Д.Амартүвшин: Ардчилсан нам хэлсэн үгэндээ хүрээгүй, мах өгье гэчхээд талх гаргаад ирсэн

0

Комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа.

-Явсан хүнээс үг дуул гэдэг дээ. Та дэлхийн либертаричуудын уулзалтад оролцоод иржээ. Сонин сайхнаас нь онцолбол?    

-Би эхлээд Лас Вегас хотод зохион байгуулгаддаг “Freedom Fest” дэлхийн либертаричуудын цугларалтад очиж гурав хоног болсон. Дараа нь “RNC” буюу Америкийн Бүгд Найрамдах намын их хурал гэж хэлж болохуйц үйл ажиллагаанд оролцсон. Онцлоход маш сайхан үйл ажиллагаанууд болдог юм байна. Их ч зүйл сурлаа, олон сонирхолтой зочид ч байлаа. Инээдмийн жүжигчин Роб Шнайдер, “Баян аав, ядуу аав” номын зохиогч Роберт Коёосаки, Форбес сэтгүүлийг эрхлэн гаргадаг Стив Форбес гээд л. ”Freedom fest”-д оролцож байхад Дональд Трампыг буудаж хөнөөхийг оролдсон, Жо Байден ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татсан гэх мэт их сонирхолтой үйл явдлын гэрч болсон байна.

-Америкийн улс төрийн орчноос сонирхолтой, анхаарал татах зүйл юу байв? Монголоос ялгаатай, Монголд маань ийм болоосой гэж харсан ч юмуу?  

-Монголоос хамгийн ялгаатай нь, тэд намынхаа хурал дээр зодолдсонгүй. Хэрүүл хийсэнгүй. Нэг дарга гарч ирэхэд гараа өргөж, алга ташихгүй. Нээлттэй, чөлөөтэй, энтертайнтментлаг санагдсан. Тэнд хүмүүсийг манлайллаар авч явдаг юм байна. Хэн тэнд илтгэл тавьж байна гэхээр олон хүнийг дагуулдаг, олон хүнийг манлайлдаг улс төрийн лидерүүд байсан. Манайх шиг ах нарынхаа архийг хундагалж, бөгс долоосон нөхөд тайзанд гарсангүй.

Өөр нэг гоё зүйл нь тэр хүмүүс үзэл санаан дээрээ л нэгдэж, үзэл санаа л ярьж байна. Эдийн засгаа хүчирхэгжүүлье, Америкийг илүү аюулгүй болгоё гэх мэтээр зөвхөн үзэл санаа, идеологи, онол ярьсан. Манайд бол популизм л хийдэг шүү дээ. Өдөр бүрд нь нэг сэдэв авч хэлэлцдэг. Эхний өдөр нь аюулгүй байдал, хоёр дахь өдөр нь эдийн засаг, гурав дахь өдөр нь эрх чөлөөний талаар ч гэдэг юм уу. Яг тэр сэдвээсээ хазайхгүйгээр явсан. Улс төр л болсон хойно бохир заваан зүйл байдаг л байлгүй. Гэхдээ манай монголыг бодвол илүү ил тод, нээлттэй санагдсан даа.

Манайд бол хор найруулж байгаад хэн л бол хэн дээшээ суудалд очоод дарга болчихдог шүү дээ. Танигдсан байна уу, үзэл санаа, зорилготой байна уу гэдэг юм хамаагүй. Америкт тийм боломж алга. Сурууштай, монголдоо хэрэгжүүлье гэсэн зүйл тэр байлаа. Хүмүүс лидер байж байж л улс төр хийдэг юм байна. Манайд бол эсрэгээрээ шүү дээ. Энэ засгийн газрыг харахад л хэнд ч танигдаагүй хүмүүс орчихсон улс төрийн ажил хийж байна. Энэ чинь улс төр биш. Улс төр хийнэ гэдэг чинь олон нийтийн байлдан дагуулах,  байлдан дагуулахдаа үзэл санаагаар дагуулах манлайлал юм байна.

Нэг нөхөр нэг ахыгаа дагаж гүйж байгаад гишүүн болчихно, тэр ахыг дагаж яваад сайдыг суудал авчихна, төрийн нарийн болчихно гэдэг зүйл байхгүй. Дахиад л нөгөө үзэл санаа орж ирнэ. Алхам тутамдаа үзэл санаа. Түүнийгээ улс төрийн индэр дээр л хэлж байна, урлаг соёл, энтертайнментаар ч илэрхийлж байна. Гэтэл Монголд үзэл санаа гэж бараг байхгүй шүү дээ. Хамгийн шившигтэй жишээ сая шал өөр үзэл баримтлалтай гэдэг намууд нэгдчихлээ шүү дээ. Сонгууль дуусаад  микрофон дээрх шүлс нь хатаж амжаагүй байхад л нэгдэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Би бол  энэнээс маш их ичсэн. Ямар ичих нүүргүй юм бэ, ямар өлөн юм бэ л гэж бодсон. Өчнөөн олон саналаа өгсөн хүмүүс яах юм бэ. Тэд чинь МАН-ыг эсэргүүцэж л нөгөө намуудыг сонгосон биз дээ. Тэр олон хүний саналыг гээгдүүлж, эсэргүүцсэн юмтай нийлчхээр хүмүүс их сонин байдалд орлоо.  Манай нэг найз тэр нэгдлээ гэдэг мэдээг сонсоод шууд бөөлжсөн гэсэн. Ой нь гутаад. Яагаад гэсэн чинь би ардчилсан намд саналаа өгсөн юм аа гэсэн. 

-АНУ-д дундаж болон түүнээс дээш орлоготой, христийн шашинтай, цагаан арьстан хүмүүс Бүгд найрамдах намыг дэмждэг. Эсрэгээрээ хар арьстнууд, доод давхарга, залуучууд ихэнхдээ Ардчилсан намыг сонгодог гэх туйлчлагдсан талцал байдаг. Одоо ерөнхийлөгчийн сонгууль ойртсон байгаа учраас тэр уур амьсгал нэлээд хүчтэй мэдрэгдсэн байх. Манай монголын намчирхал, хуваагдлаас ялгаатай байна уу?

-Шал өөр. Би монголд хүмүүс яагаад намаараа хуваагдаад байдгийг ойлгодоггүй юм. Тэнд бүх юм ойлгомжтой. Нэг нь нам нь татвар нэмнэ гэхэд нөгөө нь бууруулна гэдэг. Нэг нь нам нь нийгмийн халамжийг бууруулна гэхэд нөгөө нам нь ихэсгэнэ гэж хэлдэг. Энэ дээр нь хүмүүс санал зөрөлдөж, хуваагддаг. Бодит зүйл дээр мэтгэлцээн явагдаж байгаа биз дээ. Монголд бол бүх нам нь адилхан зүйл ярьдаг, амладаг. Төрд гараад яг ижилхэн юм хийдэг. Хараад байхад монгол хүмүүсийн талцаж хуваагдаж байгаа шалтгаан нь нам нь ялбал ажилтай, ялагдвал ажилгүй болно л гэдэг бодол. Энэ бол зүгээр л эрх ашгийн төлөөх, арын хаалгаар аймаг, сумын захиргаанд ажиллахын төлөөх л хуваагдал. Үнэхээр хуваагддаг байсан юм бол яагаад нэг хөнжилд орчхож байгаа юм. Харин монголчууд үзэл санаагаараа  хуваагдах ёстой. Хүмүүс өөр өөрийн байр суурь ялгаатай байдалтай байх ёстой. Тэрнээс л болж өөр өөр намууд байгаа биз дээ. Үгүй гэвэл зүгээр нэг л намтай болчих л доо.  

-Хэрэв нийгэм үзэл санаагаар хуваагдах ёстой юм бол энэ нь эв нэгдэл, магадгүй үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэж бодохгүй байна уу?

-Үзэл санааны хуваагдал яриад байна шүү дээ. Үндэсний хуваагдал биш. Бид нар хоёр талд гараад мод, чулуу бариад зодолдох талаар яриагүй. Мэтгэлцээн явуулж бодлого тодорхойлох гээд байна. Энэ чинь л ардчилсан нийгмийн гол зүйл. Хэрэв бүгд нэг талд байх юм бол энийг чинь авторитар, тоталитар нэг дэглэм гэнэ. Хойд солонгосыг л хар. Бүгд нэг талд, бүгдээрээ нэг үзэл бодолтой, нэг хүнийг тахин шүтдэг.  Энэ чинь л үндэсний аюулгүй байдалд аюултай зүйл. Олон өөр үзэл бодол, олон ургалч үзлүүд хоорондоо өрсөлдөөд, хэн сайн байгаа нь нийгмээ авч байсан нийгэм чинь дээшилдэг, хөгжил цэцэглэл ирдэг биз дээ.

-Аллагын оролдлого, Жо Байден нэрээ татсаны дараа Доналд Трампын ялах магадлал нэлээд өндөр болчихлоо. Америкт олон монголчууд бий. Тэдэнтэй уулзсан л байх. Трамп ялбал энэ тэдэнд яаж нөлөөлөх бол? Америкт суугаа монголчууд энэ талаар юу гэж ярьж байна? 

-Нэг их олон хүнтэй уулзаж амжсангүй. Миний уулзсан цөөхөн хүн нийт олонхоо төлөөлж чадахгүй. Мэдээж хууль бусаар оршин байгаа монголчуудад Трампын ярьдаг цагаачлалын бодлого хүнд тусах л байх. Гэхдээ өөр нэг зүйл анзаарсан нь Америкт байгаа монголчууд бизнес эрхэлдэг болсон байна. Бизнестэй монголчуудын хэлж байгаа зүйл гэвэл эдийн засаг хүнд, үнийн өсөлт их байна. Байденийг гарахаас өмнөх Трампын жилүүдэд ийм байгаагүй. Трамп буцаад гарвал дээрдэх байх гэдэг хүлээлт байсан. Хэчнээн сайхан нээлттэй цагаачлалыг бодлоготой байгаад эдийн засаг нь муудаад байвал нэмэргүй шүү дээ. Ер нь бол Бүгднайрамдах нам ялбал эдийн засаг сэргэдэг, инфляц буурдаг гэсэн ойлголт бий.  

-Олон жил зүүн жигүүрийн бодлого хэрэгжүүлж, социализмын замаар явж ирсэн Аргентин улс ерөнхийлөгчөөрөө либертари үзэлтэн, хэт барууны, фашист ч гэж хэлэгддэг “радикал” улс төрч Хавиер Милейг сонгогдсон.  Дэлхийн нийтээр харахад ч барууны үзэлтнүүд төрийн тэргүүнээр сонгогдох хандлага ажиглагдаж байна. Монголд ийм боломж байна уу. Монголоос Милей төрөх болов уу?  

-Хавьер Милэй эхний шатны сонгуульдаа 30 хувь, хоёр дахь шатандаа 60 хувь гэдэг чинь маш том тоо. Ард түмэн нь ч туйлдаж, хоёр намаасаа залхсан байсан. “Больё, өөр юм сонгож үзье. Энэ хоёр нам хоёулаа солиорчихлоо” гээд Хавьерийг гаргасан. Түүнээс гадна мань эр чинь сонирхолтой стандарт бус хүн. Дандаа савхин хүрэмтэй явж байдаг. “Viva la libertad, carajo” гээд орилдог. Carajo гэдэг чинь хараалын үг шүү дээ. Хамгийн гол нь маш эрч хүч, эмоцитой улс төрч. Тэгээд л залуусын дэмжлэгийг сайн авсан. Залуусын дэмжлэгийг авсан тулдаа л сонгуульд ялсан. Энэ дээр дахиад л манлайлал ярих болж байна. Тэнд нэг ийм мундаг хүн гараад ирлээ. Монголд төрөх байхаа гээд  ангайгаад хүлээвэл хэзээ ч тийм хүн төрөхгүй. Тэгж олон нийтийг дагуулж, манлайлж чадах хүн гарах хэрэгтэй. 

-УИХ-ын сонгуулиар АН-ын жагсаалтад багтчхаад удалгүй нэрээ татсан. Жагсаалтад эзэлсэн байраа голов уу? 

-Ардчилсан нам хэлсэн, тохирсон зүйлдээ хүрээгүй.  Эр хүн хэлсэндээ гэж тохирсон зүйлдээ хүрэх хэрэгтэй биз дээ. Чамайг дэлгүүрт ороод талх авъя гээд мөнгөө өгөхөд талх биш мах гаргаад ирвэл “энийгээ ав” гээд буцаагаад тавина биз дээ. Тийм л зүйл болсон.

Талх, мах гэдэг нь юу байсан юм бэ?

-Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвших. Тэнд миний рейтинг маш сайн байсан. Бүр Ардчилсан нам дотроо нэгээр гарч ирсэн шүү дээ.  

-Жижиг “цүнхний” намуудаас нэгийг нь аваад нэрийг нь сольчихдог юм уу гэж бодож байна-

Одоо орон нутгийн сонгууль болно. Та болон танай нам энэ сонгуульд оролцох уу? 

-Улсын дээд шүүх манай намыг бүртгээгүй байгаа. УИХ-ын сонгуулиас өмнө ч тэр, сая бас дахиад татгалзсан. Тэгэхээр орон нутгийн сонгуульд орж чадахгүй байх. Надад ч нэр дэвших сонирхол нэг их алга. Заавал нэг суудалд сууж байж улс төр хийдэг юм биш. Чадахаараа хүмүүст нөлөөлөөд байж байхад болно. Харин байгуулагдаад олон жил болчихсон жижиг “цүнхний” намуудаас нэгийг нь аваад нэрийг нь сольчихдог юм уу гэж бодож байна. Тэгэхгүй бол 2028 оноос нийт сонгогчдын нэг хувьд хүрээгүй намуудыг татан буулгана гээд байгаа. 

-Та өмнө улс төрийн албанд ажиллаж байгаагүй гэж санагдаж байна. Гэнэтхэн улс төрийн тогоо руу үсрээд орох ямар байсан бэ. Цочирдуулсан зүйл юу байв? 

-Миний харснаар ямар ч тоглоомын дүрэм гэж байдаггүй юм билээ. Бүх юм ширэнгийн хуулиар шийдэгдэнэ. Ардчилсан нам гэхэд л хурал дээрээ зодолдоод, хүчээр тайз руугаа дайрч гараад хүний нэр, гарын үсэг энэ тэрийг өөрчилсөн гэх мэт. Юм чинь нэг дүрэм журамтай байх ёстой биз дээ? Тийм зүйл байгаагүй. Намын дотоод дүрмээ больё гэхэд Монгол улсын хууль байх ёстой. Гэтэл тэр бол түй ч хамаагүй болчихсон. Сурталчилгаанаас өмнө нь, сурталчилгааны үеэр, санал хураалтын үеэр зөндөө асуудал гарсан, зөндөө хууль зөрчигдсөн. Энийг хэн ч тоогоогүй. Тэгж хууль, дүрмийг уландаа гишгэж гишүүн болсон хүмүүсийн юунд итгэх юм бэ? Тэд чинь дахиад л хууль зөрчинө, идэж ууна шүү дээ.

Та сошиал хаяг дээрээ бичиж байсан санагдаж байна. Америкт олны танил, алдартнууд нь өөр өөрсдийн дэмжиж байгаа улс төрийн намаа нээлттэй зарладаг. Зарим тохиолдолд хөлс мөнгөөр ажилладаг. Энэ буруу биш, харин ч зөв зүйл гэж байсан. Саяны сонгуулиар монголын олон дуучид, жүжигчид сонгуульд ажилсан. Тэдний нэг болох Сексцагаанбогд ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдлоо. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай Секс чинь Л.Оюун-Эрдэнийг дэмждэг юм гэсэн. Бичсэн номыг нь уншаад ойлгоод дэмжмээр, зөвлөмөөр санагдсан юм байлгүй дээ.|инээв| Гэхдээ тэр номоос юу нь зөв гэж санагдсан юм, ямар хэсгийг нь дэмжиж байгаа нь ойлгомжгүй. Гадаадад бол шууд хэлнэ. Би энэ хүнийг ийм учраас, хийнэ гэсэн энэ зүйл нь таалагдсан учраас дэмжиж байна гээд. Манайд тийм юм байсангүй. Дээрээс нь өчнөөн хулгай нь илчлэгдсэн, тэднийгээ шийтгэж чадахгүй байгаа гээд зөндөө асуудал нь нүдэнд дээр ил, энгийн логикоор буруу байхад дэмжээд байгааг нь ойлгоогүй. Тэгээд “МАНАН-д сүнсээ зараагүй” дуулж байсан хүн.

Тэр уншсан гээд байгаа “Алсын хараа 2050” гэдэг чинь коммунизм байгуулах тухай аймшгийн л юм байна лээ. Тэгээд нийгмээрээ ёс суртахууны хувьд доройтчихсон юм шиг санагдсан. Мөнгө авч сонгууль өгснөө ямар ч айж ичих юмгүй ярьж байна. Энэ чинь уг нь аймар ичмээр зүйл биз дээ? Тэрийгээ юу ч болоогүй юм шиг яриад л сонгуульд орохгүй гэж маргааш нь орчихсон байх жишээний.

Хүнд чинь нэг ичих нүүр байх ёстой. Монголоос өөр газар байсан бол тэр хүний карьер дуусчихсан байгаа. Манайд бол улам амьдрал нь сайжраад, улам албан тушаал ахиад байдаг. Дээр нь 2020 онд АН-д ажиллаж байгаад 2021 онд У.Хүрэлсүхийг дэмжиж байна гээд явсан хүн зөндөө бий. Тийм “янхан” байж болохгүй. Биеэ үнэлэгчид хүртэл тийм хурдаг үйлчлүүлэгчээ сольдоггүй л байх. Уг нь залуучууд маань ийм зүйлийг эсэргүүцээд байж байх ёстой. Гэтэл дунд нь орчихсон л явж байдаг. 

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *