Нийслэлийн ногоон бүсэд тулгамдаж буй байгаль орчны асуудал хийгээд гарц шийдлийн талаар хэлэлцлээ

0

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр нийслэлийн харьяа болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, түүний харьяа агентлагийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй байгаль орчны асуудал болон шийдлийн талаар хэлэлцсэн юм.

Тодруулбал, Туул гол түүний цутгал голуудын усны түвшин, ус хуримтлуулах төслүүдийн явц, хөрсний бохирдол, ногоон бүсийн ашиглалт хамгаалалт, зэрлэгшсэн нохой, муур, ногоон бүсийн зэрлэг амьтны хамгаалалт, хог хаягдлын менежмент, ногоон шилжилт буюу гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний болон ус хуримтлуулах төслүүдэд татан оролцуулахад ногоон санхүүжилт, зээл тусламжийн ямар боломж байгаа эсэх зэрэг олон талт асуудлуудын талаар санал солилцов.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга “Уулзалтын үр дүнд Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцүүлэн нийслэлд шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудад аль болох шуурхай үнэлэлт дүгнэлт гаргахаар болов. Мөн зарим талаар төсөл хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдаг ойжуулалт, ногоон байгууламж, усны үнэлгээ, төлбөртэй холбоотой зардлуудыг шинэчлэх шаардлагатайг хэлэлцлээ. Түүнчлэн эрсдэлийн менежментийн хувьд үер, усны аюултай холбоотойгоор Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргадаг мэдээллийн давтамжийг хугацаа алдахгүйгээр явуулах ажлын хүрээд Туул голын дээд их бие дээр автоматжуулсан усны тоолуур, түвшин хэмжигч суурилуулах талаар ярилцлаа” гэсэн юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр “Цаг хугацааны хувьд шуурхай арга хэмжээ авах шаардлагатай асуудлуудыг эрэмбэлэн, үе шаттайгаар шийдвэрлэнэ. Эхний ээлжид үер, хөрс, ойн хээрийн түймэр, байгалийн голомтод халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, ногоон шилжилт, санхүүжилтийн асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэхээр боллоо” хэмээв.

Уулзалтын төгсгөлд төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр санал нэгдсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *