ИНЕГ, АМГТГ-ын зардлаар бас л дарга нарын хүүхдүүд гадаадад сурсан уу

0

БШУЯ-наас өнгөрсөн долоо хоногт Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаадын их, дээд сургуульд сурч, төгссөн хүмүүсийн мэдээллийг ил болгосон. Улс төрд нөлөө бүх хүмүүс, тэдний үр хүүхэд, эхнэр тус зээлээр сурдаг нь мэдээлэлд ойр хүмүүст зориулагдсан юм уу гэлтэй.

Гэхдээ ганцхан БЗС-аас гадна төрийн өмчит компаниуд, байгууллагууд ч мөн боловсролын зээл болон буцалтгүй тусламж үзүүлдэг байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар байгууллагын зардлаар гадаадын их, дээд сургуульд сурч байгаа, төгссөн хүмүүсийн мэдээллийг ил болох ёстой ч одоо болтол ил болгоогүй, нууц хэвээр байна.

Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Боловсролын зээлийн сангийн мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэн ил болгосон. Одоо харин Ашигт малтмал, газрын тосны газар болон Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар суралцсан болон суралцаж буй хүмүүсийн холбогдох мэдээллийг ил тод болгох ёстой. Байгууллагууд боловсон хүчнээ бэлтгэх үүднээс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг юм билээ. Сая Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг баталсан. Энэ хуулийн хүрээнд мэдээлэл хариуцагч буюу төрийн байгууллагын зардлаар суралцаж байгаа хүмүүсийн мэдээллийг ил тод болгох ёстой. Энэ шударга явагддаг уу гэдэг асуудлыг л ярьж байгаа. Энэ хүрээнд хамгийн их хэл ам таталдаг Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар хуулийн хүрээнд мэдээллээ ил тод болгоод явах байх гэж бодож байна. Олон нийт хүссэн үедээ сонирхож болох, хязгаарлалт тавихгүй мэдээллийн жагсаалтад энэ мэдээлэл орсон. Тиймээс энэ мэдээллийг ил болгох хэрэгтэй” гэсэн юм.

Ашигт малтмал газрын тосны газар Бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд сургалтын тэтгэлэг олгож, гадаадад сургадаг байна. Тус тэтгэлгийг 2000 оноос өгч эхэлсэн бөгөөд нэг хүүхдэд 8100-25000 мянган ам.долларын тэтгэлэг олгодог аж. Харин цар тахлын улмаас сүүлийн хоёр жил сонгон шалгаруулалт зарлаагүй байгаа гэдгийг тус газрын дарга хэлсэн юм. АМГТГ-ын тэтгэлгээр одоо суралцаж байгаа хүмүүсийн нэр ил байгаа боловч өмнө нь сурч төгссөн хүмүүсийн нэрийг мөн л ил болгоогүй байна. Гэхдээ Ашигт малтмал газрын тосны газрын сургалтын санд АТГ-аас шалгалт оржээ. Учир нь дарга нар нь хамаарал бүхий хүмүүсээ сургалтын тэтгэлгээр гадаадад сургасан асуудал гарчээ.

АМГТГ-ын дарга Л.Баярмандал хэлэхдээ “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээн дээр сургалтын сан байдаг. Үүнд уул уурхай, газрын тосны чиглэлээр хүмүүсийг сургадаг. Энэ нь 2000 оноос хойш явж байгаа юм билээ. Харин сүүлийн хоёр жил сонгон шалгаруулалт зарлаагүй. Учир нь сургалтын сангийн журмаа сайжруулах шаардлага байгаа. Нэлээд ашиг сонирхлын зөрчилтэй, дарга нар өөрсдийнхөө хүүхдийг ч юм уу явуулсан гэдэг асуудал гарсан учраас үүнийг зохих байгууллага нь шалгаж байна.

Мөн коронавирус гарснаас болж хүмүүс гадагшаа сургуульд яваагүй. Харин энэ жилээс журмаа шинэчлээд сонгон шалгаруулалт зарлана гэж төлөвлөж байна. Одоогийн журмаар дээд тал нь 25 мянган ам.долларын тэтгэлэг өгдөг юм билээ. Төгсөж ирсэн хүмүүс мэргэжлээрээ ажиллая гэхээр ирэхээр нь ажлын байр байдаггүй. Төрийн албаны шалгалт өгөөгүй гээд янз бүрийн шалтгаанаас болоод төгсөж ирсэн хүмүүс мэргэжлээрээ хангалттай ажиллаж чаддаггүй” гэлээ.

Харин Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар сурч төгссөн хүмүүсийн мэдээллийг авах гэсэн боловч захирал зөвшөөрвөл мэдээлэл өгнө гэсэн хариуг өгсөн юм. Түүгээр ч барахгүй энэ тэтгэлгийг хэдэн оноос хойш өгч эхэлсэн, хэдэн хүнд, хэдий хэмжээний тэтгэлэг олгосон гэсэн мэдээлэл нууц хэвээр байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар дээрх мэдээллийг ил болгох ёстой гэсэн ч зөвхөн одоо суралцаж байгаа хүмүүсийн мэдээллийг л Иргэнийн нисэхийн ерөнхий газрын веб сайтад байршуулжээ. Олон нийтэд ил болсон мэдээллээр ИНЕГ 2018 оноос хойш 17 хүүхдийн төлбөрт 750 гаруй сая төгрөг, 2019, 2020 онуудад 1.9 тэрбум төгрөгийг гадаадад суралцаж байгаа хүмүүсийн тэтгэлэгт зарцуулжээ. Харин өмнө нь төгссөн хүмүүсийн талаарх мэдээллийг авах гэсэн боловч өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн юм.

Үүнээс харахад, манай улсад байгаа бүх л сан, зээл, тэтгэлэгт мэдээлэлд ойр, улс төрд нөлөө бүхий хүмүүс, тэдний ар гэр, найз нөхөд л хамрагдаж байжээ. Тийм ч учраас хуулийн хүрээнд ил тод болгох ёстой мэдээллийг өнөөдрийг хүртэл нууцалсаар байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *