Сурагчдын даалгаврын ачаалал өдөрт 20 минутаас хэтрэхгүй болно

0

Сургуулийн Өмнөх Боловсрол, Ерөнхий Боловсролын Сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах багийн ажлын нээлт өнөөдөр боллоо. 

Энэ талаар боловсролын салбарт хийгдэх зарим ажлуудын талаар Боловсролын сайд П.Наранбаяр олон нийтэд хандан мэдээлэл өглөө.

П.Наранбаяр:  Сурах бичгийг  QR кодтой болгож шинэчилнэ 

“10 жилийн өмнө” Цөм” хөтөлбөр хэрэгжиж байхад  хиймэл  оюун ухааны асуудал хөндөгддөг байсан. Тэгвэл өнөөдөр өдөр тутмын асуудал болчихлоо. Ийм байдлаар бид сургуулийн сурах бичгийг өөрчлөх хэрэгтэй.  Сурах бичгийг таван  жилд нэг удаа шинэчлэх учиртай.

Боловсролын яамнаас “Хүүхэд бүрд ухаалаг төхөөрөмж” гэх бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаа. Үүнтэй уялдсан сурах бичгийг боловсруулаасай гэж хүсэж байна.

Тиймээс бага сургуулийн сурах бичгийн эх , дасгал ажлын  дэвтэр зохиох 254 хүний  бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч байна.  Үүгээр дамжуулан сурагчдын  унших чадварыг сайжруулах  зорилт тавьсан. Яагаад гэвэл 2023 онд Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ (PISA)-гийн шалгалтаас уншаад ойлгох чадвар сул гэх үнэлгээг авсан.  Тиймээс уншиж сурна гэдэг бол минутын уншлага хийх явдал огтхон ч биш” гэлээ. 

Иймд минутын уншлагыг эргэн харах цаг болсон гэх дүгнэлтэд хүрчээ. Сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд унших чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сурах бичгүүдийг гаргах аж.  Үндсэндээ унших бичгийг сэргээж , бүтээлч сэтгэлгээг дэмжсэн, ухаалаг төхөөрөмжтэй шууд холбогдох  QR кодтой сурах бичиг боловсруулахаар төлөвлөжээ.

Ингэснээр хичээнгүй бичгийн цаг багасах аж.  Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэрэгжсэн “Цөм” хөтөлбөрөөр дамжуулан дугуйлан секцийг идэвхжүүлж чадсан гэж салбарын сайд дүгнэж байгаа юм. Цаашид хүүхдийг урлаг, спортоор хичээллэх байдлыг нэмэгдүүлнэ.  Энэ жил 3-р ангиас англи хэлийг заахдаа 100 сургууль дээр хэрэгжүүлнэ. Цахим  болон танхимаар явагдана. Ингэхдээ эхлэх  сургалтын  процесст анхаарлаа хандуулж дүгнэлт хийнэ гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр хэллээ.

Энэ хичээлийн жилийн бас нэгэн онцлог бол бага ангийн сурагчдад алдаа гаргах эрхийг олгож харандаагаар бичүүлэх болсон тохиолдол. Энэ нь мөн л сургалтын хөтөлбөрийн шинэчлэлд тусгагдсан. Эдгээр яригдаж буй шинэчлэл биеллээ олбол “Бага ангийн сурагчдын даалгаврын ачаалал өдөрт 20 минутаас хэтрэхгүй болно” хэмээн тооцоолж байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *