Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсгээс Ч.Ундрамыг хасахыг хүсчээ
Эцэг, эхчүүдийн төлөөллөөс УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр боловсруулж буй Боловсролын баг хуулийн төслийн ажлын хэсгээс УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг хасуулахаар Эцэг, эхийн төлөөллөөс УИХ-ын дарга Г.Занданшатар болон салбарын сайд, холбогдох албаны хүмүүст ил захидал илгээсэн байна. Ил захидалд өөрийн хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж буй бичлэг нь цацагдсан асуудал шийдэгдээгүй байхад боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсэгт эрхэм гишүүнийг оруулах нь зүйд нийцэхгүй гэж дурдсан байна. Ил захидлыг дэлгэрэнгүйгээр нь хүргэж байна.
ИЛ ЗАХИДАЛ
Эрхэм УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн, Боловсролын багц хуулийн ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням танаа:
УИХ-ын хаврын чуулганаар Боловсролын багц хуулийг хэлэлцэж эхэлж байна. Энэхүү хуулийн төсөлд хүүхдэд олгох ёс зүй, хүмүүжил, хүүхдийн эрхийн асуудлыг ихээхэн анхаарч байгаа гэх таатай мэдээлэл байна. Харамсалтай нь, хүүхдүүдийн ёс зүй, хүмүүжлийн асуудлыг тусгаж буй энэхүү хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг”-т УИХ-ын гишүүн Ч.Ундрам багтан, бүр “Дээд боловсролын тухай хуулийн ажлын хэсэг”-ийн ахлагчаар ажиллаж байгаа гэх таагүй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдлаа. Сүүлийн үед Ч.Ундрам гишүүний үйлдсэн гэр бүлийн хүчирхийллийн асуудал олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулахын зэрэгцээ, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн Тавдугаар бүлгийн 31.1-д заасны дагуу “Хэргийг шалгаж буй цагдаагийн алба хаагч хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирсан, эсхүл учирч болох эрсдэлд аюулын зэргийн үнэлгээ” хийсэн эсэх, 31.2т заасны дагуу “Цагдаагийн алба хаагч аюулын зэргийн үнэлгээг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдсэн байж болох орчинд, эсхүл хохирогчийн байгаа газарт очиж хийсэн” эсэх, энэхүү хэрэгт Эрүү, Зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа эсэх, Хүүхэд хамгааллын байгууллагаас хохирогчтой холбогдож, эрх зүйн туслалцаа болон хуульд заасан бусад туслалцааг үзүүлсэн эсэх зэрэг олон асуудал тодорхойгүй байна. Ч.Ундрам гишүүн энэхүү ёс зүйгүй, Эрүү, Зөрчлийн гэмт хэргийн шинжтэй үйлдлээ “Миний хувийн асуудал” хэмээн тайлбарлаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээр далайлган хариуцлагаас зайлсхийж байгаа нь хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын гишүүний хувьд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл юм. Өнөөдөр жирийн иргэн Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь нотлогдсон (УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй гэмт хэрэг гэрчийн олон нийтэд цацсан видео бичлэгээр олон нийтэд ил болсон) тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу 100 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох, 7-30 хоног баривчлах, Эрүүгийн хуульд заасны дагуу зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Гэтэл эрхэм гишүүн энэ бүх хариуцлагаас зайлсхийхийн зэрэгцээ бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийн боловсрол, ёс зүй, хүмүүжлийн асуудалд УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ далайлган оролцож байгаа увайгүй явдлыг Монголын нийт эцэг, эхчүүд эрс буруушааж байна. Иймд УИХ-ын гишүүн Ч.Ундрамын асуудлыг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор нэн даруй хэлэлцэж, шийдвэрлэх, “Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсэг”-ийн гишүүнээс хасах, Байнгын хорооны гишүүнээс татгалзуулах, УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах зэрэг асуудлыг нэн даруй хэлэлцэж шийдвэрлэж олон нийтэд хариу мэдэгдэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Боловсролын багц хуулийн ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням та бүхнээс шаардаж байна. Бид ийм ёс зүйгүй хүнээр Боловсролын хууль гардаж батлуулахыг эрс эсэргүүцэж байна.
Эцэг, эхчүүдийн төлөөлөл…
2023.03.27