Б.Номин: Хувцас, тоглоомоо цэвэрхэн хэрэглээд бусдад шилжүүлэх, солилцох боломжтойг хүүхдэд багаас нь ойлгуулмаар санагддаг
Фэйсбүүк, интаграм дахь “Холио Солио” нэгдлээс санаачлан улирал тутам өөрөө хэрэглэдэггүй зүйлсээ авчирч, хэрэгтэй зүйлсээр солих, эсвэл бусдад бэлэглэх, хандивлах зэргээр эргэлтэд оруулж, илүү зүйлсээсээ ангижирч минимал амьдралын хэв маягт суралцах агуулгыг залууст уриалсан ээлжит өдөрлөгийг өнгөрсөн лхагва гарагт /2024.08.07/ зохион байгууллаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах талбайд зохион байгуулсан уг өдөрлөгт залуус өмсөхгүй болсон хувцсаа угааж, индүүдээд дараагийн таарсан хүн нь хэрэглэх боломжтойгоор аваад ирж. Мөн чимэг, зүүлт, бэлэг дурсгалын зүйлс хийдэг залуус гар урлалын бүтээгдэхүүнээ борлуулах, бусадтай солилцох зорилгоор авчирч дэлгэсэн харагдав. Өчигдөр үдээс хойш усархаг бороо орсон тул зарим залуус ирэх аргагүй болсноо зохион байгуулагчдад уламжилжээ.
“Зуу нар” урлангийн гар урлаач Ариумаа чихмэл тоглоом, тоглоомын хувцас, бэлэг дурсгалын зүйлс урладаг аж. Тэрээр энэ удаа өөрийн урласан монгол хантааз, чихмэл тоглоом, хүүхдийн тоглоомын хувцас зэргийг авчирсан байв. Ариумаа “Холио Солио”-д нэгдээд гурван жил болж байна. Гар урлалын бүтээгдэхүүнээ бусдадаа танилцуулахын хажуугаар хэрэгтэй зүйлсийг нь заавал худалдаж авахгүйгээр солилцдог нь их таалагддаг. Заавал хуучин биш, шинэ зүйлээ ч солилцдог гэлээ.
“Холио Солио” пэйж хуудсыг санаачлан хөтлөгч, зохион байгуулагч Б.Номинтой цөөн хором ярилцлаа. Тэрбээр 10 жилийн өмнөөс фэйсбүүк, интаграм дахь “Холио Солио” хуудсыг хөтлөх болсноос хойш гишүүд, дэмжигчдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр буй аж.
Анх 10 жилийн өмнө фэйсбүүк эвент хийхэд хүмүүс ирж хуучин хувцас, эд зүйлээ зарах, солилцох, гитар тоглох, дарс уух зэргээр өөрийнхөөрөө, тааваараа таатай байх өнцгөө олсон. Тэрнээс хойш улирал тутам зохион байгуулсаар өнөөг хүрсэн, оролцдог хүмүүс нь ч сайн мэдэх болжээ. Сүүлийн үед үүнтэй ижил төрлийн үйл ажиллагаа цөөнгүй болж байна, бидний нийгэмд хүргэх гэсэн мессэж биеллээ олж байгаа нь сайхан санагддаг.
Бид давхар дотоодын гар урлаачдаа дэмжиж, олонд таниулах, бүтээгдэхүүнийг нь сурталчлах зорилготой. Энэ хугацаанд зарим урлаачид маань өөрийн брэндийг үүсгэж, амжилттай явааг харахад бахархалтай сайхан байдаг гэв.
Монголд Street shop буюу хуучин хувцасны дэлгүүрүүд ч хаалгаа нээлээ. Хуучин хувцас гэхээр хүмүүс цэрвэх биш, байгальд ээлтэй гэдэг утгаар эергээр хүлээж авах болсон. Нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж маш их энерги зарцуулж, хүлэмжийн хий ялгаруулдаг. Тиймээс нэгэнт бэлэн болсон бүтээгдэхүүнийг өөрөө хэрэглэхгүй тохиолдолд дараагийн хэрэгтэй хүнд дамжуулан улмаар бүрэн ашиглах нь хүрээлэн буй орчиндоо ээлтэй амьдарч буйн нэг илрэл гэж үздэг.
Нэгэнт бэлэн болсон бүтээгдэхүүнийг өөрөө хэрэглэхгүй тохиолдолд дараагийн хэрэгтэй хүнд дамжуулан улмаар бүрэн ашиглах нь хүрээлэн буй орчиндоо ээлтэй амьдарч буйн нэг илрэл гэж үздэг.
Гэрт төрөл бүрийн хувцас, гутал, тоглоомууд хаягдал болон хэвтэж байдаг. Тэр дундааа хүүхдийн хувцас амархан багадаж, хэрэглээнээс гардаг учир хүүхдийн хувцас, тоглоом, ном гэх зэргээр төрөлжүүлэн хямд үнээр борлуулах, солилцох эсвэл хүүхдүүд өөрсдөө худалдаж, солилцоо хийх ашгийн бус арга хэмжээг бид тогтмол зохион байгуулдаг.
Хувцас, тоглоомоо цэвэрхэн хэрэглээд дараагийн хүнд шилжүүлэх, борлуулах, солилцох боломжтойг ойлгуулснаар хүүхэд аливааг ариг гамтай хэрэглэх, байгаль орчноо хайрлан хамгаалах олон зөв дадалд багаасаа суралцдаг.
Сая нэг хүн ирж хуучин хувцаснуудаа хандивлалаа. Тэр хувцсыг бид хуучин хувцас, хэрэгслийн “Тойрог” гэж дэлгүүрт худалдаж, орлогоор нь хандивын сайн дурын арга хэмжээ санхүүжүүлдэг.
Хуучин хувцас хэрэгсэл гэхээр манайхан муухай, эсвэл орлого багатай хүмүүс л хэрэглэдэг мэтээр хүлээж авах хандлага ажиглагддаг. Огт тийм биш л дээ, дэлхий нийтээр хэрэглэхээ больсон хувцас, эд зүйлээ хэрэгтэй хүнд нь дамжуулах соёл хэдийнэ тогтсон. Энэ нь байгаль орчноо хайрлан хамгаалахаас гадна эдийн засгийн хэмнэлт зэрэг олон талын ач холбогдолтой.
Монголчууд эртнээс байгаль орчиндоо ээлтэй малын гаралтай түүхий эдийг бүрэн хэрэглэдэг уламжлалтай ард түмэн байв. Харин хөгжлийг дагаад энэ уламжлал алдагдсан. Чухал хэрэгцээгүй зүйлс маш ихээр худалдаж авдаг, тэгсэн хэр нь яг хэрэгтэй үлдэцтэй зүйлдээ гар татах хандлага ч ажиглагддаг. Гоё ганганд их хууртдаг тал бий. Надад ч тийм үе байсан, энэ хандлага нь өөрт хийгээд хүрээлэн буй орчинд ч халтай гэдгийг ойлгосноос хойш энэ үзэл санаа, дэлхийн хүн төрөлхтөний хөгжлийн чиг хандлагаас монголчууд мөн тусгаасай гэдэг утгаар анх санаачил гарган ажилласан.
Би аялал жуулчлалын үйлчилгээний мэргэжилтэй, ресторан ажиллуулдаг. Энэ бол сайн дураар сонирхлоороо хийдэг ажил л даа. Хэрэгтэй гэж авсан зүйлсээ бүрэн ашиглаж, хэрэггүй эд зүйлээс татгалзсанаар амьдрал их амар хялбар болдог. Гадуур явахдаа ч нэг удаагийн аяга, таваг хэрэглэхээс татгалзахыг хичээдэг. Гэвч хэт туйлширч 100 хувь “eco friendly” байх хэцүү л дээ. Өөрийн боломжоор хүн бүхэн хичээвэл хог багасна. Байгаль орчиндоо ээлтэй амьдарч чадна шүү дээ.
Би Сингапурт улсын дунд сургуульд нь сурч байсан. Сингапур бол өндөр хөгжилтэй хот улс. Тэнд хүний нүд баясгах гял цал зүйлс их байдаг, тэдгээрийг аль болох худалдан авахуулах маркетинг давхар явуулна л даа. Тэр бүхэнд автаж сонирхож, цуглуулж явсан үе бий. Бясалгаад, бодоод эхлэхэд энэ нь үр ашиггүй хоосон зүйл гэдгийг аяндаа ойлгоно.
Сингапурын дунд сургуулийн хөтөлбөрт борооны усыг хуримтлуулж дахин ашиглах, нарны гэрлийг хэрхэн энерги болгох вэ гэх мэтээр хүүхдэд багаасаа байгаль орчиндоо ээлтэй, хэмнэлттэй амьдрах тухай хичээл ордог. Арал улс учир цэвэр усны хомсдолтой, ундны усаа импортолж авдаг. Гадаадаас худалдаж авдаг усныхаа үнийг хэрхэн бууруулах вэ гэсэн тодорхой бодлоготой. Тэр бодлогоо хүүхдүүддээ нэгдүгээр ангиас нь тархинд суулгаж өгдөг нь маш их таалагдсан.
Гэтэл манай улсад крантны цэвэр ус үргэлж гоожиж байх юм шиг санадаг, усны хэмнэлтийн тал дээр учир дутагдалтай харагддаг юм. Монголчууд бид хүрээлэн буй орчиндоо ээлтэй амьдаръя гэвэл аль болох бага хог гаргахыг хичээх, энэ талаар хүүхдүүддээ зааж сургахаас эхлэх ёстой юм шиг санагддаг гэж Б.Номин ярилаа.
Фэйсбүүк хаяг: Холио Солио