Т.Доржханд: Зарчмаасаа ухрахгүй
Улсын Их Хурлын ээлжит бус чуулган зарласантай холбогдуулан өнөөдөр /2024.08.14/ улс төрийн намын бүлгүүд төрийн ордонд хуралдаж байна. Хамтарсан засгийн газар 2024-2028 оны хооронд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөөр хэлэлцэж буй асуудлаар Шадар сайд Т.Доржхандаас тодрууллаа.
“Өнгөрсөн 30 хоногийн хугацаанд хамтарсан Засгийн газар байгуулах гэрээгээ амжилттай байгуулж, баталгаажууллаа. Үр дүнд нь ирэх дөрвөн жил хийх ажлуудаа төлөвлөлөө. Энэ удаагийн онцлог нь Монгол Улсад анх удаагаа 126 гишүүнтэй парламент бүрдлээ. Хамтарсан засгийн газарт нэгдсэн хамгийн гол шалтгаан нь улс төрийн том реформуудыг зоригтой хэрэгжүүлэх. ХҮН намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудаа ажил хэрэг болгох юм. Эрчим хүчний томоохон төслүүдийг илүү анхаарч ажиллах зорилт тавьсан. Үүний тулд эрчим хүчний зах зээлийг үе шаттайгаар чөлөөлөх хэрэгтэй. Эрчим хүчний эх үүсвэр, нийлүүлэлтэд илүү хөрөнгө оруулах тал дээр ажиллана. Зөвхөн төсвийн мөнгө ашиглахгүй. Хувийн хэвшлийн болон гаднын хөрөнгө оруулалтыг татах байдлаар хөрөнгө оруулалтыг нэмнэ. Ингэснээр эрчим хүч, цахилгааны асуудлаа шийдэж чадна. Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний асуудлыг ойлгомжтой болгож, хөрөнгө оруулалтыг татах ажилд анхаарна. Мөн төмөр зам, боомтын сэргэлтийн бодитой орлого олдог урсгалуудыг нээх ажилд бодитой хөрөнгө оруулалт хийж байна. Улаанбаатар хотод агаарын бохирдол, төвлөрөл тулгамдсан асуудал болоод байна. Энэ мэт асуудалд зоригтой шийдвэр гарган ажиллана. Нэг ёсондоо мөрөөдлийн биш гарт баригдахаар ажлуудыг хийж, санхүүжүүлнэ.
Өмнө нь хоёр нам ээлжилж засгаа барьдаг байсан нь бидэнд дэгээ тавиад байсан гэж ойлгож болно.
Зөв зүйлийг нь ч гацаачихдаг байсан. Тиймээс буруу зүйл дээр хатуу байр суурьтай байж ирсэн. Буруу зүйлээ засахгүй, зөв зүйл дээр тохиролцохгүй, ойлголцохгүй явсан тохиолдлууд бий. Тиймээс одоо яг бодитой хэрэгжих боломжтой, үр дүнд хүрэх ажлуудыг хийнэ. Хүн нам бол баруун төвийн нам. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамгийн их шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байсан хүн бол би. Тийм учраас зарчмаасаа ухрахгүй.”