БАРИМТ: Б.Энхбаяр, Ч.Лодойсамбуу нарын эсэргүүцэж буй Тендерийн хуульд УИХ-ын Тамгын газраас хууль зүйн дүгнэлт хийж “Холбогдох хуулиудтай зөрчилдөж” байгааг сануулжээ
Энэ сарын 22-23–нд шилжих шөнийн 00.00 цагт Төсвийн байнгын хороо хуралдаж Тендерийн хуулийг хэлэлцэв
-ЗГ-ААС “ТЕНДЕРИЙН ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХГҮЙ”, “ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫГ САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭР БАТЛАГДАХААС ӨМНӨ ЭХЛҮҮЛЖ” БОЛНО ЗЭРЭГ ӨӨРЧЛӨЛТИЙГ ОРУУЛЖ ИРЭВ-
Шинэ Засгийн газраас 2024 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барихдаа хэд, хэдэн хуулийн өөрчлөлтийг дагалдуулсны зарим нь Тендер болон Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль.
Тухайлбал, Засгийн газар нь
-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд “Энэ хууль үйлчлэхээс өмнө зарласан тохиолдолд шалгарсан этгээдтэй Концессын хуулийн дагуу концессын дагалдах гэрээг байгуулна” гэсэн заалтыг тусгасан байгаа юм. Гэтэл Концессын хууль хэрэгжихээ больж Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөхөө больсон бөгөөд Засгийн газрын оруулсан энэ заалтаар хүчингүй болсон хуулийг хэрэглэж зарим ажлуудыг явуулахаар байна.
-Тендерийн хуулийн өөрчлөлтөд 2.3.3.7: Засгийн газраас хөгжлийн бодлого, шинэчлэлийн хөтөлбөр боловсруулж, нэр хүнд бүхий тусгай мэдлэг, ур чадвартай зөвлөх хувь хүн, хуулийн этгээдийг сонгох шаардлагатай гэж шийдвэрлэсэн бол тендерийн хуулийг дагаж мөрдөхгүй
-Тендерийн хуулийн өөрчлөлтөд 31.5: Тендер шалгаруулалтыг тухайн аргаар хоёроос доошгүй удаа зарлахад нэг ч тендер ирээгүй болтөрийн болон орон нутгийн өмчит, эсхүл өмчийн оролцоотой хуулийн этгээдээр тухайн худалдан авах бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгүүлж болно
-Тендерийн хуулийн өөрчлөлтөд 36.9: Заасан жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг санхүүжилтийн эх үүсвэр батлагдахаас өмнө эхлүүлж болно
-Тендерийн хуулийн өөрчлөлтөд 10 тэрбумаас дээш өртөгтэй ТӨҮГ, ТӨХК-иудын тендерийг ТХААГ зохицуулна зэрэг заалтыг тусгасан байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ч.Лодойсамбуу нар Тендерийн хуульд оруулж буй дээрх өөрчлөлтийг эсэргүүцэж “40 тэрбум долларын төсөл, хөтөлбөрийг нээлттэй тендергүйгээр, УИХ-ын хяналтаас гадуур шийдвэрлэх гэж байна. Тендерийн хуулийн өөрчлөлтийг төсөв дагуулж хулгайн арга замаар бус, тусдаа бие даасан байдлаар УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх зарчмын байр суурьтай байна” хэмээн хуулийг Засгийн газарт буцаах саналыг шөнө 00.00 цагт хуралдсан байнгын хорооны хуралдааны үеэр гаргасан ч дэмжигдээгүй унасан юм. Тэдний эсэргүүцэж буй агуулга бол хэдэн зуун тэрбум төгрөгийн үнэлгээтэй ажлыг сонгон шалгаруулалт, тендергүйгээр хийх хуулийн хулгайг төсөв дагуулж орж ирүүлсэнд байгаа бөгөөд УИХ-ын бусад гишүүдийгээ хяналттай, анхааралтай байхыг сануулсаар байгаа юм.
https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FIsee.mn%2Fvideos%2F713563607626840%2F&show_text=false&width=476&t=0
-ТЕНДЕРИЙН ХУУЛЬ НЬ УЛСЫН ИХ ХУРЛЫН “ТӨСӨВ БАТЛАХ” ОНЦГОЙ БҮРЭН ЭРХЭД ХАЛДАНА” ГЭСЭН ДҮГНЭЛТИЙГ ГАРГАЖЭЭ-
Мөн эдгээр хууль дээр УИХ-ын тамгын газраас Хууль зүйн дүгнэлтийг гаргасан байна.
УГ ДҮГНЭЛТИЙГ ХҮРГЭВЭЛ
-“Засгийн газраас хөгжлийн бодлого шинэчлэлийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх асуудлаар нэр хүнд бүхий тусгай мэдлэг, ур чадвартай зөвлөх хүн, хуулийн этгээдийг сонгох шаардлагатай гэж шийдвэрлэсэн бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалт хамаарахгүй байхаар тусгасан байна. Ингэснээр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлахгүй байхаар хуулийн төслийн заалтыг томьёолсон байна.
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэг буюу 9-т “Чадавхид суурилсан хэлэлцээний аргаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын санхүүжилтийн эх үүсвэр батлагдахаас өмнө эхлүүлж болно” гэж тусгасан УИХ-ын “Улсын төсвийг батлах” онцгой бүрэн эрхт халдсан гэж үзэхээр байх тул хасах саналтай байна. Өөрөөр хэлбэл, УИХ-аас тухайн жилийн төсвийг батлаагүй байхад төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг эхлүүлсэн байх нь УИХ уг төсөл, арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрийг заавал батлах нөхцөл рүү оруулж байна.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хүчингүй болсон Концессын тухай хуулийн дагуу Төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалт зарласан тохиолдолд шалгарсан этгээдтэй концессын гэрээ, дагалдах гэрээг байгуулахаар тусгасан нь Хууль тогтоомжийн тухай 27 дугаар зүйлийн 1.3-т “Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүргийг шинэ хуулийн дагуу хэрхэн хамгаалах, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах,, өөрчлөх, хүчингүй болсонд тооцох болон сөрөг үр дагаврыг арилгах нөхцөл, арга зам хариуцлагыг зохицуулах хэлбэр”, 27.1.5-д “өмнөх хууль, эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн зарим хэсэг хүчин төгөлдөр үйлчлэх тодорхой нөхцөл, тохиолдол” зэрэг асуудлыг хуулийг дагаж мөрдөх журмаар зохицуулахаар заасантай нийцээгүй байна зэргээр дүгнэлт гаргажээ.
Тендерийг хуулийг үргэлжлүүлэн УИХ-аар хэлэлцэнэ.
Эх сурвалж: Isee.mn