ШИНЭ ЭХ БАРИГЧИЙГ ДАДЛАГАЖУУЛЖ СУРГАХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-тай хамтран “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг 2021-2024 оны хооронд хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн хугацаанд төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог сайжруулахад чиглэсэн нилээдгүй ажлыг амжилттай хийж, хэрэгжүүлсэн.
Эх баригч мэргэжилтний эрх зүйн баримт бичгийг шинэчлэх, шинэ төгссөн эх баригчийг ажлын байран дээр сургах тогтолцоог бий болгох зэрэг ажлууд хийгдэж байна.
Энэ удаа шинэ төгссөн эх баригч нарыг ажлын байран дээр дагалдуулан сургах сургагч багш нарыг чиглүүлэх, чадавхжуулах, шинэ эх баригчийн сургалтын хөтөлбөрийг эрүүл мэндийн байгууллага дээр хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Зочноор Япон улсын София их сургуулийн хүндэт багш, төслийн богино хугацааны мэргэжилтэн Саяама Риэ хүрэлцэн ирж туршлага хуваалцан, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.
Шинэ эх баригчийг ажлын байран дээр нь сургаж дадлагажуулах хөтөлбөр нь шинэ эх баригчийг өөрийн байгууллагад ээнэгшүүлэн дасгаж хүлээн авах, сэтгэл зүйг нь бэлдэж, цаашид тогтвор суурьшилтай, үр бүтээмжтэй ажиллахад маш их дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.
Тус хэлэлцүүлэгт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын эх баригчдын нийгэмлэг, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр болон Жайка Олон улсын байгууллагын төслийн нэгжийн зөвлөх мэргэжилтнүүд оролцож байна.