13 настай хүүхэд хүчиндэж, 14 настай хүүхэд садар самуунд уруу татсан этгээд баригджээ
Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 34.690, мөрдөн байцаалтын 2.692 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 505 хэргийг хүргүүлсэн.
Тухайлбал, С.Д гэх хүн 2023 оны 12 дугаар сард насанд хүрээгүй буюу 14 настай А.А-гийн фэйсбүүк хаяг руу зурвас бичин харилцаж, улмаар бэлэг эрхтнийхээ зургийг үзүүлж, нүцгэн зураг, бичлэгээ явуулахыг шаарджээ.
Түүгээр ч зогссонгүй, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон байна. Хүүхдэд садар самуун сурталчилж, уруу татсан түүнд цагдаагийн байгууллага энэ оны 7 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, шалгажээ.
Тэр 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GS-25” сүлжээ дэлгүүрийн гадна тээврийн хэрэгсэл дотор насанд хүрээгүй буюу 13 настай Ө.М-г биеэ хамгаалах чадваргүй болон уг үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүйг далимдуулан, хүчиндсэн байна. Түүний энэ хэрэгт цагдаагийн байгууллага 7 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгажээ.
Түүний дээрх хоёр хэргийг нэгтгэхээр 7 сарын 29-нд саналаа Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хүргүүлжээ.