Хуульч Б. Гүнбилэг: Хуулийн хулгайг эрүүжүүлэх хэрэгтэй байна
Хууль зүйн ухааны доктор Б. Гүнбилэгээс УИХ-ын үйл ажиллагааны талаар зарим зүйлсийг лавлаж асуулаа.
-Төсвийн тогтвортой байдалтай холбоотойгоор УИХ-ын чуулган дээр идэвхтэй маргаан болж өндөрлөлөө. Засгийн газраас оруулж ирсэн төслийг дэмжиж болохгүй гэсэн УИХ-ын гишүүн Г. Тэмүүлэнгийн байр суурийг УИХ дэмжиж баталсныгаа дараа нь түүнийгээ дахин санал хураалтаар өөрчилчихлөө. Нэг шийдсэн зүйлээ зарчмын зөрүүтэй санал нэрийдлээр ингэж хэсэг хугацааны дараа хүчингүй болгож болох уу?
-Мэдээж болохгүй. Г. Тэмүүлэн гишүүний байр суурийг би хувьдаа дэмжиж байгаа. Гол үндэслэл нь бид нар мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсох ёстой. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэж эрдэмтэн, судлаачдын зөвлөлийг энэ оны эхэнд байгуулсан. Тэд Засгийн газраас орж ирсэн төсөлд дүгнэлт, зөвлөмж өгсөнийг Засгийн газар үл тоож, УИХ-ын чуулганд оруулж ирсэн.
Манай улсын төсөв тогтвортой байх ёстой, гадаад өр бага байх ёстой гэдэг энгийн логикийг засаг ойшоогоогүй байсан байна лээ.
Мэдээж хөрөнгө оруулалт их татна, эдийн засгийн эргэлт сайжирна гэх мэт зүйлс ярьж болох ч, яг баталгаатай биш, бас үр өгөөж нь хэдхэн хүнд очоод, өр төлөөс нь ард түмний нуруун үлддэг жишгээсээ одоо салах ёстой. Үүний тулд төсвийн тогтвортой байдал гэж юмыг монголчууд ярьдаг шүү дээ. Харин Төсвийн тогвортой байдлын зөвлөлийн дүгнэлтээс харахад Засгийн газрын төслөөс ганц, нэг зүйлийг дэмжсэн байна лээ. Тэр хүрээнд нь асуудлыг оруулж ирэх байсан бол УИХ нэгэнт баталсныгаа дахин хүчингүй болгож, шинэ журмаар оруулж ирэх нь зөв байх байсан, элдэв хардалт үүсгэхгүйгээр. Техникийн алдаа гаргасан уу, эсхүл буруу кноп дарсан уу гэдэг бол хууль тогтоох эрх мэдэл хэрэгжүүлсний дараа яригдах биш, өмнө нь хэрэгжихээс өмнө хариуцлагатай байх ёстой асуудал.
-Зарим хүмүүс эрх баригчдыг ингэж хуулийн хулгай хийсээр байгаад сурчихлаа гээд байгаа. Өмнөх парламентад ч яригдаж байсан.
-Ер нь энэ шүүмж дагуулсан асуудлыг нэг тийш нь шийдэх ёстой. Өмнөх парламент бол энэ тал дээр ард түмнийг тохуурхаж байгаа юм шиг ажилладаг байсан. Дураараа баталснаа өөрчилдөг гэх үү дээ. Гэхдээ зөвхөн өмнөх парламент биш, тэрнээс өмнө ч ийм юмнууд гарч байсан. Тухайлбал, 2008 онд санаж байна. Эрүүгийн хуулиас албан тушаалдаа хайнга хандах гэдгийг санамсаргүй алдаанаас болоод алга болгочихлоо гэсэн. Тэгээд баахан албан тушаалтнууд ял завшсан.
Үнэхээр тийм байсан юм бол яагаад санамсаргүй алдаа, эсхүл техникийн алдаа гээд Эрүүгийн хуулиас хассан нь буруу гээд саяын тохиолдол шиг хийгээгүй вэ? Тэр үед тамгын газрын нэг хуульч ажлаасаа гараад өөр ажилд ороод л өнгөрсөн. Хэн ч хариуцлага хүлээгээгүй.
Тэгэхээр эндээс нэг зүйлийг харж болно. Эрх баригчид дур зоргоороо хууль тогтоох ийм практик улам гүнзгий тогтох гээд байна. Иймд Эрүүгийн хуульд энэ хууль тогтоох байгууллагын алдаанаас болж, хуулийн хулгай гарсан бол түүнийг үнэхээр техникийн алдаа байсан уу, эсхүл худлаа байсан уу? гэдгийг шалгадаг, тогтоодог, ялладаг болохгүй бол дур зорго цаашид үргэлжлэх гээд байна. УИХ-ын Тамгын газрын хариуцлага маш өндөр болж таарна. УИХ-ын дотоод хяналт бас сайн ажиллах ёстой болчихоод байна. УИХ-ын гишүүд үүн дээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол чуулган дээр ингэж болохгүй гэж нэг видео бичүүлж аваад хаячихдаг, дараа нь дахиад давтагддаг болчихоод байна. Үзсэн кино, пянзаа дахин дахин эргүүлээд байгаа юм, шийдэлгүй.
-Танаас асуух боломж гарсных УИХ-ын гишүүн Наараа өөрийн лайваараа реклам хийсэн гэх асуудлыг хууль зөрччихлөө, эгүүлэн татах бол уу, яах бол? гэж хүмүүс сонирхож байгаа.
-Би тэр рекламыг үзээгүй. Ер нь бол Цэц өмнө нь 1994 онд Ц. Төрмандах гэдэг УИХ-ын гишүүнийг ноолуурын бизнес хийсэн гээд Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байдаг. Гол асуудал нь Их Хурлын гишүүний хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил эрхэлж болохгүй гэдэг л зарчим үйлчилж байгаа.
-Гишүүний цалин амьдралд хүрэхгүй байна гээд реклам зэргийг хийж болохгүй гэсэн үг үү?
-Болохгүй, тийм хуультай юм. Бүх ард түмний элч байж, энэ саванг аваарай, энэ памперс гоё гээд байх нь утгагүй биз дээ. Ядаж өөр саван, памперс зарж байгаа хүмүүсийн эрх ашиг хөндөгдөнө. Гэтэл УИХ-ын гишүүн чинь бүгдийнх нь төлөөлөл. Цаашлаад зөвхөн саван, памперсаар тогтохгүй том эрх ашгууд яригдана