Хуулийн этгээд байгуулахтай холбоотой бичиг баримтаа бусдаар зуучлуулсанаар та хохирогч болно
Сүүлийн үед хуулийн этгээдийн улсын бүртгэлд хуурамч бичиг баримтаар бүртгэл хийлгэх гэмт хэрэг цөөнгүй гарч байгаа ажээ. Тухайлбал, иргэн, хуулийн этгээд нь хувиараа “Компанийн бичиг баримт бүрдүүлж өгнө, Манайхаар баримт бичгээ бүрдүүлж өгсөн тохиолдолд тамга, тэмдэг хурдан гаргаж өгнө” гэх зарын дагуу холбогдсоноор залилуулах, эд хөрөнгөөрөө хохирох болон өөрөө гэмт хэрэг, зөрчилд холбогдох, иргэний хэрэг, маргаанд татагдан орох тохиолдол их байна.
Залилагчид нь танд “зуучилж өгөх” нэрийдлээр урьдчилгаа мөнгө авснаар эцэст нь таныг цахим хаяг болон гар утас дээрээ блоклох, устгах зэргээр хариуцлагаас зугтаж, та хохирогч болдог.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан компанийг үүсгэн байгуулах, мэдээлэлд өөрчлөлт оруулах бүртгэлийг хуульд заасан хугацаанд, баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авснаас хойш гадаадын хөрөнгө оруулалттай компанийг ажлын 5 хоногт, бусад хуулийн этгээдийг ажлын 2 хоногийн дотор тус тус бүртгэдэг тул ямар нэгэн этгээдээр дамжуулан бүртгүүлэх шаардлагагүй юм.
Мөн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх, өөрчлөх, татан буулгах тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудас болох burtgel.gov.mn сайтаас холбогдох маягтуудыг татан авч, хуулийн этгээд үүсгэн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, тэмдэглэл, хуулийн этгээдийн дүрмийн загвар зэргээс ашиглах боломжтой байна.
Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.2.1 дэх хэсэгт зааснаар
-тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн,
-эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ,
23.2.2 дахь хэсэгт зааснаар
Энэ гэмт хэргийг үйлдэж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.
Иймд ямар ч тохиолдолд та хувиараа компанийн бичиг баримт бүрдүүлж өгнө гэх зар, хувь хүмүүсээр баримт бичгээ бүрдүүлэлгүйгээр өөрсдөө журмын дагуу бүрдүүлж, Улсын бүртгэлийн байгууллагад хандах нь гэмт хэрэг, зөрчилд холбогдох иргэний хэрэг маргаанд татагдан орох, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой болохыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.