шүү дээ. ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд байхдаа 1986 оны намар манай улсад сууж байсан Японы Элчин сайд Я.Ота-г нэг удаа Туулын шугуйд урьж, хоол өгөөд энэ талаар ярилцсан юм. Би ч тэнд хамт байсан. Гол нь дипломат харилцаа тогтоох гол санаачилгыг АНУ-ын тал гаргаж байгаа юм шиг харагдуулж, зуучилж өгөөч гэсэн хүсэлтийг Я.Ота Элчин сайдад тавьсан юм. Я.Ота Элчин сайд ч энэ талаар маш шуурхай ажиллаж, АНУ-ын талд ойлгуулсан байдаг. Д.Ёндон сайд амьд ахуйдаа бичиж хэвлүүлсэн “Үнэн учрийг өгүүлбээс” нэртэй дурсамжийн номдоо энэ талаар маш сайхан дэлгэрэнгй өгүүлсэн байна лээ.
“Киодо Цүүшин”-ий төлөөлөгч
-Намайг Японд байх хугацаанд Монголд ардчиллын зөөлөн дулаан салхи салхилж эхэлсэн билээ. Нөгөө Мосвад найтаахад л Монголд ханиад хүрнэ гээч нь болсон
доо. Би хувьдаа нас залуу байх үеэс тухайн үед манайхны ихэд хэрэглэдэг байсан хэллэг болох “төр засгийн буянаар” нэлээд хэдэн хөрөнгөтөн орноор яваад үзчихсэн, хөрөнгөт ертөнцийн хоёр дахь том гүрэн Японтой хувь заяагаа холбоод /анх сургуульд явахдаа Япон орны хэлийг сурч тэр оронтой хувь заягаа холбохоор шийдсэн цагаас тоолох юм бол 18 жил болчихсон/ байсан үе юм даа. Анхандаа ч Япон орны талаар ямар нэгэн эерүү ойлголт өгөх хүн байсангүй. Япон бол манай дайсан Халх голоор дайран орж ирж Монгол орныг маань эзлэн түрэмийлэх гэж байхад “орос ах” нар ирж биднийг аварсан гэдэг төсөллөөс цаашгүй. Намайг анх ОУХДС-д явдаг жилийн эхээр Япон улстай дипломат харилцаа тогтоох болж Москва хотноо манай элчин сайд Лувсанчүлтэм гуай гарын үсэг зурсан гэж сүүлд дуулсан юм. Надаас өмнө Баатарсүх, Хүрэлбатар гэсэн хоёр оюутныг Японоор мэргэшүүлэхээр сургасан байснаас үзвэл орон тухайн үедээ манай хоёр орны харилцаа хэзээ нэгэн цагт сайжирна гэж үзэж урьдаас ажиллах хүмүүсээ бэлдэж байсан байгаа юм. Баатарсүх нь биднийг суралцахаар очиход төгсөөд явчихсан, Хүрэлбаатар гуай 3 дугаар курст сурч байв. Одоогийн өндөрлөгөөс эргэн харахлаар бидний ахмад үе маань ямар их алсыг харсан холч ухаантай хүмүүс байсан юм бэ гэж бишрэх сэтгэл төрдөг шүү. Японд сурч, ажиллаж байсан хүний хувьд манайхны “Эхлээд социализм, дараагаар нь коммунизм байгуулна” гэдэг нэг л явуургүй болчихсон юм байна гэж бодогдож байсан үе л дээ. Гэхдээ тэрийгээ ил хэлэхгүй. Хэрэв тэр үед “Япон гэж ийм сайхан хөгжилтэй орон байна. Бидний хөгжлийн зам арай л биш юм” гэж дуугарсан бол хөрөнгөтний үзэл сурталд автсан нөхөр байна гээд хоолноосоо салах байсан биз ээ.
ГХЯ-нд 10 орчим жил ажиллахдаа ЭСЯ-дад жилийн эцсийн тайлангийн хариу гэж Зааварлах захидал гэж бичнэ. Бид хоорондоо зааварлах бус завааруулах захидал гэж ярьцгаадаг байв. Энэ завааруулах захидлаас гадна бид танилцуулах мэдээ гэж бичдэг байцгаав. Түүнийгээ даналзуулах мэдээ гэж өөр хоорондоо нэрлэнэ. Энэ нь тодорхой нэгэн сэдвээр бичсэн мэдээ. Төв Хороо, Засгийн газар, зарим яамдын сайд нар уншдаг байсан учир “Даналзуулах” гэсэн хэрэг. Ер нь ГХЯ-нд ажиллаж байхад манай ДТГ-уудаас сайн гэсэн үнэлгээ авдаггүй нэг салбар бол гадаад сурталчилгаа байсан юм. Токиод ЭСЯ-нд ажиллаж байхад ч надад энэ тохиолдсон. Тиймээс МОНГОЛ орон маань ардчиллын замаар хөгжих үүд хаалга нээгдсэнийг ашиглаж Японы хамгийн том мэдээллийн агентлаг Киодо Цүүшин”-ий салбарыг өөрийн оронд нээвэл Монгол орноо гадаад ертөнцөд таниулах сайхан боломж гэж үзэж нутаг буцахаас нэг жилийн өмнө амралтаараа нутагт ирэхдээ “Киодо Цуушин”-ий Оцука гэж сурвалжлагчийг дагуулан ирж МОНГОЛ орныхоо нөхцөл байдалтай танилцуулж байв. Оцука сан буцаж очоод Монгол оронд салбараа нээх эсэх талаарх саналаа удирдлагадаа танилцуулсан байж таарна. Би ээлжийн амралтаа дуусаад буцаж очоод Оцука сантай уулзсанд “Монголд явсан тайлангаа танилцуулсан. Манай удирдлага Монгол орон хойшид дэлхий нийтийн сонирхлыг татсан орон болно гэж дүгнэсэн” гэж байв. Тэгээд манай оронд танай агентлаг салбараа нээх нь үү гэсэн миний асуултад Оцука сан тэр тухай тодорхой шийд гараагүй. Үргэлжлүүлэн судлахаар болсон гэсэн хариу өгөв.
Тэр үед манай оронд ТАСС, СИНЬХУА хоёр л салбараа ажиллуулдаг байсан. Тиймээс өндөр хөгжилтэй, гуравдагч орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн салбар байгуулбал мэдээлэл үнэн бодитой түгээгдэхээс эхлээд олон талын ач холбогдолтой гэж харж байлаа. Ингээд 1990 онд Япон дахь томилолт дуусах үеэр энэ ажлаа хөөцөлдөж, ажил хэрэг болгохоор ажиллаж эхэлсэн юм. Үүнээс өмнөхөн 1989 онд шиг санагдаж байна, Монголоос МОНЦАМЭ агентлагийн дарга С.Баяр, Гадаад харилцааны хэлтсийн дарга, орчуулагч Д.Сүхжаргалмаа нар Японд очиж “Киодо Цүүшин” агентлагтай хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн байгуулаад буцсан юм. Элчин сайд Б.Дашцэрэнгээс үүрэг аваад энэ айлчлалыг би онгоцны буудалд буухаас нь эхлээд дагалдан ажиллаж, “Киодо” агентлагийн гадаад харилцаа хариуцсан дарга болон албаны бусад хүмүүстэй танилцаж, салбараа Монголд байгуулах асуудлыг хөндөж байсан нь их нэмэр болсон.
МОНЦАМЭ агентлагийн захирал С.Баяр, орчуулагч Д.Сүхжаргалмаа нар
Япон улсад ажиллах үеэр “Киодо Цүүшин” агентлагийнхантай хамт. 1989 онд
“Киодо Цуушин” агентлагийн Ерөнхий захирал нь тэр үед Инукай гэж настай хүн байв. Япон дахь томилолтоо дуусгаад буцахаасаа ердөө 2 хоногийн өмнө тэр захиралтай очиж уулзлаа. “Манайх танайд салбараа нээх шийдвэр гаргасан. Гэхдээ япон хэл сайн мэддэг төдийгүй асуудлаа сайн мэддэг хүн хэрэгтэй байна. Тийм хүн олдвол маргааш ч Монголд салбараа нээхэд бэлэн байна” гэж байна шүү. Тэгэхээр нь тоглоом шоглоомоор “Би ажиллаж болох уу?” гэсэн чинь “Үнэн үү? гээд нөгөө хүмүүс чинь нүд нь орой дээрээ гарч байгаа юм чинь. Би Монголдоо ирээд хэлтсийн дарга Т.Чимэддорж гуайдаа энэ асуудлаа танилцууллаа. “Японы мэдээллийн агентлаг “Киодо Цүүшин” гэж байдаг юм. Тэнд байхдаа би хөөцөлдөж байгаад Монголд салбарыг нь нээх асуудлыг шийдвэрлүүлчихлээ. Би төлөөлөгчөөр нь ажиллах бүрэн боломжтой” гэх мэтээр учир байдлаа хэллээ. Манай Т.Чимэддорж дарга миний хэлсэн саналыг сонсоод яамны сайд Ц.Гомбосүрэн дээр орж бас танилцуулсан байгаа юм. Тэгтэл Ц.Гомбосүрэн сайд дэмжээд “Ер нь наад нөхрийг чинь нэг хэсэг ажиллуулья л даа. Хөрөнгөтөн орны хэвлэл мэдээллийн байгууллага орж ирэх гэж байна. Бидэнд бас мэдээлэлд нь тодорхой хэмжээгээр хяналт тавих, юу явж байгааг нь мэдэж байх асуудал гарна. Эхний ээлжинд манай хүн тэнд чинь ажиллах нь зүйтэй юм биш үү” гээд гаргажээ. Ингээд л намайг ажиллуулахаар болсон доо. Тэр үед ГЯЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газрын захирлаар Дашдовдон гуай ажиллаж байв. Түүний тушаалаар би анх Японы мэдээллийн “Киодо цуушин” агентлагийн Монгол дахь салбарын даргын туслахаар томилогдсон юм. 1990 оны 10 дугаар сард болсон үйл явдал шүү. Тэр үеэс эхлээд би Монголоос “Киодо Цүүшин”-д мэдээгээ өгч эхэлсэн. Харин “Киодо Цүүшин” Монголд салбарын нээлтээ 1991 онд албан ёсоор хийсэн юм.
“Сансар” хороололд 3 өрөө байр түрээслээд ажлаа эхлэв
-Тэр үед гадаад орон руу мэдээ өгнө гэдэг чинь бас яггүй хэцүү ажил байлаа. Телетайпаар мэдээгээ явуулна. Авсан зургаа угаалгах гэхэд л зураг угаах газар олдохгүй шахам. Би “Сансар”-т 3 өрөө байр түрээслээд тэндээ гэрэл зураг угаах лаборатори байгуулаад л ажлаа эхэлсэн. Тэр үед Бээжин дэх товчооноос намайг хариуцна. Бээжин дэх сурвалжлагч маань надад гэрэл зураг яаж угаахыг зааж өгөх жишээтэй. Нэрт гэрэл зурагчин Ц.Батзориг агсан бас надад зааж өгнө. Манай хажууханд гэр нь байдаг, нэг аймаг гээд хоёулаа бас бусдаас арай дотно байсан юм. Тэр үед чинь Улаанбаатарт байсхийгээд л цахилгаан тасардаг байлаа шүү дээ. Угаасан зургаа дамжуулдаг аппараттай. Тэр аппаратныхаа эргэдэг дамарт зургаа тойруулж боогоод нөгөө зураг боосон дамраа эргүүлнэ. Тэгээд зураг явуулж байх үед цахилгаан тасарчихвал бүх ажлаа дахиад эхнээс нь эхлэх болно. Тиймээс ажлаа тасалдуулахгүйн тул “Ямаха”-гийн цахилгаан мотор хүртэл нөөц байдлаар олж авч байв. Японоос Монголд орж ирээд нэлээн удсан “Ямаха” компанийн ажилтан Какимото гуай бидний гачлант байдлыг мэдэж “Киодо Цүүшин”-ы салбар нээгдэж гэж сонсоод манайд ирж цахилгаан мотор бэлэглэсэн юм. Нөгөөхийг нь байрныхаа тагт дээр гаргаад тавьчихсан, шаардлага гарвал асаана, миний ажилд их хэрэг болсонсон.
Үе үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайд нартай ярилцаж “Киодо”-д гаргаж байлаа
-Намайг “Киодо”-гийн төлөөлөгч болж мэдээ дамжуулж эхэлсэн үе чинь Монголд нийгмийн шилжилт ид өрнөсөн, Улаанбаатарт өдөр болгон шахуу жагсаал цуглаан болдог, үйл явдал ихтэй, улс төр сонирхолтой тийм цаг байсан. Эхний үед бүх ажлаа өөрөө хийнэ. Үзгээ барьвал сурвалжлагч, аппарат зүүвэл зурагчин, төвөөс юм уу Бээжингээс сурвалжилга хийхээр хүмүүс ирвэл орчуулагч, жолоочоо ч хийнэ. Нэг кино дээр хэлдэг шиг “супер сурвалжлагч” явлаа шүү дээ. Маш их ачаалалтай ажиллана. Ажилтай бол өдөр шөнөгүй ажиллах хэрэг гарна. Онц мэдээлэлгүй бол хэдэн ч өдөр амарч болдог зарчимтай. Сүүлдээ харин гэрэл зургаа МОНЦАМЭ-гийн дэргэдэх Улсын гэрэл зургийн газрын Ц.Батзориг зэрэг хүнээс авдаг, өөрөө зөвхөн мэдээгээ л бэлтгэдэг болсон. Тухайн үед жагсаал цуглаан, баяр наадам, зочин төлөөлөгч, айлчлал гэх мэтээр Монголынхоо мэдээлж болох бүхнийг мэдээлж байлаа. П.Очирбат, Д.Бямбасүрэн, П.Жасрай, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, С.Баяр гээд үе үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайд нартай ярилцлага хийж “Киодо”-д гаргасан. Бас манайхнаас ярилцлага авахаар төвөөс юм уу Бээжингээс ирсэн “Киодо”-гийн сурвалжлагч, сэтгүүлчдэд ч зуучилж, орчуулагчаар нь олон удаа ажилласан даа. Өнгөрсөн хугацаанд миний сурвалжилж үзээгүй салбар гэж үгүй. Траншейны хүүхдүүдийн амьдралыг сурвалжлах ажлаар траншей дотор нөгөө хүүхдүүдтэй хамт хэдэн цагаар хүртэл байж үзэж байлаа.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын хамт. 1990-ээд он.
Зарим үед төвөөс бас тодорхой хэмжээний хийх ажлын чиглэл ч ирнэ. Манай дарга, сайд нар Японд их айлчилдаг. Айлчлалын өмнө би дандаа ярилцлага авдаг байсан. Айлчлалын зорилго юу вэ? Ямар асуудал тавьж, юу шийдүүлэх хүсэлттэй байгаа вэ гэх мэтээр ярилцаад “Киодо”-д тавьчихна. Тэндээс Японы тал харчихаад эд нар ийм юм ярих нь, үүнийгээ шийдүүлэх хүсэлттэй байгаа юм байна гээд нэг ёсондоо санаа сэдэл авдаг, тэр дагуу нь бэлтгэлээ хийдэг байсан юм билээ.
Мэдээ заавал үнэн байх зарчимтай 30 жил
-Анх ГХЯ-наас томилогдсон сурвалжлагч байснаа яваандаа тэр нь ч нэг их ач холбогдолтой биш болоод албан ёсоор “Киодо Цүүшин”-ий сурвалжлагч болоод 30 гаруй жил энэ агентлагтайгаа хувь заяагаа холбосон байна. Оросын нэрт дипломатч Анатолий Добрынин гэж байсан юм. АНУ-д их олон жил Элчин сайдаар суусан, 6 ерөнхийлөгчийн дэргэд 25 жил болсон гэдэг. Хэн ч халж сольж чаддаггүй, дээд зэргээр итгэмжлэгдсэн хүн гэгддэг. Энэ тухайгаа 1990-ээд оны дундуур өөрөө ном хүртэл бичсэн юм. Тэрэн шиг би “Киодо”-гийн хэчнээн ч ерөнхийлөгч, ерөнхий захирал, газар хэлтсийн даргыг элээв дээ. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэлх бүхий л дарга цэрэгтэй нь цуг ажилласан гэсэн үг шүү дээ. Энэ хугацаанд чинь маш олон хүн солигдоод, бас тэр хэмжээний хүмүүс шинээр ирсэн нь тодорхой.
“Киодо Цүүшин” бол Япондоо хамгийн том мэдээллийн агентлаг нь. Японы бараг бүх
сонин гишүүнчлэлтэй, эндээс мэдээгээ авдаг. Мэдээгээ япон хэлээр төдийгүй англи, хятад зэрэг олон хэлээр гаргадаг. Энэ утгаараа зөвхөн японоор тогтохгүй дэлхий дахинаараа мэдээг нь үздэг. Дэлхийн 50 гаруй орон, томоохон хотод төлөөлөгчийн газартай. Азийн цөөхөн оронд салбартайгийн нэг нь Монгол. “Киодо”-гийн ажиллах зарчим нь мэдээ заавал үнэн бодитой байх ёстой, тиймээс дахин дахин нягтлуулсны эцэст нийтэлдэг. Бас маш шуурхай ажиллах шаардлага тавина. Шинэ мэдээг бусад агентлагаас түрүүлж мэдээлэхийг эрмэлздэг. Мэдээ олоод баталгаажуулаад л явуулна. Жишээ нь, 1998 онд С.Зоригийг бусдын гарт амь насаа алдсан тэр өдрийн өглөө Японоос Монголд сууж байсан Элчин сайд Ш.Кубота гуай хар өглөөгүүр манай гэр рүү утасдаад “Ийм юм болсон шиг байна, Та сонсов уу?” гэж асууж байлаа. Би мэдээгүй байсан тул тэр дор нь лавлаж нягтлаад мэдээгээ явуулж байх жишээтэй. Сумо бөхийн аварга Харумофүжи бас нэг жаахан асуудал үүсгэчихээд Монголдоо ирэлгүй нэлээд хэдэн жил өнгөрч байв. Тэгсэн чинь нэг өдөр Харумофүжи Бямбадорж Монголд ирж байгаа сураг гарлаа шүү. Би ч сураг сонсонгуутаа нисэх буудал явж очоод буунгуут нь зургийг нь авч, уулзаж тодруулга аваад явуулж байгаа юм. Бэлтгэсэн мэдээллийн зөвхөн гол санааг авч, маш товчхон нийтэлдэг. Хаана, хэзээ, юу болов? Хэн юу хэлэв? Ямар учраас вэ? Мэдээгээ бэлтгэдэг зарчим нь ердөө л энэ. Би 30 гаруй жил ажиллахдаа энэ л зарчмыг баримталж, алдаа гаргалгүй ажилласан даа…”Киодо”-гийнхон маань намайг бүр “Такарамоно” гэдэг байв. Энэ нь үнэт эрдэнэ гэсэн үг юм.
Чой Лувсанжав абугайд шавь орж, монгол бичгээ ивээгч болов
-Намайг Токио дахь Элчин сайдын яаманд ажиллаж байхад Чой Лувсанжав гуай Токиогийн Гадаад хэлний дээд сургуульд зочин профессороор ажилласан юм. Хажуугаар нь манай Элчин сайдын яам дээр ирж монгол хэл, монгол бичгийн хичээл заадаг, манай гэрээр ч орж гарна. Тэгэхдээ л “Монгол бичгээ сурах хэрэгтэй шүү, сонин хэвлэлд энэ талаар та нар бичих хэрэгтэй” гээд ярина, санаа сэдэл өгнө. Миний аав ч бас яг ийм үг хэлдэг, цэрэгт 5 жил 6 сар алба хаахдаа худам монгол бичиг, кирил үсгээ аль алиныг нь сурсан, ирээд багийн даргаар ажилладаг, ажил төрлөө монгол бичгээр хөтөлдөг хүн байсан юм. Нас барахынхаа өмнө “Энэ монгол бичгээ устгаж байгаа явдал засаж болшгүй алдаа болно шүү. Монгол бичиг бол ямар ч лекц, хүний хэлсэн үгийг цэг таслал ч орхихгүйгээр алдаа мадаггүй шуурхай бичиж болдог сайхан бичиг шүү” гэж ярьдаг байв. Тиймээс монгол бичигтээ бас анхаарал хандуулж, Чой Лувсанжав багшид шавь орж, тодорхой хэмжээнд монгол бичиг заалган суралцсан юм. 1990 оны нийгмийн өөрчлөлтөөр монгол бичиг ч хуучин шигээ ад үзэгдэхээ больсон доо. Японоос Монголдоо ирээд Г.Луузан гуай зэрэг хүмүүстэй бас энэ талаар ярилцаж санаа нийлсэн. Тэгээд МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос санаачлан зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны анхны 3 нэрэмжит шагналтны нэг болж, өнөөдрийг хүртэл 7-8 жил нэрэмжит шагналаа монгол бичгээ сурч сурталчилж яваа хүүхэд залууст олгож байна. Хамгийн гол нь бидний үеийнхний монгол бичиг сурсан сураагүй хамаагүй, ирээдүй хойч үе минь монгол бичгээ мэддэг, хүндэлж дээдэлдэг байгаасай гэсэн чин сэтгэлээр энэ ажилд татагдан оролцсон юм. Манай Чой Лувсанжав багш монгол хэл бичгийнхээ төлөө нэгэн насны амьдралаа зориулсан, зааж сургаж, буруу байвал засаж залруулж явдаг хүн байсан. Манайд их ирдэг. Нэг ирэхэд нь манай эхнэр хоол унд хийж “Хоол идэцгээ” гэсэн чинь “Ид гэж хэлж болдоггүй юм шүү, миний хүү, Зоогло гэж хэлдэг юм. Хүн зооглодог, нохой иддэг юм” гэж байгаа юм. Түүнээс хойш манай эхнэр айгаад хажууд нь бараг дуугардаггүй болж билээ. Чой Лувсанжав багштай багш шавийн харилцаатай байсан маань ганцхан монгол бичгээс ч хамааралтай юм биш. Би өмнө нь их сургуулийн англи хэлний курст 3 жил суралцсан юм. Тэнд Чой Лувсанжав багш бас хичээл заадаг байв. Бид хоёрын нөхөрлөл тэндээс эхтэй юм.
Ч.Намчин “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шилдэг оролцогчид
нэрэмжит шагналаа гардуулж байгаа нь. 2019 он.
Орчуулга оролдож эхэлсэн минь
-Орчуулга оролдож эхэлсэн минь бас бяцхан түүхтэй. 2020 онд коронавирус гараад хөл хорио эхэлсэн. Зуслан дээрээ 4 дүгээр сард хийх юмгүй уйтгарлаж байтал Москвад байдаг Н.Дамдинжав шүлэг орчуулаад фэйсбүүктээ тавих юм. Бид найз нөхөд, төрөл садан хүмүүс л дээ. Зарим орчуулгыг нь бас шүүмжилмээр. Тэгээд л ер нь хүн шүүмжилж хэвтэж байхаар өөрөө орчуулж үзье гээд С.Есениний “Не приеду в отчий дом” буюу монголчилбол “Би гэртээ харихгүй” шүлгийг анх орчуулаад тавьсан чинь манай элчин сайд Г.Луузан, Ж.Ломбо, О.Энхтөр нар сайн болж гэж “цаасан малгай” өмсгөөд, ингээд урамшаад Сергей Есениний 4 шүлгийг орчуулсан. “Королова”-г “Хатан гоо бүсгүй”, “Зеленая прическа…”-г “Ногоон гэзэгт”, “Письмо к женщине”-г “Эмэгтэйд бичсэн захидал” гэх мэтээр… Л.Эрдэнэчулуун сайдтай нэг уулзаад орчуулгуудаа үзүүлсэн чинь “Эмэгтэйд бичсэн захидал”-ын орчуулгыг тун сайн болсон байна хэмээн үнэлж, чамд сайн орчуулга хийх ирээдүй байна шүү гэж байна. Намайг бодоход унаган орос хэлтэй хүн шүү дээ. 2021 оны намар Ерөнхий сайд асан С.Баяр нар Анна Ахматовагийн “Последний тост” шүлгийг хэн сайн орчуулах вэ? гэсэн уралдаан твиттэрээр зарлаад түүнд нь бас оролцлоо. Энэхүү уралдаанд 119 хүн оролцож би 2 дугаар байр эзлэв. Энэ шүлэг бол Монголд олон янзаар орчуулагдсан бүтээл. Манай Ц.Гомбосүрэн гуай, Д.Урианхай, Л.Дашням, М.Саранцэцэг гэх мэт хүмүүс орчуулсан. Ц.Гомбосүрэн гуай өөрөө над руу хандаад “Чамайг орчуулга хийж байна гэж сонслоо, “Последний тост”-ыг нэг орчуулаад сүүлчийн хувилбараар гаргаад ир” гэж байна. Ингээд “Цөхрөлийн хундага” гэж орчуулаад тэр уралдаанд 2 дугаар байр эзэлсэн юм.
Энэ хугацаанд А.С.Пушкины “Осень“, “Я помню чудное мгновенье…” “Любви все возрасты покорны”, ”Красавица перед зеркалом”, Р.Гамзатовын “Журавлы” гэх мэт шүлгүүдийг бас өөрийн хувилбараар орчууллаа. А.С.Пушкины “Евгений Онегин” шүлэглэсэн романы нэг хэсэг болох “Любви все возрасты покорны”-г нэрт яруу найрагч, орчуулагч Ч.Чимэд гуай орчуулж байсан юм билээ. Түүнчлэн Японы зарим яруу найрагчийн шүлгээс орчуулж байна. Энэ мэтээр сүүлийн жилүүдэд яруу найргийн орчуулга руу сонирхон орж байна. “Муу юманд ч сайн тал бий” гэж үг байдаг даа, дэлхий дахиныг хамарсан коронавирусээс үүдэлтэй хөл хорио ингэж намайг орчуулга руу татсан шүү. Орчуулгуудаа өөрийн фэйсбүүк болон www.baabar.mn цахим хуудсанд тавьж хүмүүст уншуулдаг болсон. Цаашид орчуулгуудаа эмхэтгээд ном ч гаргах санаа байна. Хажуугаар нь бас “Монгол адуу” зэрэг найраглал бичлээ.
Ч.Намчингийн орчуулгын бүтээлээс
А.С.ПУШКИН (Орос)
НАМАР
Дүнсгэр намрын
Дур булаам өнгө төрх
Үзсээр алсран одох чиний минь
Үлэмжийн гоо үзэсгэлэн
Үнэхээр гоё санагдах юм
Дагшин байгаль
Тансаг гоёлоо тайлахыг харах би дуртай
Алтран хүрэнтэх гоёлоо өмссөн ой хөвч
Сэвшээ салхинаа сэрчигнэх навчисын чимээ,
Сэтгэл сэргээм цэнгэг агаарт ч би дуртай
Атираатан нөмрөх мананд умбасан
Асар тэнгэрт ч би дуртай
Нарны ёлтоох туяанд ч
Намрын хяруу гялтганах эхний өдрүүдэд ч
Царгиа цагаан өвлийн
Цаанаас айсуй аашинд ч би дуртай
***
УУЛГА АЛДАМ МӨЧИЙГ САНАЖ БАЙНА
Үтэр зуурын үзэгдэл гэмээр
Үлэмж гоогийн туйл гэмээр
Урдаас чи минь хүрч ирсэн
Уулга алдам мөчийг санаж байна
Шүүрс алдан цөхөрч суусан
Шуугиант амьдралын түгшүүрт өдрүүдэд ч
Энхрий зөөлөн дуу чинь
Үргэлж чихнээ уянгалаж
Эелдэг ялдам дүр төрхөөрөө
Үргэлж зүүдэнд минь ирдэг байлаа
Он жилүүд улирсаар
Босогчдын ширүүн шуурга
Бодол мөрөөдлийг минь замхруулж,
Эелдэг зөөлөн дуу хоолой чинь ч
Энэ хорвоогийн сайхан бүхэн цогцолсон
Энхрий ялдам дүр төрх чинь ч мартагджээ
Алсын алсад, харанхуйн дунд
Аврал эрдэг бурхан ч үгүй
Арчиж орхидог нулимс ч үгүй
Амьдралыг жигүүрлэгч дурлал ч үгүй
Аливаад уриалагч урам зориг ч үгүй
Амьдрал минь аниргүйхэн үргэлжилсээр л
Гэнэт сэтгэлд минь гэрэл асч
Үтэр зуурын үзэгдэл гэмээр
Үлэмж гоогийн туйл гэмээр
Алдрайхан чи минь наддаа
Ахин хүрээд ирдэг юм санж
Амьдрал минь баяраар бялхаж
Аврал эрдэг бурхан минь ч амилав.
Арчиж хаядаг нулимс минь ч ундрав
Амьдралыг жигүүрлэгч дурлал минь ч сэргэв
***
СЕРГЕЙ ЕСЕНИН (Орос)
“НОГООН ГЭЗЭГТ…”
Цэмцийтэл самнасан ногоон гэзэгт
Цэвэрхэн онгон охин минь
Аяа
Саран авхай самтай
Зулзгана цагаан хус минь
Цөөрмийн ус руу юунд гөлөрөөв?
Саран авхай сам чамд
Салхи юу шивнэв?
Элс юу дуулгав?
Гэзгэн мөчрийг самнамаар бна уу?
Модод юу боддог бол?
Нууцаа надад хэлээч
Намар айсуйг шивнэх
Уйтгарт чимээнд чинь би дуртай
Зулзган хус надад ийн хариу өчив.
Аяа
Сониуч зантай найз минь,
Одод түгсэн шөнөөр
Малчин хүү энд ирж
Маш ихээр уйлан
Нүцгэн өвдгөөр минь тэвэрч
Сарны гэрэлд туяарах
Сайхан цэцэгсийн дунд
Саглагар модны навчис сэрчигнэх чимээнээр
Гүнээр санаа алдан
“Хонгор минь нүүдлийн тогорууд иртэл баяртай” гэж хэлсэн сэн
(С.А.Есениний “Ногоон гэзэгт” хэмээх шүлгийн товч тайлбар: Орос ардын аман зохиолд аливаа байгалийн биет болон биет бус үзэгдлийг бурханчлах, ид шидтэй гэж үзэж байсан нь Октябрийн хувьсгалаас өмнөх зохиол бүтээлд элбэг тохиолддог. Хус мод бол Оросын бэлгэ тэмдэг. Гоо сайхан, ариун дагшин, охид бүсгүйчүүлээ хус модтой зүйрлэдэг.
С.Есенин хөдөө төрж өссөн болохоор (А.И.Филатова-Цэдэнбала Есенинтэй нутаг нэгтэй. Рязань мужийнх. А.Филатовагийн дурсамжид, Л.И.Брежнев гуай надад Рязань мужийнх болохоор уулзахаараа С.Есениний шүлгүүдээс уншиж өгдөг байсан гэж өгүүлсэн байдаг юм) зохиол бүтээлд нь орос ардын аман зохиолд элбэг тохиолддог байгалийн биет зүйлсийг бурханчилж үзэх, хүн шиг үзэж харьцах, хүнийг байгалийн биетээр төлөөлүүлж юм уу, байгалийн биетийг хүнээр төлөөлүүлж бичиж байсан нь зохиол бүтээлд нь элбэг тохиолдог юм. Үүний нэг тод жишээ бол “Ногоон гэзэгт…” хэмээх шүлэг нь билээ. Энэ бол нэгэн цагт амраг сэтгэлийн холбоотой байсан Л.И.Кашина хэмээх бүсгүйд зориулж бичсэн шүлэг гэнэ лээ. Ногоон гэзэг гэдэг нь хус модны навчсийг хэлжээ. Энэ шүлгэнд гардаг “Лунный гребешок “буюу “Саран авхай сам” хэмээх үг нь хус модны навчсийн дундуур туссан сарны гэрлийг самны шүдтэй зүйрлэж хэлсэн байх жишээтэй)
***
А.А.АХМАТОВА (Орос)
ЦӨХӨРЛИЙН ХУНДАГА
Хоосортлоо цөлмүүлсэн оромж
Хорлонт амьдралынхаа төлөө
Хосоороо нэртэй ганцаардал
Хонгор чиний төлөө энэ хундагыг тогтооё
Эцэст нь
Чиний
Урвалтаар хуурсан уруул
Үхсэн юм шиг хүйтэн харц
Харгис балмад хорвоо
Хаяж одсон бурхны төлөө энэ хундагыг хөнтөрье
***
РАСУЛ ГАМЗАТОВ (Дагестан)
ТОГОРУУН ЦУВАА
Цуст дайны талбараас
Цуглаж ирээгүй цэрэг эрс
Эх газартаа эргэж нойрсолгүй
Цэн тогоруу болоод хэзээ ч юм
Цэнхэр тэнгэр лүү нисчихсэн юм уу
Тэр цагаас өдий болтол
Тэнгэрээр зэллэн өнгөрөх тоолондоо
Та бидэнд ганганасаар өнгөрдөг
Тийм болохоор л бид үргэлж
Тэнгэр лүү гунигтайя ширтэн
Таг дуугүй зогсдог ч юм уу
Өнөө үдэш
Хөрстийн дээгүүр хөврөх
Хүмүүн бидний жагсаал адил
Хэсэг тогоруун цуваа
Хөхөмдаг манан дундуур арай ядан
Хөөрөн нисэхийг харлаа
Тогоруун цуваа зэллэсээр л
Тоймгүй аянаа үргэлжлүүлсээр л
Хааяа хэн нэгнийг
Харин нэрээр нь дуудахыг сонсвол
Аль балрын цагаас Аваар хэл маань
Тогоруун дуутай тун адил байсных ч юм уу?
Эцэж цуцсан тогоруун цуваа
Энгүй тэнгэрт ниссээр л
Үүлэн дундуур ч ниснэ
Үдшийн цагаар ч ниснэ
Сүвээ сүвээгээ дэрлэн
Сүрэглэн нисэх тогоруун цуваанд
Өчүүхэн зай харагдана .
Тэр зайг би ч нөхөж мэднэ !
Хөх тэнгэрийн уудамд.
Хөхөмдөг манан дундуур
Хөөрөн нисэх тогоруун цуваанд
Хөг нийлүүлэх цаг надад ч ирнэ
Харин би тэгээд
Хан тэнгэрийн уудмаас
Ханьсаж явсан та нартаа
Тогоруу адил ганганасаар өнгөрнө дөө
***
МИЯЗАВА КЭНЖИ (Япон)
БОРООНД Ч АЖРАХГҮЙ
Бороонд ч ажрахгүй
Салхинд ч ажрахгүй
Цасанд ч, зуны халуунд ч өвдөг сөхөрдөггүй
Өлчир чийрэг биетэй
Өчүүхэн ч шуналын сэтгэлгүй
Ямар ч уур уцааргүй
Ямагт намуухан инээмсэглэж суудаг
Хоногт дөрвөн го* цайруулаагүй тутрага, мисо шөл, ялихгүй жаахан ногоогоор хооллож
Ямагт өөрийгөө үл тоомсорлодог
Аливаа юмыг сайн үзэж, сайн сонсож, сайн ойлголог
Тэгээд мартдаггүй
Өвст талын нарсан ойн сүүдэрт
Сүрлэн дээвэртэй өмгөр сууцанд амьдарч
Зүүн зүгт өвдөж зовсон хүүхэд байвал
Очиж өргөж тойлж асардаг
Баруун зүгт туйлдаж ядарсан эх хүн байвал
Очиж тутаргыг нь үүрээд өгчихдөг
Өмнө зүгт амьсгал хураах нь гарцаагүй хүн байвал
Очиж айх хэрэггүй гээд санааг нь амраадаг
Умар зүгт хэрүүл гарвал “дэмий больцгоо” гээд эвлэрүүлдэг
Гантай зун болвол уйлж суудаг
Сэрүүн зун болвол
Яахаа ч мэдэхгүй мэгдэн цааш нааш нь хөлхдөг.
Хүмүүс шавар онгон гэж дууддаг
Магтуулах ч үгүй
Мөрөөрөө гэлдэрч явдаг
Тийм л хүн би болмоор байна.
***
ХЭРЭЭНИЙ ДАЛАН АЯГЛАЛ
Тутаргын цастай талбайн зөрөгөөр уван цуван алхацгаах хэрээнүүд байхад
Цасанд хучигдсан тутаргын талбайд ирснээ
Бүх биеээрээ эвхрэлдэн байж
Байдаг чадлаараа бархиран гуаглах хэрээ ч байх юм
Тутарганы цастай талбайд
Тонгойж байгаад цас шомбоддог хэрээ ч байна
Хэрээ,
Тутарганы цастай талбайд ирснээ
Толгой хүзүүгээ сунгаж байгаад
Эргэн тойрноо ажиглана
Хэрээ,
Тутарганы талбайн цасан дээгүүр
Тэнтэр тунтар алхаж үзнэ
Хэрээ,
Тутарганы цастай талбайгаар баахан алхаснаа цас идэж үзнэ
Хэрээ,
Тариан талбайн цасан дээр гараад
Амаа ангайн зогсож ч үзнэ
Хэрээ
Тариан талбайн цас руу хушуугаа шургуулж нам тайван зогсож ч үзнэ
Цасанд дарагдсан талбайн хуурай шавар дээрээс ухасхийн нисдэг хэрээ ч байна
Тутаргын цастай талбайгаас
Тайван аажуу нисдэг хэрээ ч байна
Харин зарим хэрээ нь цастай талбайгаас уван цуван баруун зүг рүү ниснэ
Зарим хэрээ
Цастай талбайд үлдэж хоцроод
Улаан нүцгэн хөлөөрөө
Урагш хойш нь самардана
Баруун зүг рүү ниссэн хэрээнүүдийн
Байгаа байдал нь яг л гүнжидүүд
***
МОНГОЛ АДУУ
(Найраглалаас)
…Алаг дэлхийн бөөрөн дээр
Адуунаас ухаантай амьтан хаа байна
Түмэн бээрийн газраас ч
Төрсөн нутгаа олж ирдэг нь
Аргамаг сайн хүлэг морь
Алсад буй нутгаа зорихдоо
Асар тэнгэрийн одоор баримжаалдаг тухай
Ардын дунд яригдсаар ирснийг
Азийн цээжин дэх эх нутагаасаа
Ачааны вагонд чихүүлж
Ази тивийн хөлд орших
Вьетнамд хүртэл ачигдахдаа
Хаа нэгэн газар аваачиж
Хоолны хачир хийх нь гэж
Хар зөн совингоороо мэдэрсэн
Хээр азарга
Хэзээ нэгэн цагт хаа нэгэн газар
Хөлөөрөө хөрстийн дээр гишгэх боломж олдвол
Хамаг хүчээ шавхан зугатахаар
Олон хоног унтах нойр, идэх хоолоо умартан
Ачигдаж яваа вагоны
Амсар нээгдэх мөчийг
Анаж явсан гэдэг
Ачааны галт тэрэг
Зорьсон газраа хүрч
Зогсоолдоо зогсох үед
Аргамаг сайн хүлэг
Алсын аянд гарахын өмнө
Ходоод гэдсээ хөнгөлдөгийг ч
Хээр азарга мартсангүй
Ачааны вагоны хаалга нээгдэж
Ачигдсан адууг буулгах үед
Ижил сүргийнхээ дунд
Ихэмсэг хээр азарга
Зугатах газраа товлон
Зэрвэс харж амжив гэнэ
Азаар аргамж, уурга биш
Алд хэрээний олс, мод барьцгаасан
Хэл ам нь мэдэгдэхгүй
Хэсэг хүмүүс угтав гэнэ
Холгүйхэн орших байшин руу
Хөөн тууж оруулах замаас
Зөнч хээр азарга
Зөрүүд зан гаргаж
Товлосон газраа зүглэн
Тууж яваа хүмүүсийн
Толгой дээгүүр харайх шахам
Огцом дайрахыг харсан
Олон хүн орилолдон
Дэл сүүл нь дэрэвсэн
Дэндүү сүртэй азарганаас
Айж балмагдсан хүмүүс
Зүг зүг рүү зугатаан
Зай тавьж өгөв
Хээр азарганы хойноос
Хэн ч элдэж хөөсөнгүй
Хэсэг хугацаа өнгөрөхөд
Арай алсад харагдах
Армаг тармаг модонд хүрч
Сүүдэрт нь хэсэг амарч
Өлбөрч үхэхээс наахна
Өлсөж цангасан азарга
Өвс идэж, ус ууж
Олон хоног ачигдаж явсан
Хөлийн чилээг гаргаж өнжив
Алтан нар жаргаж
Амьтан хүн унтан
Ажин түжин болохуй дор
Хан тэнгэрт саран авхай хөвж
Хажуугаар нь гялалзах од мичидээр
Төрсөн нутгийнхаа орших зүгийг мэдсэн
Зөрүүд ааш нь дэндсэн
Зөнч хээр азарга
Агь ганга үнэртсэн
Атар хээр нутгаа зорин
Алсын аянд гарсан байна
Тураг шувуу нисэж үл хүрэм
Туурт хүлэг явж үл барам
Хүний газар, гүний нутгаас
Нутгаа зорин хөдөлснөөс хойш
Мянган уул толгодыг давж
Түмэн гол горхийг гаталж явахдаа
Тариачин эрчүүлд баригдаж
Тутарга, ногооны талбайд анжис чирч зүтгэсээр
Арьс яс болтлоо турсан азаргыг
Анжис зүүн зүтгүүлэх нь
Алж идсэнээс ашигтай байсан болохоор
Амь мултарч байв гэнэ
Зөнч хээр азарга
Номхон дөлгөөн далайн хойд эргээс
Түмэн газрын цагаан хэрэм хүртэл
Шоргоолж адил чихэлдэн амьдрах
Тутаргачид, ногоочдын
Тариан талбайд өдөр нь анжис чирч зүтгэсээр
Тушаа,чөдөргүй хоносон шөнөөр
Төрсөн нутаг руугаа өртөө бээрээр дөхсөөр
Бүтэн хоёр жилийг ардаа хийсний эцэст
Тэнцэж боссон унаган нутагтаа
Тэнгэрлэг азарга хөл тавьсан байна…