“Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай ч энэ хуульд гар хүрэхгүй байх сонирхол зарим хүнд бий”

0

Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ), Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ), “Эерэг ирээдүй
өнөөдөр” төрийн бус байгууллага хамтран “Ирээдүйгээ бүү сор” тамхидалтын эсрэг нөлөөллийн аяныг зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.
Тамхидалтын эерэг нөлөөллийн аяны талаар мэдээлэл хүргэхээр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр, НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан, НЭМҮТ-ийн мэдээллийн албаны дарга С. Гэрэлмаа, “Эерэг ирээдүй өнөөдөр” төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал н. Шижирбат нар ирсэн юм.

Хурлын эхэнд тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр “Анх 2005 онд тамхины хяналтын тухай хууль батлагдсанаас хойш таван удаа шинэчилсэн найруулга, хоёр удаа өөрчлөлт, нэг
удаа нэмэлт өөрчлөлт орсон.
Гэхдээ бид энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Энэ хууль сүүлийн хэдэн жил УИХ-аар хэлэлцэгдэж байгаа боловч өнөөдрийг хүртэл батлагдаагүй .
Хамгийн сүүлд 2023 оны нэгдүгээр сард дээрх хуульд нэмэлт өөрчлөлт орохдоо тамхины ургамлыг тариалах заалт орж ирсэн.
Бидний үзэж буйгаар хуулиа сайжруулах бус эсрэгээрээ муутгасан ийм зүйл заалт нэмэгдсэн гэж хэлж болно. Монголд хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь тамхи татаж байна. Нийт хүн амын 1/4 нь тамхи татдаг судалгаа бий.
Тэр дундаа электрон тамхины хэрэглээ өссөнтэй холбоотой өсвөр насныхан, эмэгтэйчүүд эрс нэмэгдэж байна.
Электрон тамхинд онцгой албан татварын заалт хомс байна. Тиймээс хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж тамхины хэрэглээг багасгана. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д Ажлын хэсэг гарсан. Олон улсад ч бас тодорхой хэмжээнд арга хэмжээ авч эхэлсэн. БНХАУ-д электрон тамхийг бүрэн хориглосон гэж ярьж байгаа боловч энэ нь нотлогдоогүй. Харин электронд тамхинд нэмэлт амт, үнэр оруулдаг бодисыг хориглосон заалт нэмэгдсэн. Тамхины тухай хуульд 50 гаруй өөрчлөлт орох хуулийн төсөл яригдаж байна. Тэр
дундаа электрон тамхийг хуульд бүрэн тодорхой болгож оруулах ёстой. Одоогоор уг хуульд ганц л заалт байгаа бол үүнийг задалж 10 гаруй төрлөөр, тэр дундаа тамхи
татахад ашигладаг хэрэгслийг хүртэл нэмэх шаардлагатай. Гэвч энэ хуульд гар хүрэхгүй байх сонирхол зарим хүнд бий. Тиймээс хуулийг батлуулах явц удааширч
байна” гэж ярилаа.

С.Өнөрсайхан: 13-17 насны сурагчдын дунд хийсэн судалгаагаар 19 хүүхэд тутмын нэг нь тамхи татдаг

Үргэлжлүүлэн НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан “Тамхины ургамал бол өөрөөсөө шавжийг зайлуулах зорилгоор никотин гэдэг бодис ялгаруулдаг. Никотин нь хавдар үүсгэдэг бодис гэдгийг 1920 онд баталсан.
Манайд хавдар төст эмгэгийн судалгаа хийдэг байгууллага. Хорт хавдар, зүрхний өвчлөл,
амьсгалын замын өвчин, чихрийн шижингийн гол шалтгаан нь архи, тамхины хэрэглээ, буруу хооллолт болон хөдөлгөөний дутагдал зэрэг байдаг.
Гэтэл тамхины хэрэглээ огт буурахгүй байна. Тухайлбал 15-69 насны хүн амын дунд хийсэн судалгаагаар 24.2 хувь буюу таван хүний нэг нь тамхи татдаг. Үүнээс эрчүүд нь
хоёр хүний нэг нь тамхи хэрэглэдэг. Эрчүүдийн дунд тамхины хэрэглээ эсрэг хүйсийнхэнтэй харьцуулахад 8.7 дахин их байна. Тамхинд орж байгаа иргэдийн нас
улам залуужиж байгаа нь судалгаагаар харагддаг.
Мөн 10 хүн тутмын гурав нь дам тамхидалтад өртдөг. Эмэгтэйчүүд нь гэртээ, эрчүүд нь ажлын байран дээрээ өртөж байна.
Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС) дээр эрүүл мэндийн зан үйлийн судалгааг өнгөрсөн онд хийсэн. Уг судалгаагаар 13-17 насны суралцагчдын 24.8 хувь буюу
дөрвөн хүүхдийн нэг нь сүүлийн нэг сард электрон тамхи хэрэглэсэн. Цаашлаад 19 сурагчдын нэг нь байнга тамхи татдаг болох нь тогтоогдсон.
Тамхины хэрэглээ хүн амын дунд буурахгүй байгаа нь уг бүтээгдэхүүнийг оруулж ирдэг компаниудтай холбоотой. Шинжлэх ухаанаар аливаа өвчний эрсдэлийг шууд тамхинд өгч болдоггүй. Энэ байдлыг бизнес эрхлэгчид овжин ашиглаж иргэдэд буруу, ташаа ойлголт өгдөг.
Тиймээс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас тандах, сурталчлах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ татварын бодлогоор тамхидалтыг бууруулах зөвлөгөөг өгдөг юм.
Тамхинд сайн юм огт байхгүй. Тамхины төрөл нь олширч утаат, усан, электрон гэх мэтээр өөр хэлбэрээр төрөлжүүлж байна. Өнгө, үнэр, амтыг нь өөрчлөөд залуучуудыг уруу татаж байна. Уг нь электрон тамхи нь утаат тамхинаас гаргах зорилгоор анх үйлдвэрлэгдэж байсан боловч энэ чиглэлээ өөрчилж, тамхинд орох зам нь болж хувирсан” гэж онцоллоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *