Манлайлагч эмэгтэйчүүд юуг онцлов?

0

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаа амжилттай болж өндөрлөлөө.

“Ногоон ирээдүйн төлөө” сэдвээр НҮБ-тай хамтран зохион байгуулсан тус чуулга уулзалтад 19 улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд, олон улсын 20 гаруй байгууллага, төрийн бус байгууллага, иргэний нийгэм болон бизнес, спорт, урлаг зэрэг салбарын манлайлагч 800 гаруй эмэгтэй чуулсан юм. Чуулганд оролцогчдын илтгэлээс эшлэн толилуулж байна. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сайд:

Эмэгтэйчүүд тэгш эрхтэй, чадвартай байвал нийгэм уян хатан болдог, эдийн засаг бэхэждэг, энх тайван тогтдог. Монголын түүхэнд эмэгтэйчүүд эрчүүддээ ямагт түшиг болж, олон улс, үндэстнийг багтаасан Их гүрнийг байгуулахад чухал хувь нэмэр оруулсан. Их хаадын маань ээж, хатад, охид, бэр, зээ нар Евроазийн түүхэнд монгол эмэгтэйн хатан ухаанаар энх тайвныг тогтоох, худалдааг хөгжүүлэх, дэвшилтэт үзэл санааг дэлгэрүүлэх, шашныг хүндэтгэх, соёл урлагийг хөгжүүлэх үйлсийг гардан хариуцаж, удирдаж явжээ. Монгол орон хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хүйсийн эрх тэгш байдлын эртний уламжлалтай. Бидний нүүдлийн соёл иргэншлийн үзэл санаа байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ногоон хөгжлийн агуулгатай. Энэ хурлаар манай улс хүйсийн тэгш байдлаас эхлээд НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт хүртэлх асуудлыг хэлэлцдэг, шийдэл олдог олон улсын индэр байх бололцоотой, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэйгээ дахин илэрхийлэх боломж гарч буйд баяртай байна.

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар: 

Боловсрол нь эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлж, квот, жендэрийн шалгуураар давуу боломж олгох нь тэдний эрхийг хангах хамгийн хүчирхэг арга зам мөн. Хөгжил дэвшилд жендэрийн эрх тэгш байдал амин чухлыг Словени улс эртнээс ухамсарлаж ирлээ. Өдгөөгөөс 32 жилийн тэртээ манай улс НҮБ-ын гишүүн болох үед парламентын гишүүдийн 14.4, Засгийн газрын гишүүдийн 7.7 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байсан. Өнөөдөр энэ үзүүлэлт 35.5 болон 33.3 хувь болж нэмэгдсэн. Манай нэг хүнд ногдох ДНБ ч 7000 гаруй ам.доллароос 34000 орчим ам.доллар болж өссөн. Эмэгтэйчүүдийн оролцоог хангах нь улс оронд төдийгүй нийгмийн хөгжил цэцэглэлтэд амин чухал болохыг эдгээр тоо баримт гэрчилж байна.

НҮБ-ын Женев дэх төвийн ерөнхий захирал Т.Валовая: Өнөөгийн хуваагдмал дэлхий ертөнцөд харилцан уялдсан асуудлын шийдлийг олох нь амаргүй хэрэг юм.

Улам нэмэгдэж буй уур амьсгалын өөрчлөлт, цар тахлын дараах сэргэлтийн хүнд хэцүү үе, дэлхий даяарх зөрчил мөргөлдөөн, технологийн тасалдал бэрхшээл зэргээс шалтгаалсан сөрөг үр дагавар улс орнуудын хил хязгаарыг үл харгалзан нөлөөлж байна. Эдгээр сорилтыг даван туулахын тулд Засгийн газар, ОУБ, ИНБ, эмэгтэйчүүд, залуусын байгууллага, эрдэмтэн судлаачдын хувиар хамтран ажиллахаас өөр сонголт алга. 

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын

Ерөнхий захирал Эми Пөүп:


Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий даяар шинээр тохиолдож буй шилжин суурьшилтын хамгийн гол шалтгаан болж, охид, эмэгтэйчүүд үүнд илүү ихээр өртөж байна. Монгол Улсад байнгын давтамжтай тохиолдож буй ган гачиг бэлчээрийг хатаан доройтуулж, хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг бий болгож байгаагаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг харж байна. Эл сөрөг нөлөө малчин охид, эмэгтэйчүүдэд маш эмзэг тусаж байна.

Япон Улсын ЗГХЭГ-ын Жендэрийн тэгш байдын товчооны

Ерөнхий захирал Окада Кейко: 

Хувь хүний эрх, ялгаатай байдлыг хүндэтгэдэг нийгмийг цогцлоон бүрдүүлэхэд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь чухал бодлого байдаг. Ийм нийгмийг байгуулахын тулд бид багц бодлого жил бүр томьёолж хэрэгжүүлдэг.

Энэ оны 6 дугаар сард баталсан “Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах 2024 оны үндсэн  бодлого”-д (1) компани дахь эмэгтэйчүүдийн идэвхтэй оролцоог дэмжих, (2) эмэгтэйчүүдийн орлогыг нэмж, тэднийг эдийн засгийн хувьд чадавхжуулах санаачилгыг урагшлуулах, (3) хувь хүний алдар хүндийг хүндэтгэж, аюулгүй байдлыг хангах, (4) жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжиж, эмэгтэйчүүдийг чадавхжуулах санаачилгыг хурдасгах зэрэг хүний нөөцийн хөгжлийн сэдвээрх 4 тулгуур зорилтыг дэвшүүлсэн. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *