2023.03.24 17:33
Шүүхийн цахимжуулалтын өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, Европын холбооны гишүүн болон бусад улсуудын туршлагатай танилцах зорилготой “Монгол Улсын шүүхийн цахимжуулалт” зөвлөгөөн 2023 оны 3 дугаар сарын 23, 24-ний өдөр болж өндөрлөлөө.
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт зөвлөгөөнийг хааж хэлсэн үгэндээ “Шүүхийн цахимжуулалтыг хийхдээ үйлчлүүлэгч, хэргийн оролцогчдын эрхийг мэдэрч, хангах ёстой. Шүүн таслах ажиллагаанд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах нь Улсын дээд шүүхийн үүрэг. Цахимжуулалтад ч энэ чиг үүргийнхээ хүрээнд, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх процессын хуулиудын хэрэглээг тогтоох, тайлбарлах аргаар, мөн энэ чиглэлд гүйцэтгэх эрх мэдлээс санаачлан, хууль тогтоох байгууллагаас батлах өөрчлөлт шинэчлэлд санал өгөх замаар байр сууриа тодорхойлно” гээд Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз болон Монгол Улсад ажиллаж байгаа зөвлөхүүдэд талархал илэрхийлэв.
Зөвлөгөөний эхний өдөр цахимаар шүүхэд хандах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах, оролцогчид зайнаас мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх талаар Итали, Австри, Эстони болон Европын холбооны улсуудын туршлага, холбогдох судалгаатай танилцсан. Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх цахимжуулалт болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Шүүхийн цахимжуулалтын нэгдсэн бодлого”-ын талаар хэлэлцсэн юм. Европын холбооны зөвлөхүүд Монгол Улсын шүүх бүртгэлээ цахимжуулсан ч цаасан баримтыг давхардуулан ашиглаж байгааг ажигласнаа дурдаад цахим системд хадгалсан баримтаа эх хувьд тооцох боломжийг бүрдүүлэхийг зөвлөсөн. Засгийн газраас бодлого хэрэгжүүлж, холбогдох хуульд тусгаж эхэлсэн, шүүх бүртгэлийн системээ цахимд шилжүүлэх эхлэлээ тавьснаар бүрэн цахимжуулах суурь бүрдсэн гэдгийг энэ үеэр онцолж байсан юм.
Цахимжуулалтын хууль эрх зүйн үндэс, санхүүжилт болон олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд гүйцэтгэх үүргийн талаарх илтгэл, хэлэлцүүлгээр зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилсэн. Австри улсын Вена хот дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Гернот Пош, Итали улсын шүүгч асан, Шүүхийн үр нөлөөт байдлын төлөөх Европын комиссын зөвлөлийн Кибер шүүх ажлын хэсгийн ерөнхийлөгч Мария Жулиана Сивинини нар шүүхийн тогтолцоонд хиймэл оюун ухааныг ашиглах Европын шүүхүүдийн сайн туршлага, хууль эрх зүйн орчны талаар танилцууллаа. Шүүхэд хэрэг хуваарилах, оролцогчид хавтаст хэргээс өөрт шаардлагатай баримтыг татаж ашиглахад хиймэл оюун ухааныг ашигладаг бөгөөд хүний эрхийг хангах үүднээс цөөнгүй зөвлөмж мөрддөгийг илтгэгчид хэлж байв. Шүүхийн шийдвэрийг нийтэд нээлттэй хэлбэрээр байршуулахдаа хувь хүний мэдээллийг автоматаар нууцлах систем ашигладаг бөгөөд тухайн шийдвэртэй холбоотой хууль, төсөөтэй шийдвэр зэрэг мэдээллийг хайхад хялбар байдлаар хавсаргадаг нь үйлчлүүлэгчид хялбар шийдэл болдог байна.
Шүүхийг цахимжуулахад шийдвэр гаргагчдын эрх зүйн болон санхүүгийн дэмжлэг, шаардлага хангасан техник, систем, хамгаалалт, хүний нөөц шаардлагатай бөгөөд үйлчлүүлэгчдийн болгоомжлол, хууль, аюулгүй байдлын хамгаалалт зэрэг сорилт тулгарч байсныг илтгэгчид дурдсан юм. Австри улсын дүүргийн болон бүс нутгийн шүүхийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 89 хувь цахим хэлбэрээр явагддаг талаар танилцуулж, цахимжуулалтыг сайжруулснаар шүүхээр үйлчлүүлэхэд хялбар болохоос гадна шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажлын ачаалал буурах ач холбогдолтойг онцоллоо. Шүүхийг цахимжуулахад дэвшилтэт технологи, систем, программыг ашиглаж салбартаа хувьсгал хийхдээ хүний эрхийг хангах шаардлагатай. Ингэхдээ шүүхийн ил тод байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг богиносгох, шүүгч, ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг сайжруулах зорилт тавьж ажиллахыг зөвлөсөн юм.
Эстони улсын Хууль зүйн яамны зөвлөх Маргит Лаури тус улсын шүүх голдуу олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргийн тухайд шууд дамжуулалтыг ашигладаг, шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны товыг Үндэсний хэмжээний хэвлэлд нийтэлдэг талаар дурдаад “Цаасгүй шүүх” зорилтыг хэрэгжүүлсэн сайн туршлагаа хуваалцлаа. Хэргийн хөдөлгөөний удирдлагын нэгдсэн систем, шүүхийн болон нийтэд зориулсан цахим файл, бүртгэл, төлбөрийн бүрэн цахим системийг хэрэгжүүлснээр иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, үйлчлүүлэгчид шүүхэд хандах болон шүүхээс баримт бичиг хүргэх үйл ажиллагаа цахимжсан талаар танилцуулсан юм. Шүүхийн шийдвэрийг нийтэд нээлттэй болгоход хиймэл оюун ухааныг ашиглах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулахаар ажиллаж байгаагаа мөн дурдлаа. Олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд нээлттэй, ил тод, шуурхай, чирэгдэлгүй цахим үйлчилгээ голлох үүрэгтэйг тэрбээр онцолж байв.
Зөвлөхүүд шүүхийг цахимжуулах бодлогыг хэрэгжүүлэхэд төсөв болон технологи, хүний нөөцийг бүрдүүлэх талаар улсынхаа туршлагаас хуваалцаж, оролцогчдын асуултад хариулсан юм. Эстони улсын тухайд шүүхэд ашигладаг техник хангамж, түүний санхүүжилт, хөгжүүлэлт, засвар үйлчилгээг Засгийн газар, харьяа яам бүрэн хариуцдаг байна. Цахимжуулалтыг хариуцах байгууллагыг тодорхой болгож, хөрөнгө оруулалтыг төлөвлөхдөө ирээдүйд зардал хэмнэх ач холбогдолтойг шийдвэр гаргагч болон олон нийтэд ойлгуулах, ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг жил тутам төлөвлөх шаардлагатайг онцолсон.
Монголын шүүх, хуулийн байгууллагуудыг цахимжуулах мэдээллийн технологийн өнөөгийн нөхцөл, хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн талаарх илтгэл, хэлэлцүүлгээр зөвлөгөөн үргэлжилсэн юм. Тухайлбал, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар төрийн байгууллагуудын цахимжуулалтын өнөөгийн байдал, эрх зүйн орчин болон цаашдын бодлогыг танилцууллаа. Бүх шатны төрийн байгууллагыг холбох дундын үүлэн шийдлийг нэвтрүүлж, тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчлэх бодлоготой ажиллаж байгааг тэрбээр илтгэлдээ онцолсон юм. Шүүхийн цахим тогтолцоо нь харилцан уялдаатай, нэгдсэн бодлого төлөвлөлттэй, системийн хэвийн ажиллагаа, хөгжүүлэлтийг тасралтгүй гүйцэтгэх нэгжтэй болж, салбар хоорондын уялдааг хангах, архитекур төлөвлөлт, технологийн шийдлүүд гаргахыг мөн зөвлөлөө.
Шүүхийг цахимжуулахад санхүүжилтийн механизмыг шинэчлэх зайлшгүй шаардлагатайг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг илтгэлдээ тэмдэглэв. Сүүлийн арван жилд шүүхийн ачаалал тогтмол өсөж байгаа ч улсын төсөвт эзлэх шүүхийн төсөв жил тутам буурсан үзүүлэлттэй байгааг дурдаад шүүхийн үйлчилгээг сайжруулахад бодит санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай байгааг тоо баримтад тулгуурлан онцоллоо. Тухайлбал, Монгол Улсад 2020 оны байдлаар нэг хүнд ногдох шүүхийн төсөв 4.7 евро байсан бол Европын холбооны улсуудад дунджаар 78.09 евро, Казакстанд 10.04 евро байдаг аж. Шүүх дэх цаасан суурьтай хавтаст хэргийг цахимд шилжүүлснээр шүүхийн урсгал зардал хэмнэгдэхээс гадна үйлчлүүлэгчээс гарах зардал ч багасна. Үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд шүүхэд цахимжуулалтыг бүрэн нэвтрүүлэх нь бодит шаардлага тул хөрөнгийн болон урсгал зардлын санхүүжилтийн тогтолцоог үр нөлөөтэй болгож, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтыг нэвтрүүлэхийн үр нөлөөг онцлов.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн сахилгын хорооны Тамгын газрын дарга Д.Мөнхзориг, Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын ахлах зөвлөх Т.Батсүх нар “Шүүхийн цахимжуулалтад хөрөнгө босгох ба санхүүжүүлэх” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчид байр сууриа илэрхийлсэн юм. Гүйцэтгэлээр санхүүжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийн талаар Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын ахлах зөвлөх Т.Батсүх “Төсвийн шинэчлэл хийхийн тулд асуудлыг тодорхойлох, үр ашигтай зохион байгуулах боломжийг тооцоолж, цахимжуулснаар хүрэх түвшинг нарийвчилж хэмжих шаардлагатай” гээд шүүхийн салбарын санаачилга чухлыг зөвлөсөн юм. Шүүхийн үйлчилгээг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд мэдээллийн технологи, хиймэл оюун ухааныг үе шаттайгаар ашиглах зорилт тавин ажиллаж буй талаар Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр мэдээлээд техникийн шинэчлэлийг тодорхой түвшинд хийж байгааг танилцуулав.
Европын комиссын техникийн туслалцаа, мэдээлэл солилцох хөтөлбөр (TAIEX)-ийн хүрээнд зохион байгуулсан шүүхийг цахимжуулах сэдвийн хүрээнд өрнөсөн зөвлөгөөнд Монгол Улсын дээд шүүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, анхан болон давж заалдах шатны шүүхийн төлөөлөл, хуульч, судлаачид болон Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, Европын холбооны гишүүн улсуудын шүүгч, мэргэжилтнүүд оролцлоо.
Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз цахим хувьсгалыг эхлүүлж, даван туулж буй туршлагатай танилцаж байгаагийн ач холбогдлыг зөвлөгөөний төгсгөлд онцлоод цахимжуулалтад шүүх эрх мэдлийн салбар, Засгийн газар идэвхтэй оролцож, цогц байдлаар хэрэгжүүлэхийг хүслээ. Цахимжуулалтын бодлогод Европын холбоо цаашид ч хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээ мөн илэрхийлсэн юм.