М.Пүрэвжав: Монгол Улс энэ их өвчлөл, хорт хавдрыг даван туулья гэвэл хүүхдийнхээ хоолонд л анхаарах хэрэгтэй

0

Хоол зүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжавтай  “Шим тэжээлийн тэнцвэртэй цэс” номын талаар ярилцлаа. Япон улсын ЖАИКА олон улсын байгууллагын “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд  “Шим тэжээлийн тэнцвэртэй цэс” номыг боловсруулсан билээ. 2024-2025 оны хичээлийн жилд “Үдийн хоол” хөтөлбөрийн дагуу бага ангийн сурагчдын хоолыг бэлтгэхэд энэ номыг ашиглах юм.

-“Шим тэжээлийн тэнцвэртэй цэс” номын талаар яриагаа эхлүүлье. Ер нь манай улсад хүүхдийн хоолны цэсний нэгдсэн ийм ном байсан уу, энэ ном юугаараа онцлог болсон бэ?

-Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл бол олон юмнаас бүрдэж байгаа комплекс систем. Гал тогоо байхгүй бол яаж хоол үйлдвэрлэх вэ, хүний нөөц байхгүй бол яах уу, хүнсний хангамж байхгүй бол яах уу гэх мэт. Гэхдээ дээрх бүгд байсан ч технологийн гол бичиг баримт бүхий цэсний номнууд мөн чухал үүрэг гүйцэтгэнэ. Манай улсад хүүхдийн хоолны цэсний хэд хэдэн ном байдаг. КОЙКА-гийн төслөөр болон бид нарын өмнө нь хийж байсан номнууд ч байгаа.  Энэ удаа ЖАЙКА төслийн хүрээнд энэ номыг бүтээсэн. Энэ ном өмнөх номнуудаасаа шим тэжээлийг өнгөний системээр харуулснаараа онцлог. Өдөрт шар, улаан, ногоон гэсэн гурван өнгөнөөс бүтсэн хоолыг хүүхдэд өгч байх хэрэгтэй. Улаан өнгө нь уургийг, шар нь эслэг, нүүрс ус, ногоон өнгө нь эрдэс бодис, амин дэм илэрхийлдэг. Хүүхдийн хоногт авах илчлэг, шим тэжээлийн бодисын Үдийн хоолоор авах хэмжээг тооцоолон гаргаж, өнгөөр ялгаж өгсөн. Илүү системчилж өгсөн гэсэн үг.

-Улсын хэмжээнд бүх сургууль энэ номыг ашиглах уу?

-ЖАЙКА төсөлд зургаан сургууль хамрагдаж байгаа. Өвөрхангай, Дундговь, Улаанбаатар хотын тус бүр хоёр сургууль хамрагдаж байгаа. Энэ номыг бүтэн жилийн турш дээр дурдсан зургаан сургууль хэрэгжүүлсэн. Харин одоо бол  улсын 800 гаруй сургуульд хэвшил хамаарахгүйгээр хүргэгдэж байгаа. Мөн бусад боловсролын газруудад хүргэгдсэн гэж ойлгож байна.

-Зургаан сургуульд жилийн турш уг номны дагуу Үдийн хоолоо бэлтгэсэн байна. Үр дүн нь ямар байсан бэ?

– Сургуулиуд уг “Шим тэжээлийн тэнцвэртэй цэс” номын дагуу хүүхдүүдэд хоолоо бэлдэхэд  зөвлөмж өгч, Боловсролын газрын мэргэжилтнүүд хяналт тавьж ажиллаж байсан. Хуулийн дагуу бүх аймаг, дүүргийн боловсролын газарт цэцэрлэг, сургуулийн хоол хариуцсан мэргэжилтэн, хоолзүйчтэй  болсон. Зургаан сургууль дээрээ жил хэрэгжүүлээд үр дүнгээ  тооцож үзсэн. Сургууль болгон харилцан адилгүй байна. Зарим сургууль яг номны дагуу хэрэгжүүлсэн байна. Номны дагуу хэрэгжүүлсэн байна гэдэг чинь хүүхдүүддээ шим тэжээлтэй хоол өгч чадаж байна гэсэн үг.  Хоол иднэ гэдэг аяган дотор байгаа эсвэл тогоонд чанасан ямар нэгэн зүйлээр илэрхийлэгддэггүй. Хоолыг яагаад иддэг вэ.

Хоолонд шим тэжээлийн бодисууд агуулагдаж, тэр шим тэжээлийн бодисууд биднийг тэтгэж, эрхтэн системийг эрүүл байлгахад нөлөөлдөг. Хоолоор авах ёстой шим тэжээлийг авахгүй олон жил явахаар эрхтэн систем доголдож, өвчин үүсэж байна гэсэн үг.

-Үдийн хоолны төсөв нэг хүүхэд 1500 байгаа нь хангалттай юу энэ талаар та юу гэж боддог вэ?

-Үдийн хоолны үнэ КОВИД-ын өмнө нэмэгдсэн. Тэр үед бол болж байсан. Харин КОВИД-ын дараа хүнсний үнэ өссөн учраас 1500 төгрөг бол хангалтгүй болж байна. Хүүхдийн хоолонд улаан, шар, ногоон өнгөнөөс гадна цэнхэр өнгө орж ирж байгаа. Цэнхэр өнгө бол сүү, цагаан идээ бөгөөд зайлшгүй шаардлагатай. Хэрэв цэнхэр өнгийг нэмээд өдөр бүр дөрвөн өнгийн хоол өгнө гэвэл 1500 төгрөг үнэхээр хүрэлцэхгүй болж байгаа юм. Тиймээс хоолны төсвийг нэмэх саналыг удаа дара харьяа яамнаас оруулсан ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа. Хүүхдэд хоол өгөх нь ямар чухал вэ гэдгийг ойлгохгүй  л байна гэсэн үг. НҮБ -аас 2020 онд дэлхий дахиныг хамарсан сургуулийн хүүхдийн хоолны тайланг танилцуулсан. Тайланд өндөр хөгжилтэй орнууд хүүхдээ 100 хувь хооллодог, дунд орлоготой орнууд 50, бага буюу буурай орнууд 18 хувь хооллодог тухай тусгасан байсан. Хүүхдүүдээ хооллоно гэдэг чинь тухайн орны хөгжлийн түвшнийг хүртэл илэрхийлж байна гэж хэлж болно. Манай улсын хувьд хүүхдүүдээ бараг 100 хувь хооллодог гэсэн тайлантай.  Гэхдээ хоол өгөөд байгаа ч яг шим тэжээлтэй, тэнцвэртэй хоол өгөөд байна уу гэхээр үгүй байгаа юм.

Төслийн зургаан сургууль л гэхэд зарим  нь яг номны дагуу хүүхдүүддээ хоолоо бэлтгэж өгөөд зарим нь чадахгүй. Нэг нь чадаж байхад нөгөө нь яагаад чадахгүй байна вэ. Үүнд л гол асуудал байна.

Монгол Улс энэ их өвчлөл, хорт хавдрыг даван туулья гэвэл хүүхдийнхээ хоолонд л анхаарах хэрэгтэй. Бодит хөрөнгө оруулалт оруулах хэрэгтэй. Явж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг байгаад байж болохгүй. Энэ их өчвлөлийг эмнэлэг нэмж барьжсанаар шийдэггүй юм. Яахав тухайн үедээ гал унтраах байх.  Тиймээс хүүхдийн хоолны асуудыг бүх сургуулийн адилхан жигд болгох ёстой. Хоол муутай хувийн сургууль ч бий. Тиймээс хувийн улсын гэлтгүй бүгдийг адилхан жигд болгох ёстой. Одоогийн энэ өвчлөлийг тав, арван жилийн  дараа буулгая гэвэл одооноос хүүхдийн хоолонд анхаарах хэрэгтэй.

НИЙТ СУДАЛГААНД ХАМРАГДСАН 250 ХҮҮХДИЙН 5-10 ХУВИЙНХ НЬ Л ЯСНЫ НЯГТ НЬ ЭРҮҮЛ, БУСАД НЬ ЯС НЬ ЗӨӨЛӨРСӨН, СИЙРЭГЖСЭН ГЭЖ ГАРСАН

-Номыг бүтээхдээ 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн дунд явуулсан судалгаанд үндэслэсэн. Судалгааны үр дүн ямар байсан бэ?

-Манай улсын хоол, тэжээлийн үндсэн судалгааг хэрэгжүүлдэг байгууллага бол Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын алба байдаг. Хоол судлалын албаныхан 1-5 дугаар ангийнхны Үдийн хоолонд судалгаа явуулсан. Судалгааны үр дүнд яг юу дутагдаж байна вэ гэдэг нь тодорхой гарч ирсэн. Мөн бид энэ номондоо ямар хоол оруулах уу, ямар бүтэцтэй байх уу гэдгийг үндэс нь уг судалгаа байсан. Түүнчлэн тухайн судалгааны үр дүн бидний өмнө нь хийж байсан судалгааны үр дүнгүүдтэй бараг л ойролцоо байсан.

Судалгааны үр дүнгээс харахад үнэхээр анхаармаар зүйл бол 1-5 дугаар хүүхдийн ясны эрүүл мэндийн асуудал байсан. Нийт судалгаанд хамрагдсан 250 хүүхдийн 5-10 хувийнх нь л ясны нягт нь эрүүл гарсан байсан. Бусад нь яс нь зөөлөрсөн, сийрэгжсэн гэж гарч ирсэн. Түүнчлэн сүү, цагаан идээний хэрэглээ бараг байдаггүйтэй адил гэж гарсан.

 Хүмүүс сүү үнэтэй гээд байдаг гэтэл хүүхдэдээ авч өгдөг ундаа чипс, зайрмагтай харьцуулаад үз гэж би хүмүүст хэлмээр санагддаг. Гэхдээ сүүний үнийг илүү хямдраасай л гэж бодож байна.

Мөн эслэгийн хэрэглээ бага гэж гарсан. Эслэг бол гэдэсний ашигтай бактерийн хоол. Ашигтай бактер буураад ирвэл дархлааны систем хэвийн байх боломжгүй. Монголчууд бараг бүгдээрээ л бүдүүн гэдсэндээ хортой, хоргүй ургацагтай гэж байна. Одоо дэлхий даяараа гэдсэнд агуулагдах ашигтай бактери, ач холбогдлын талаар ярьж байна. Монголчууд зундаа махны хэрэглээгээ бууруулж, сүү цагаагаа илүү түгээмэл хэрэглэдэг байсан нь зөв хооллолтой байсны илрэл юм.

ХҮНИЙ ГЭДЭС, ХОДООД САНТЕХНИКИЙН ЗЭВЭРШСЭН ТРУБА БИШ

 -Бантан, төмс, цагаан гурил эрүүл мэндэд муу гэж олон хүн боддог. Яг үнэхээр муу хүнс, хоол гэж байдаг уу?

Бантан муу гэсэн яриа явсны дараа энэ талаар ярихыг хичээсэн. Яагаад зарим инфлюсерийн яриа тэгэж их олон хүнд хүрээд заримынх нь хүрдэггүйг нь сонин. Магадгүй илтгэх ур чадвартай холбоотой байх. Эсвэл манайхан буруу юманд илүү итгэдэг юм болов уу мэдэхгүй юм. Энэ номонд ч гэсэн бантанг оруулсан. Бантанг яаж хийж байна вэ гэдэгт л асуудал байгаа юм.

Туйлын хор мэт хүнс гэж байхгүй. Хорыг л идэж болохгүй. Гэхдээ уламжлалт ухаанд хорыг ч гэсэн дасгаж хэрэглэвэл хор мэт үйлчлэхгүй байж болно гэсэн нь сонирхолтой.

 Манайхан бантан хийхдээ яаж хийдэг билээ. Усан дотор хэдэн ширхэг мах буцалгаад, нөгөө хэдэн махаа шүүж аваад шөл нь зэхийсэн ус шиг юман дээр гурил үрж хийчээд бантан гэж өгөөд байдаг.  Тэрийгээ өдөр, орой гээд өгөөд байвал тэр хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орно. Тархины хөгжилд ч гэсэн өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Ингэж бантан хийвэл энэ бантанг л муу гэж хэлээд байгаа юм. Харин яс, ногоо, махны  шөлөнд гурилаа хийгээд өндөгний цагаан уураг, буурцагт ургамлаар баяжуулаад өгвөл ялгаагүй л шим тэжээлтэй хоол. Бантан гэдэг нэрэнд буруу байхгүй, яаж хийж байна вэ гэдэгт л учир байгаа юм.

 Нэг хэсэг  хүүхдээ “finger food”-ээр хооллосон шүү дээ. Тэр бас  л аймшигтай. Ногоо чанаад, жимс хэрчээд хүүхдэдээ хүлхүүлээд байгаа нь усанд чанасан бантантай агаар адил ш дээ. Яахав арай дээр байж болох юм. Гэхдээ тэр ногоо хүүхдийн шим тэжээлийг хангахгүй ш дээ.

Бантан гэдсэнд наалдана гэсэн юм байхгүй ээ. Хүний гэдэс, ходоод сантехникийн зэвэршсэн труба биш. Бүхэл бүтэн бодисын солилцоо явагдаж байдаг. Глютен гэхээр цавуу гэж ойлгоод байдаг юм уу.  Цаасан дээр зураг нааж байгаа юм шиг цавуудах юм байхгүй ш дээ. Энэ бүхэн юутай холбоотой вэ гэхээр бага наснаас хоол, шим тэжээлийн талаар боловсролгүй, мэдээллийг цензурдэж мэдэхгүй, хүнсээ сонгож мэдэхгүй байгаатай холбоотой. Тиймээс бид хүүхдүүддээ цэцэрлэг, сургуулиас нь эхлээд хоол, шим тэжээлийн талаар ойлголт өгөх хэрэгтэй. Хоол, шим тэжээлийн талаарх мэдлэг, ойлголт математик, англи хэлний хичээлтэй адилхан чухал гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хүний эрүүл мэнд гэдэг хоол, идэж ууж байгаа юмтай ихээхэн холбоотой. Мэдээж бусад эрсдэлт хүчин зүйл бий л дээ.  КОВИД, Улаанбурхан гэх мэт. Гэхдээ халдварын өвчний бактери, вирусийг нь устгачих л юм бол асуудалгүй. Харин олон жилийн буруу хоололтоос үүдэлтэй өвчлөлийг бол яаж ч чадахгүй.

 ШИНЭ УРГАЦЫН ТӨМС, БАЙЦААНД ТЭР ТУСМАА БАЙЦААНД ВИТАМИН С НЭЛЭЭД ӨНДӨР ТУНГААР АГУУЛЛАГДДАГ

-Сүүлийн нэмэлт витамин хэрэглэх нь түгээмэл болжээ. Энэ талаар та бодолтой байдаг вэ?

-Нэмэлт амин дэм буюу витамин бол үнэхээр дутмаг байгаа эсвэл бие махбодид нь дутал үүсчихсэн үүнийг нь нөхөх шаардлагатй, хоол тэжээлээр авч чадахгүй тохиолдол хэрэглэдэг зүйл. Нөгөө талаас эмчилгээний зорилгоор буюу аль нэг эрхтэн систем нь өвдсөн тохиолдолд хэрэглэгддэг.  Түүнчлэн нэмэлт витаминууд хүний биед үнэхээр өвчин үүсэхээс сэргийлдэг гэсэн нотолгоо шинжлэх ухаанд байхгүй. Хоолонд бүх амин дэм агуулагддаг. Тиймээс бид тэнцвэртэй хооллож л чадаж байвал нэмэлт амин дэм шаардлагагүй. Шинэ ургацын төмс, байцаанд тэр тусмаа байцаанд витамин С нэлээд өндөр тунгаар агууллагддаг.  Гэхдээ жилийн дөрвөн улирал шинэ ургацын байцаа идэх боломжгүй. Хэдийгээр зооринд хадгалсан ч гэсэн витамин С өөрөө тэсвэргүй учир хавар болоход байцаанд агуулагдах витамин С намрынх шиг байхгүй. Энэ үед нэмэлтээр витамин С хэрэглэж болох юм. Гэхдээ заавал синтетик аргаар гаргаж авсан бус жүрж, мандирин зэрэг жимсээр нөхөж болно.

-Гэрийн нөхцөлд тэнцэвртэй, шим тэжээлтэйгээр хэрхэн хооллох вэ?

Хүүхэд цэцэрлэг, сургууль дээрээ зөв хооллоно гэдэг гэр бүлийнхэндээ мөн нөлөөлдөг.  10 гаруй жилийн өмнө хүмүүс төдийлөн олон төрлийн будааа идэггүй байсан. Хөц будааг нохойнд өгдөг хоол гээд зарим цэцэрлэгт хөц будаа өглөө гэж гомдол хүртэл гаргаж байсан тохиолдол бий. Тухайн үед би телевизийн ярилцлагад ороод “10 гаруй нэр төрлийн будаа бий. Боловсруулах технологи нь өөр өөр ч няцалбар хэлбэрээр түгээмэл худалдаалагддаг болсон. Тиймээс нэг төрлийн будаа идэх биш өөр өөр төрлийн будаа идэх хэрэгтэй” гээд ярьсан юм. Тэгсэн миний таньдаг төрийн албаны хүний зургаан настай хүүхэд тухайн нэвтрүүлгийг үзжээ. Тэгээд гэрийнхнээсээ “Ийм олон төрлийн будаа байдаг юм бол та нар яагаад надад ганцхан төрлийн будаа өгөөд байдаг юм” гэж асуусан талаар надад хэлээд “Бид нар гэртээ олон төрлийн будаа иддэг болсон” гэж ярьж байсан. Энэмэтчилэн сургууль, цэцэрлэг дээрээ тэнцвэртэй хооллодог хүүхэд гэр бүлдээ нөлөөлөх боломжтой. Түүнчлэн өдөр бүр улаан өнгө буюу мах, шар өнгө буюу үр тариа, ногооэ өнгө буюу ногоо жимс, цэнхэр буюу сүү цагаан идээ хэрэглэх хэрэгтэй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *