Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийг бууруулна
НЗДТГ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд энэ онд 70-100 өрхийг нарны эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэхээс гадна сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, түүний ач холбогдлын талаар иргэд олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Л.Хосбаяр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бүс нутаг хариуцсан суурин төлөөлөгч Лин Цаотай уулзаж, төслийн хэрэгжилт, цаашид хийх ажлын талаар санал солилцов. Уг төслийн хүрээнд нарны эрчим хүчээр 76 айл өрхийн хэрэглээг хангах судалгаа болоод бусад холбогдох бэлтгэл ажлыг хангаж, суурилуулалтын ажлыг эхлүүлсэн байна.
Улаанбаатар хотын гэр хорооллын өрхийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийг бууруулах боломжтой гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байна.
НЗД-ын орлогч Л.Хосбаяр “Төвлөрсөн дулаанд холбогдоогүй гэр хорооллын оршин суугчид өвлийн улиралд 24 цагийн турш шахмал түлш түлж байна. Гэр хорооллын 200,000 орчим өрх нүүрсэн суурьтай түлшээр халаалтын хэрэгцээгээ хангаж байгаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол хүчин зүйл бөгөөд энэ нь оршин суугчдын эрүүл мэндэд, тэр дундаа хамгийн эмзэг бүлэгт багтдаг эмэгтэй тэргүүнтэй өрхийн гишүүдийн эрүүл мэндэд томоохон аюул учруулж байна. Агаарын бохирдол эрүүл мэндэд хор хохирол учруулдаг болох нь тоо баримтаар нотлогдсон бөгөөд энэ нь Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний шинэ загварт шилжих үндэслэл болж байна. Цаашид энэхүү төслийг улам өргөжүүлэн, сэргээгдэх эрчим хүчний салбарт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана” гэв.