Ким Жэ Үн: Монголд хими цэвэрлэгээний салбарынхан өөрсдийн ур чадвар, технологийг хөгжүүлж чадвал олон боломжууд хүлээж байна

0

Монгол орны цаг уурын нөхцөл байдал, амьдарч буй орчин, амьдралын цаг завгүй хэмнэлээс шалтгаалан иргэдийн өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчилсөн шинэ технологиуд нэвтэрсээр байна. Үүний нэг нь хими цэвэрлэгээ. Тэр дундаа 2010 оноос нийгэмд чиглэсэн үйлдвэр, үйлчилгээ явуулж буй “Гүүдшэйринг” компани 2015 оноос “Гүүдклининг” хими цэвэрлэгээний газрыг ажиллуулах болсон билээ. Боломжит үнийн тарифаар Улаанбаатар хотын нийт иргэдэд хүрч ажиллах зорилготой ажилладаг тус хамт олон саяхан үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн сацуу ажилчдын ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд БНСУ-ын мэргэжилтэн Ким Жэ Үн багшийн 25 хоногийн сургалтыг амжилттай авч өндөрлөжээ. Ким Жэ Үн нь хими цэвэрлэгээний үйлчилгээгээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх болсон БНСУ-ын эл салбарт 50 гаруй жил тасралтгүй ажиллаж яваа нэгэн юм. Тэрбээр одоогоор тус улсад өндөр зэрэглэлийн хувцас цэвэрлэдэг төвийг ажиллуулдаг байна. Тэгвэл хувцас арчилгаа, хими цэвэрлэгээ, шинэ технологиудын талаар “Goodcleaning” хими цэвэрлэгээний газрын зөвлөх Ким Жэ Үнтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Ким Жэ Үн гэдэг. Би 2000 оноос эхлэн 2021 он хүртэл БНСУ-ын “Хими цэвэрлэгээ эрхлэгчдийн төв холбоо”-ны сургалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Одоогоор Инчон хотод брэнд хувцас цэвэрлэгээний газрыг эхнэрийн хамт ажиллуулж байна.

-Хими цэвэрлэгээний салбарт хэдэн оноос хойш ажиллаж байна вэ. Голчлон ямар хувцас эдлэлийг гардан цэвэрлэдэг вэ?

-Хими цэвэрлэгээний салбарт хөл тавьсан үе маань 1972 он бөгөөд тасралтгүй 10 жилийн турш дагалдангаар суралцаж 1983 оноос эхлэн бие даан ажиллаж эхэлсэн. Өнөөг хүртэл нийт 50 гаруй жил эргэлт буцалтгүйгээр зөвхөн энэ салбартаа ажиллаж байна. Миний хувьд зөвхөн даавуун эдлэлээр хязгаарлагдахгүй булга, арьс, үслэг эдлэл мөн цүнх гутал, малгай гэх мэт хүний эдэлж хэрэглэдэг бүх төрлийн хувцас эдлэлийг цэвэрлэдэг. Мөн цаашлаад айл гэрийн интерьер дизайнтай холбогдон хөшиг, хивс, буйдан гэх мэт бүхнийг цэвэрлэж байна.

-Солонгос улсын хувьд хими цэвэрлэгээний газрын эрэлт хэрэгцээ хэр их байдаг вэ. Солонгосын иргэд хэр үйлчлүүлдэг вэ?

-1980-1990 онуудад 48сая хүн амтай манай улсад 32 мянган хими цэвэрлэгээний газар үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Тэгэхээр 1200 хүн тутамд нэг хими цэвэрлэгээний газар үйлчилдэг байсан гэж үзэж болно. Харин одоо цаг үе өөрчлөгдөж айл өрх бүрт угаалгын машин, хатаалгын машин байдаг болсноор хими цэвэрлэгээний газруудын тоо тодорхой хэмжээгээр цөөрч байна. Одоогийн байдлаар БНСУ нийт 51 сая хүн амтай 23 мянган хими цэвэрлэгээний газар үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөө цагт залуу гэр бүлүүд завгүй ажил хөдөлмөр эрхэлдэг болсноор хими цэвэрлэгээ, угаалгын газрын эрэлт хэрэгцээ байсаар байна.

Гэсэн хэдий ч сүүлийн үед брэнд зэрэглэлийн хувцас эдэлж хэрэглэдэг болсноор хими цэвэрлэгээний газрууд тэр хэрээр илүү чадавхжиж мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлж чадахгүй байх тохиолдолд үйл ажиллагаагаа явуулахад нэн хүндрэлтэй болсон. Ингээд бодохоор 2300 хүнд нэг хими цэвэрлэгээний газар ногдож байна гэж тооцож болох хэдий ч энгийн түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг Laundry, угаалга гэх үйлчилгээ бий. Энэ нь түргэн шуурхай, хямд үнийн бодлоготой харин онцгой ур чадвар, технологи шаардахгүй юм.

-Хими цэвэрлэгээ гэдэг ойлголтыг та энгийнээр тайлбарлаж өгөөч?

-Хуурай хими цэвэрлэгээ гэдэг бол угаалгаас тэс өөр ойлголт биш юм аа. Газрын тосны түүхий эдээс гаргаж авсан сольвент гэх тосоор хувцас эдлэлийн шинж чанарт өөрчлөлт оруулахгүйгээр цэвэрлэх процессыг Dry cleaning буюу хуурай цэвэрлэгээ гэж нэрлэдэг. Гадны тоос шороо бохирдол, хүний биеэс гадагшлах хөлс зэрэг нь тосонд хайлдаг учраас мөн бид ердийн амьдралынхаа туршид хоол хүнсээ бэлтгэхдээ тос их ашигладаг. Тухайн тосноос үүдэлтэй бохирдлыг тосонд хайлдаг хуурай цэвэрлэгээгээр /хими цэвэрлэгээ/ цэвэрлэдэг.

-Монгол хэрэглэгчид заавал зөвхөн хуурай хими цэвэрлэгээнд өгнө тийм биш бол хувцсаа өгөхгүй ээ гэх тохиолдол элбэг байдаг. Хуурай хими цэвэрлэгээ гэдэг өөрөө цэвэрлэгээний хувьд хамгийн шилдэг арга технологи мөн үү. Энэ талаар таны байр суурь?

-Үгүй ээ. Хими цэвэрлэгээ гэдэг нэгдсэн ойлголтод хуурай цэвэрлэгээ болон нойтон цэвэрлэгээ багтдаг. Хими цэвэрлэгээгээр арилах боломжтой толбо бохирдол нь тосон суурьтай толбо бохирдол байх хэдий ч усан суурьтай толбо хэзээ ч тосонд арилахгүй. Жишээлбэл, бид хувцсан дээрээ дарс асгачихлаа гэж бодъё. Дарс бол усан суурьтай бөгөөд өнгөний ферменттэй нэмээд байгалийн сахрын найрлагатай. Энэ нь тосонд хэзээ ч хайлахгүй. Бид сахар эсвэл давсыг тосонд хийгээд 10 жил 100 жил хүлээсэн ч хэзээ ч хайлахгүй ээ. Тийм учраас бид нойтон буюу усан цэвэрлэгээгээр арилгах шаардлагатай болдог. Нойтон цэвэрлэгээ гэдэг нь усаар арилгах зарчмыг хэлж байгаа хэдий ч тухайн хувцасны хэв шинж өнгийг яг хэвээр нь хадгалахын зэрэгцээ хэрхэн тухайн толбыг арилгах вэ гэдэг онцгой ур чадвар технологи шаарддаг. Энэ технологийг бид нойтон цэвэрлэгээ гэж нэрлэдэг.

-Хэрэглэгчид хими цэвэрлэгээнд өгвөл хувцас шинэ юм шиг болно гэж боддог шүү дээ?

-Энэ ч бас өрөөсгөл ойлголт юм. Бид одоо ч буруу ойлголттой байдаг. Хүн нас ахихын хэрээр хөгширдөг үүнтэй адил хувцас ч мөн өөрийн насжилттай. 4 жилийн турш би маш гамтай өмсөж хадгалсан тиймээс шинээрээ байгаа гэж ойлгох нь буруу ойлголт юм аа. Жишээлбэл, өвлийн хувцас 4 жил, зуны хувцас 2 жил, хавар намрын хувцас 3 жил, гутал 1 жил, малгай 1 жил гэх мэт өөр өөрийн онцлогтой. Тиймээс хувцсанд ч бас өөр өөрийн нас байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Ийм учраас Солонгост хэрэглэгчдийн маргаан шийдвэрлэх хяналтын хороо, олон улсын ISO шалгалтын агентлаг холбогдох байгууллагатай хамтран судалгааны ажлыг тогтмол хийдэг. Түүнчлэн таны хувцсанд нүдэнд харагдах аливаа асуудал байгаа тохиолдолд л цэвэрлэгээнд өгнө гэдэг нь өөрөө буруу дадал юм. Тухайн толбо өөрөө тодорхой хугацааны дараа урвалд орж шарлалт үүсгэдэг. Энэ тохиолдолд толбыг арилгахад илүү хүндрэлтэй болдог. Тиймээс хувцсанд толбо үүссэн бол аль болох хурдан хугацаанд арилгах нь илүү үр дүнтэй. Тухайн толбыг 7 хоногийн дотор хими цэвэрлэгээний газарт өгвөл 98 хувь, 14 хоног өнгөрсөн бол 80 хувь, 21 хоног өнгөрсөн бол 50 хувь хүртэл арилгах боломжтой болдог. Энэ дашрамд хэрэглэгч та бүхэндээ Dry cleaning хуурай цэвэрлэгээ л зөвхөн төгс аргачлал биш юмаа гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна.

-Монголд хэдэн удаа ирж байгаа вэ. Хэзээнээс Гүүдшэйринг компанийн сургагч зөвлөхөөр ажиллаж эхэлсэн бэ?

-Намайг төв холбоонд сургалтын хэлтсийн даргаар ажиллаж байх үед Монголд хими цэвэрлэгээний үйлчилгээ эрхэлдэг Гүүдшэйринг гэх компанид технологийн сургалтыг өгч болох уу гэсэн санал ирж байсан. Тухайн саналыг хүлээн авснаар би анх Монголд ирсэн. Тэр цагаас хойш Монгол улсад дөрөв дэх удаагаа ирж технологийн ур чадварын зааварчилгаа өгч ажиллаж байна.

-Монголд ирээд таны ажигласнаар хими цэвэрлэгээний салбарын хувьд ялгаатай тал нь юу байна вэ?

-Солонгос улсад хими цэвэрлэгээний газар олон байхын хэрээр Засгийн газраас нь дэмжлэг үзүүлдэг. Бидэнтэй эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Байгаль орчны яам түүнчлэн харьяа хот болон дүүргийн нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд хяналт тавьж хамтран ажилладаг. Хими цэвэрлэгээ эрхлэгчдийн холбооноос жилд нэг удаа дөрвөн цагийн байгаль орчин, нийгмийн эрүүл мэнд, технологийн сургалтыг зохион байгуулдаг. Үүнтэй харьцуулахад Монгол дахь хими цэвэрлэгээний газруудын хамтын ажиллагаа, дэмжлэг дутмаг юм уу гэж харж байна.

-Монголд ирээд Монгол иргэдийн хувцас эдлэлийг өөрийн биеэр цэвэрлэж үзэхэд ямар санагдав. Хэцүү зүйл байсан уу?

-Улс болгоны соёл, ёс заншил, дадал зуршлаас шалтгаалан өөр өөр байх хэдий ч Монгол Улсын хувьд харьцангуй хүйтэн хуурай цаг ууртай, мөн хоолны соёлын хувьд Солонгос улсаар асар их ялгаатай юм байна. Монгол хүмүүс ихэвчлэн тослог хоол хүнс хэрэглэдэгтэй холбоотой хувцсан дээр тогтсон толбо нь мөн тосон суурь бүхий толбо элбэг тохиолдож байна. Энэ нь тухайн толбыг арилгахад нэлээн хүндрэлтэйн зэрэгцээ улс орны хувьд одоогоор хими цэвэрлэгээний салбар нь хараахан хөгжиж амжаагүй байгаа тул иргэдийн хувьд зөвхөн нүдэнд харагдаж хэмжээний толбо бохирдол үүссэн тохиолдолд хими цэвэрлэгээгээр үйлчлүүлдэг санагдсан.

-Монгол улсад хими цэвэрлэгээний салбарыг илүү хөгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй гэж та харж байна вэ?

-Нэгдүгээрт Монгол дахь хими цэвэрлэгээ эрхлэгчид бүгд нэг сэтгэлээр хамтран нэгдэж харилцан бие биедээ туршлага солилцох цаашлаад Засгийн газартайгаа хамтран ажиллах санал хүсэлтээ хүргэдэг байх хэрэгтэй. Түүнчлэн аливаа маргаантай асуудал гарах тохиолдолд хэрэглэгчийн хэрэглээний асуудал уу эсвэл хими цэвэрлэгээний газрын буруу технологиос шалтгаалсан бүр цаашлаад хувцас үйлдвэрлэгчийн алдаа, материалыг өнгө будагт оруулах боловсруулалтын шатны алдаанаас үүдэлтэй эсэхийг шударгаар хэлэлцэж шалгаж тогтоодог зөвлөл, байгууллагатай болбол ихэд талархах байна.

-Таны нүдээр “Гүүдклининг”-ийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Яг одоогийн байдлаар миний хувьд сэтгэл хангалуун өндөр түвшинд хүрсэн гэж хэлэхэд арай эрт байгаа ч өөрсдийн ур чадвар, технологийг хөгжүүлснээр олон боломжууд хүлээж байна аа гэж харж байна.

-Энэ ярилцлагаар дамжуулан хэлэхийг хүссэн санал зөвлөмж байгаа юу?

-БНСУ-ын хувьд нийгмийн хамгааллын яамны дэргэдэх иргэдийн эрүүл мэнд, хөрөнгийг хамгаалах зорилгоор нэгдсэн нийгмийн хамгааллын хувийн байгууллага мөн эмэгтэйчүүдийн нэгдэж байгуулсан 14 холбоо нэгдэл, эвслүүд байдаг. Цахилгаан бараанаас эхлээд иргэдийн ахуй амьдралд тохиолдсон аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд ЗГ-таа саналаа хүргүүлж тухайн асуудлыг бодитоор хянаж шийдвэрлэдэг байгууллагууд юм. Тиймээс дээр хэлсэнчлэн хувцас эдлэлтэй холбоотой маргаан гарлаа гэж бодоход хэрэглэгчийн хэрэглээний явцад үүссэн асуудал уу, цэвэрлэгээний технологийн алдаанаас үүссэн асуудал уу, хувцас үйлдвэрлэгчийн асуудалбүр цаашлаад материал боловсруулалтын процессын алдаа зэргийн аль болохыг хэлэлцэж аль аль талдаа шударгаар стандарт журмын дагуу хянан шийдвэрлэж тогтоодог байгууллага байдаг. Монгол Улсад ч мөн ийм тогтолцоо бий болж ард иргэд нь ч мөн энэ шаардлагыг Засгийн газартаа тавьж хими цэвэрлэгээ эрхлэгчдийн холбоотойгоо гар барьж хамтран ажилласнаар илүү хурдацтай хөгжинө гэж итгэж байна. Энэ тогтолцоо дутмаг байгаа нь миний хувьд харамсалтай санагдаж байна.

Ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: Ubn.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *