Л.Мөнхбаатар: УИХ-ын бүрэн эрхэд халдсан байж болзошгүй заалтууд ЗГ-аас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд байна гэж бүлгийн гишүүд үзлээ
2024 оны төсвийн тодотгол, Төсвийн тогтвортой байдлын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Тендерийн хуульд оруулж буй өөрчлөлттэй холбоотой асуудлаар МАН-ын бүлэг дахин нэг хоногийн завсарлага авлаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар “МАН-ын бүлэг гурван хуулийн төслийн хэлэлцүүлгээс өнгөрсөн баасан гарагт завсарлага авсан. Бүлэг хуралдаж эдгээр асуудлуудыг хэлэлцлээ.
Нэгдүгээрт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд төсвийн төлөвлөлт, хяналт, хариуцлага, эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хөндсөн өөрчлөлтүүд хийгдэхээр орж ирсэн байна. Иймд завсарлагыг сунгаж үргэлжлүүлэн хэлэлцэх ёстой гэж бүлгийн гишүүд үзлээ.
Хоёрдугаарт, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын төсвийг парламентад өргөн барихтай холбоотой харилцааг зохицуулсан заалт орж ирсэн. Улсын төсвийг тухайн жилийнхээ 09-р сарын 01-ний дотор УИХ-д өргөн мэдүүлдэг хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Хуулийн энэ хугацааг 10-р сарын 01 болгож өөрчлөх зохицуулалт оруулж ирснийг гишүүд хэлэлцээд хуучнаараа буюу 09-р сарын 01-ний дотор өргөн мэдүүлдэг зохицуулалт хэвээрээ үлдэх нь зүйтэй гэж үзсэн. Учир нь аудитын дүгнэлт гаргуулах, гишүүд танилцах, иргэд олон нийтээр хэлэлцүүлэхийн тулд хуулийн хугацааг хуучнаар нь үлдээх нь зөв гэж үзэж хууль санаачлагчид буцаахаар санал нэгдлээ.
Гуравдугаарт, Тендерийн хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтүүд хуульд нийцээгүй байна. Улсын төсвийг батлах УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан байж болзошгүй зүйл заалтууд байна. Иймд хуулийн төслийг хууль санаачлагч Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дээр хэлэлцэх асуудлууд байгаа тул нэг хоногийн завсарлага хүсэж байна” гэлээ.