Бүлэглэлийн араанд зуугдсан “Бүдүүн” төсвийн ирээдүй хэрхэх бол…

0

Гурван нам нэгдсэн учраас хамтарсан Засгийн газрын төсөв бүтцээ дагаад бүдүүрэв. Дээр нь МАН үргэлжлүүлэн эрх барьж, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар улирснаар өмнөх засгийн өгсөн том амлалтуудыг цааш үргэлжлүүлэх үүрэг хүлээсэн. Үүний тулд ч АН, ХҮН хоёрын ам өчгийг авч байж засагт нэгдсэн.

Үүнийг дагаад сайн, саар юм олон гарах бололтой. Тэр нь төсөв ярьж буй хэд хоногт улам тодорч байх шиг. Хамгийн гол нь хамтарсан засгийн “бүдүүн” төсөв бүгдийн араанд зуугдчихаж. Өмнө нь төсөв тодотгох, батлах болохоор л УИХ-ын гишүүд хошуугаа билүүдэж, элдэв шахаанд оруулж, батлахгүй гэж улс төр хийж байгаад тойрогтоо мөнгө тавиулдаг байсан. Парламентад дархлагдсан хууччуулаас энэ зан цухалзаад эхэлсэн нь үг, үйлдлээс нь тодхон. Бас заримд нь сайд болоогүйн гомдол, хорсол ч байх шиг. УИХ-ын шинэхэн гишүүдийн цээжинд ч эмээл, хазаартай хүлэг морь “дэрвэлзэж”, бүгдээрээ л “бүдүүн төсөв” рүү чичлэх болсон гэх. Эхлэл  Засгийн газар мөрийн хөтөлбөрөө “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” гэж нэрлэснийг шүүмжилж, Зориг гэх нэрийг, зориг гэх үгийг авч хая гэсэн шаардлагаар бараг илэрсэн дээ.

Дараа нь С.Зориг агсны баримталж байсан “Улсын эрх ашигт нэгт, хувийнх хоёрт, намынх гуравт” гэсэн эрэмбийг сануулж, зарчмаа болгоё, хөтөлбөртөө оруулъя гэсэн Л.Оюун-Эрдэнийн уриалгад олонх нь уурлаж, дургүйцсэн. Улсын эрх ашиг нэгдүгээрт байж болохгүй” гэж уурлаж буй хүмүүс  одоо “Төсөв минийх, биднийх” гэж уралцаж байгаа. Гишүүд ганц нэгээрээ сонирхлоо илэрхийлнэ ч гэж юу байхав. Бүлэглэлийнхээ санаа, зорилгыг л илэрхийлж байгаа гэсэн үг. Угаасаа ч тийм. Тэгэхээр төсвийн ирээдүй бүрхэгдэх үү, цааш хэрхэх вэ  гэдэг асуулт гарч байна.

Ер нь бол хамтарсан засгийн сайн талыг харвал, нэгдүгээрт дөрвөн жилээр солигдож, хаягдаж явсан төрийн бодлогод залгамж чанарыг сэргээн үргэлжлүүлэх болсон. Тодруулбал, “Шинэ сэргэлтийн бодлого”, өмнөх 30 жилийн алдааг засаж, шинэ 30 жилийг бүтээх, авлигатай тэмцэх, 5Ш ажиллагааг үргэлжлүүлэх, бүсчилсэн хөгжлийн том бодлого-мега төслүүд, тэр дундаа эрчим хүчний сэргэлт гэхчлэн  хэрэгжүүлэх ёстой 577 төсөл, хөтөлбөрийг тэд хүссэн ч, эс хүссэн ч хийх үүрэг хүлээсэн. Иймд  төсөв “бүдүүн” байхаас аргагүй.  Хоёрдугаарт, Л.Оюун-Эрдэнэ 126 гишүүнтэй парламентыг дэмжиж, мөн хамтарсан засаг байгуулъя гэснээрээ өөрийнхөө үүрэх ачааг бүр ч хүндрүүлсэн байх саар талтай. Тэр нь юу вэ гэвэл, олон сонгууль дараалан ялагдаж, гудамжинд явсан АН-ынхны өлөн зан бүх юмнаас  нь зүүгдээстэй, ачаа болж байгаа.  Бүтэц зохион байгуулалт хийхэд л дэд сайдтай байя, ийм тийм дарга, цэрэг гэсэн сэтэр, зарим хэрэггүйг албан тушаалыг хэвээр үлдээе гэсэн тэмцэл, хэл ам  тус намынхны  зүгээс тасраагүй. Яамдын бүтцийг тэлэхгүй байх, төрийн албан хаагчдыг халж солихгүй байх гэх мэт дүрэм, журам хүртэл гаргаж ажил удсан. Одоо төсөв дээр элдэв акц хийх хувь гишүүн  хэд гарч ирэхийг  бүү мэд. Гэхдээ анхны салхийг  МАН-аас Г.Тэмүүлэн гишүүн хагалж, хэвлэлийн хурал зарласан нь сонин. “Засгийн газар муу төсөв оруулж ирсэн, эргүүлж татах ёстой” гэж тэрбээр  мэдэгдчихээд сууж байгаа. Гэхдээ өөрөө өмнө нь Төсвийн байнгын хорооны даргалж, 2024 оны төсвийг батлуулахдаа  алдагдалтай  болсон атал дэмжээд сууж байсныг мэдэх нэг нь хэлж байгаа. МАН  дотроос  гишүүд нь  ингэж байгаа юм чинь нэг танхимд тохой залгаж суугаа АН, ХҮН болоод  бусад нам, эвслээс ч ийм акц хийхийг хэн мэдлээ. Ер нь бол  “Бүдүүн” төсөв гээд арааных нь шүлс асгараад байгаагаас улс оронд ийм хэрэгтэй, тийм чухал гэдэг талаас хэл амаа билүүдэж байгаа гишүүн хэд байгаа юм бол доо.

Улсын төсөв ийнхүү илүү харагдаж, билүү долоох хүсэл шуналын бай болоод буй ч  хамтарсан засаг бол шинэ зүйл биш. АН, МАН хоёр дангаараа ч, хамтраад ч засаглаж явсан туршлагатай. Бусад улс төрийн хүчинтэй нэгдэж нийлж, “Цоохор засаг” бүрдүүлж явсан үе ч бий. Тэгэхээр АН, ХҮН-ыг хэрхэн “рааманд нь” байлгахаа МАН-ын дарга, Ерөнхий сайд мэдэж байгаа биз.

Л.Оюун-Эрдэнийн УИХ-д төсвийн тодотголын төслийг өргөн барихдаа танилцуулсан, өөрийнх нь амлаж, хамтарсан Засгийн газрынх нь зорьж тэмүүлж буйгаар бол  төсөв  давын өмнө  “Хөгжлийн”  гэж тодотгоод байгаа мега төслүүд рүү чиглэх” хар зураг” гарсан. Үүний тулд эдийн засгаа “нэг цонх”-нд барина гэж буй.

Анхаарал татаж буй бас нэг асуудал бол хамтарсан Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөр “Аж үйлдвэрийн тавдугаар хувьсгал”-ын хэмжээнд өрнөж,  хүн төрөлхтний амьдралын хэв маягийг асар хурдтай өөрчилж буй хиймэл оюун ухааны эрчимтэй хөгжлийн үетэй давхцаж байна” гэсэн томъёоллыг дэвшүүлээд байгаа.

 Ерөнхий сайд  хэлэхдээ  “Бидний төсөөллөөс давсан эерэг болон сөрөг нөлөөлөл хэрхэн манай бүс нутаг, улс орны нийгэм эдийн засгийн амьдралд нөлөөлөхийг таамаглах нь томоохон сорилт бас боломж юм. Шинжлэх ухаан, технологийн хурдтай хөгжил, AI хиймэл оюун ухаанд суурилсан хөгжлийн цаг хугацаа үүнээс хэд дахин хурдтай өрнөж, аж үйлдвэрийн Тав, цаашлаад Зургадугаар хувьсгалтай золгуулахад бид бэлэн байх учиртай” хэмээн  “14 мега төслийг хэрэгжүүлнэ” гэдгээ амласан. Энэ дотор  “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” зэрэг хилийн боомтуудын хил  холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг дуусгах бүтээн байгуулалтын ажлууд багтсан. Ингэж байж Зүүн босоо тэнхлэгийг Бичигт-Эрээнцав, Баруун босоо тэнхлэгийг Шивээхүрэн-Арцсуурийн төмөрзамын  бүтээн байгуулалт эхэлнэ. Мөн Тавантолгойн 450 МегаВаттын дулааны цахилгаан станцыг барина гэж буй. Ингэснээр жилд 3.2 тэрбум КилоВатт/цаг  эрчим хүч үйлдвэрлэж, Оюу Толгой, Тавантолгой болон  өмнөд бүсийн  томоохон уул уурхайн төслүүдийг  эрчим хүчээр хангана.

Эрдэнэбүрэнгийн 90 МегаВаттын усан цахилгаан станц нь жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь найдвартай, тасралтгүй хангаж, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Энэ төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан.

Эгийн голын 310 МегаВаттын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ. Байгаль далайд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг яаравчлах шаардлагатай бөгөөд энэ төсөл удааширвал III цахилгаан станцын өргөтгөлийг зайлгүй хийх шаардлагатай. Энэ төслүүдийг хэрэгжүүлэхэд дотоодын цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөхөөс гадна эдийн засгийг төрөлжүүлэх боломж бүрдэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нүүрс хүчлийн арилжаанд оролцож, нэмэлт орлого олох боломжтой. Эрчим хүчний либеральчлалын бодлогыг агаарын тээврийн либералчлалыг амжилттай хийсэн шиг зоригтой хийх шаардлагатай” гэдгийг онцолсон.

Түүнчлэн хамтарсан Засгийн газар говийн бүсийг усжуулж эдийн засгийн бусад том төслийг урагшлуулах, атомын цахилгаан станцтай болох ураны төслүүдэд анхаарч эхэлсэн. Нүүрс хэрэглээнээс гарахгүй учир хар алтаа дахин боловсруулах, шинэ технологийг нэвтрүүлэх, түүнчлэн зэс боловсруулах цогцолбор байгуулах асуудлыг судалж хэрэгжүүлнэ. Эдийн засгаа төрөлжүүлнэ  гэсэн.  Цаашилбал:

– Гангийн үйлдвэр байгуулж,  1.0 сая тонн ган бэлдэц, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, барилгын арматур, булан төмөр, төмөр утас зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх,

-Газрын тос боловсруулах цогцолбор бүрэн ашиглалтад орсноор жилд 1.5 сая.тн түүхий тосноос 1.3 сая.тн бүтээгдэхүүн гарган авч, газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг дотоодоос хангах,

-Оюу толгойд түшиглэсэн алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлнэ. Баяжуулсан алтны хувийг нэмэгдүүлж, олон улсын зах зээлд борлуулж, валютын орлогыг нэмэгдүүлэх

-Геологийн хайгуулыг эрчижүүлж, хоёр дахь Оюу Толгой, хоёр дахь Тавантолгойг нээх,

-Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулснаар  иргэд оршин суугаа газраасаа үл хамааран интернэттэй холбогдох, мэдээллийг тэгш хүртээмжтэй хүртэх, төрийн үйлчилгээнд шууд хамрагдах боломж бүрдүүлэх гэх зэргээр  мега төслүүдийг хэрэгжүүлснээр эдийн засаг тэлнэ гэж Засгийн газар, Ерөнхий сайд үзэж буй.

14 мега төсөл л гэхэд хэрэгжүүлэхэд 120 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр шаардлагатай. Улсын төсвийн эх үүсвэрээс энэ дүнгийн дөнгөж 12.3 хувийг санхүүжүүлэх боломж  байгааг Ерөнхий сайд хэлж буй.

Мөнгөний урсгалыг харвал  манай улс дотооддоо авлигатай тэмцэж, нүүрсний хулгайг зогсоож, Хөгжлийн банкны луйврыг илрүүлж, эргэн төлөлтийг идэвхжүүлснээр  бондын өрийг цэгцэлснээр 2027 он хүртэл  элдэв өр төлөхөөргүй байгаа. Мөн энэ нь валютын нөөцийг хадгалах, нэмэгдүүлэх боломж. Энэ байдал   эдийн засаг тогтвортой байлгахад нөлөөлнө. Эдийн засаг тогтвортой байвал инфляц савлахгүй. Эдгээр хүчин зүйлүүд нь том төслүүдээ хөдөлгөхөд  давуу тал болох биз ээ. Гэхдээ “бүдүүн төсөв” гэж хараад, С.Зориг агсны баримталж байсан, одоо хамтарсан засгийн дэвшүүлж буй зорилтыг араас нь хэрэгжүүлэх гээд байгаа бүлэглэл болон хувь гишүүдийг  байранд байлгаж чадахаас их юм хамаарна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *