“Гишүүдийн 38 нь тойрог, 38 нь жагсаалтаар сонгогдохыг дэмжсэн”
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжсэн байна.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Бүлгээр УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжлээ. УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг гараад ажиллаж байгаа.
Парламентад суудалтай гурван намын төлөөлөл буюу МАН, АН, ХҮН-аас төлөөлөл орж, хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу ирэх зургадугаар сарын 20-оос өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай учраас энэ долоо хоногийн Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаас санал аваад УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд хэд, хэдэн өөрчлөлт бий. Үүнээс таван өөрчлөлтийг хэлье.
- Сонгуулийн тогтолцоог холимог болгох. УИХ-ын 76 гишүүний 38 нь тойргоос, 38 нь намын жагсаалтаар УИХ-д сонгогдох.
- Сонгуулийн зардлыг бууруулахтай холбоотой заалт оруулсан. Нэр дэвшигчийн зурагт самибар, шадар туслахуудын тоог багасгасан. Хямд зардалтай сонгууль хийхэд чиглэж байна.
- Гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн саналыг авахтай холбоотой заалт оруулсан.
- Нэгэнтээ пропорцианаль тогтолцоо орж ирж байгаа учраас улс төрийн намд 3 хувийн босго тавих. 5 хувиас 3 хувь болгон босгыг бууруулж байна.
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хүйс 30-аас доошгүй хувьтай байна гэдэг босго тавьсан. Бүлгийн хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, байр сууриа илэрхийлсэн гэлээ.
Мэдээлийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Хуулиараа УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй болчихсон биш үү?
-УИХ-ын сонгууль болохоос нэг жилийн дотор Сонгуулийн хуульд өөрчөлт оруулахыг хориглоно. Тэгэхээр ирэх зургадугаар сарын 20-ноос өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах эрх бий. Зургадугаар сарын 20-ноос хойш уг хуульд өөрчлөлт оруулах боломжгүй.
-Улсын ерөнхий прокурор Т.Аюурсайхан нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Бүлэг гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар шийдвэрээ гаргасан уу?
-Улсын ерөнхий прокурор УИХ-ын даргын нэр дээр нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах шаардлага байна гэж хүсэлт ирүүлсэн. УИХ тав хоногийн хугацаанд багтааж, шийдвэрлэх ёстой. МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээгүй, Лхагва, Пүрэв гаригийн аль нэгд хэлэлцэнэ. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн хэрэгтэй танилцах эрх хуулиар олгогдсон байдаг. Тус хороо хуралдаж шийдвэрээ гаргасны дараа бүлэг хуралдаж, шийдвэрээ гаргана.
-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөнөөр Архангай аймагт нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүсээд байна. Энэ асуудлаар УИХ шийдвэрээ гаргах ёстой. Нөхөн сонгуулийг хэзээ зарлах вэ?
-Хуульд зааснаар нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор гэдэг учраас энэхүү хугацаанд багтаан, УИХ шийдвэр гаргах ёстой.
-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага үүсч байгаа юу?
-Өнөөдөр мөрдөж байгаа Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд холимог тогтолцоо Цэцийн шийдвэрээр нээлттэй учраас энэ чиглэлээр хууль өргөн баригдсан.
Улс төрийн намуудын тавьдаг санал бол Үндсэн хуульд тогтолцоог заавал оруулж өгөх шаардлага байна. Ингэхгүй бол эрх барьж байгаа намын асуудал нь сонгуулийн тогтолцоо болоод байна гэдэг асуудал байнга яригддаг. Ийм учраас цаашдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах юм бол сонгуулийн тогтолцоог заавал оруулж, тусгаж өгөх шаардлагатай гэдэг байр суурьтай байгаа.
Одоогийн өргөн барих төслөөр 38 хүн намын нэрсийн жагсаалтаар, 38 хүн тойргоос сонгогдоно. Намыг дэмжихгүй гэвэл нэр дэвшигчийг дэмжиж болно.
-Холимог тогтолцоо Монголд илүү тохирно гэж үзэж байгаа үндэслэл юу вэ, хоорондоо зөрчил үүсгэхгүй юу?
-Дэлхийд хоёр янзын сонгуулийн тогтолцоо байгаа. Нэг нь тойргоос сонгогддог, хоёр дахь нь намаас нэр дэвшиж, улс орон даяар санал авч намаас сонгогддог. Намынх нь улс орныг төлөөлж сонгогддог, нөгөөдөх нь тойргоос сонгогдож байгаа гэдэг агуулгаар ойлгож явбал зөв. Энэ хооронд зөрчил гарахгүй.
2012 оны УИХ-ын сонгуулийг 28х48-аар хийгээд дөрвөн жил парламент нь яваад ирсэн. Улстөрчид, улс төрийн намаас “Монгол Улсын хөгжил тогтвортой байя гэвэл холимог тогтолцоог авах хэрэгтэй байна” гэдэг шаардлагыг байнга тавьж байгаа. Тийм учраас улс төрийн намуудын санал, нийгмийн нөхцөл байдлаа хараад УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог өргөн барьж байгаа юм.
-Гишүүдийн тоог нэмэх үү?
-Өргөн барих төсөлд өнөөдрийн хуулийн хүрээнд буюу 76 дотор байгаа. Тоог ярилцах боломж байгаа, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа. Гэхдээ хугацаа зургадугаар сарын 20-ны дотор байгаа. Түүнээс хойш боломжгүй.
-МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, 20 орчим гишүүнийг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ гэдэг мэдээлэл байна. МАН-ын хэд, хэдэн гишүүн Боловсролын зээлийн сангаас зээл авсан, хариуцлага ярих уу?
-Өнгөрсөн онд хуралдсан манай намын их хурлаас гэмт хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан тохиолдолд намын гишүүнээс түдгэлзэнэ гэсэн дүрэм гаргасан. Хэрэв сайн дураараа намын гишүүнчлэлээс түдгэлзэхгүй бол Хяналтын хороо шийдвэр гаргана гэж дүрэмд заасан. Дүрмийнхээ дагуу л шийдэгдэнэ.
Боловсролын зээлийн сангаас зээл авсан асуудалд иргэд шүүүмжлэлтэй хандаж байна. Өөрийн гэсэн шалгууртай, зээл авах шалгуураа хангасныг буруутгаж болохгүй. Бүлгээр энэ асуудлыг албан ёсоор ярилцаж байр суурь гаргасан зүйл алга.