Монгол хэл, бичгийн дахин шалгалтын бүртгэл маргааш дуусна
Монгол хэл, бичгийн дахин шалгалтын бүртгэл /2024.07.29/-нд эхэлсэн. Бүртгэл www.eec.mn цахим хуудсаар 2024 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох “Монгол хэл, бичгийн шалгалт” 2024 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 10:00-11:40 цагт зохион байгуулагдсан. Тус шалгалтын дүн 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд гарч Боловсролын үнэлгээний төвийн цахим системд байршсан ч, зарим сурагчдын зүгээс шалгалтын дүнд санал нийлэхгүй гэх асуудал үүссэн.
Боловсролын үнэлгээний төвийн мэдээлснээр 5300 гаруй сурагч “Монгол хэл, бичгийн шалгалт”-нд тэнцээгүй бөгөөд шалгалтын дүнгээ шалгуулах, дахин шалгалт өгөх хүсэлтээ өгөхөөр Боловсролын үнэлгээний төвийн байранд дугаарлаж байсан билээ.
Боловсролын үнэлгээний төвийн, элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалаас тодруулснаар “Энэ удаагийн “Монгол хэл, бичгийн шалгалт”-нд нийт шалгуулагчдын 16.2 хувь буюу 5389 сурагч босго оноогоо хангаж чадаагүй. Бүх сурагч дахин шалгалтад орох байх гэж бодож байна. Сурагчдын хувьд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн ч шалгалтдаа ирдэггүй тохиолдол их байдаг учир сурагчид заавал өөрсдөө бүртгүүлэх шаардлага тулгардаг” гэв.
Эдгээр хүүхдүүд наймдугаар сарын 17-нд дахин шалгалтад хамрагдах юм.