Сарын орлого дор хаяж ₮10 сая байвал Монголд аз жаргалтай амьдарна…

0

2023 оны эцсийн байдлаар Монголд хамгийн өндөр цалинтай бүлэг буюу удирдах албан тушаалтнуудын дундаж цалин сарын 6.5 сая төгрөг байна

“Мөнгө аз жаргалын хэмжүүр үү?”, “Хэр хэмжээний мөнгөтэй байж аз жаргалтай амьдрах вэ?”, “Монголд сайхан амьдрахад сарын цалин хэд байх хэрэгтэй вэ?” зэрэг асуултууд нь субьектив шинжтэй тул яг таг хариулт олоход хэцүү. Тэгвэл аз жаргалыг хэмжихэд хэдийг олдог байх нь чухал биш, харин олсноо хэрхэн зарцуулдаг байх нь чухал гэсэн философид үндэслэн хийсэн нэгэн судалгааг үзвэл дээрх асуултуудад хариулж чадахуйц сонирхолтой үр дүн харагдаж байна.

Аз жаргалын өртөг

Австралид төвтэй валют арилжааны “S Money” фирм өнгөрсөн онд гаргасан “Аз жаргалын өртөг улс орон бүрд” судалгаандаа хүн олсон мөнгөө дэлхийн хаана зарцуулж байгаа нь тухайн хүний аз жаргалын мэдрэмжтэй ихээхэн хамааралтайг тодотгожээ.

2018 онд АНУ-ын Пердью их сургууль 164 орны 1.7 сая иргэний мэдээлэлд үндэслэн жилийн орлого хэд байвал аз жаргалтай амьдрахад хангалттайг тогтоохоор судалгаа хийж, улмаар дэлхийн дундаж 60-75 мянган ам.доллар гэсэн үр дүн гаргаж байв. Харин “S Money” тус судалгааны үр дүнг орон орны үндэсний мөнгөн тэмдэгт рүү хөрвүүлэн баяжуулж, тухайн улсын иргэдийн худалдан авах чадвар, амьжиргааны өртөгтэй харьцуулан шинээр тооцоолсон байна.

Ийнхүү 173 орныг эрэмбэлсэн жагсаалтаас харвал Монголд дор хаяж жилийн 37 мянга 629 ам.доллар буюу сүүлийн үеийн ханшаар бараг 126 сая төгрөгийн орлоготой байж жинхэнэ аз жаргалтай амьдрах боломжтой гэж тооцоолжээ.

Тэгэхээр зөвхөн тогтмол орлого буюу цалингийн хэмжээгээр тооцвол сарын 10 сая төгрөгийн цалинтай байж аз жаргалтай амьдрах нь.

“Zangia Portal”-ийн 2023 оны судалгаанаас харвал хамгийн өндөр цалинтай бүлэг буюу удирдах албан тушаалтнуудын дундаж цалин 2023 оны эцсийн байдлаар сарын 6.5 сая төгрөг байна. Мөн салбараар ангилбал уул уурхайн салбарынхан хамгийн өндөр цалин буюу дунджаар сарын 5.1 сая төгрөг авч байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм.

Татварын ерөнхий газрын 2021 оны мэдээлэлд тулгуурлавал Монголд сарын 10-15 сая төгрөгийн цалинтай 700, 15-20 сая төгрөгийн цалинтай 660 иргэн байна гэсэн тооцоолол гарч байжээ. Харин нэг ажилтанд ногдох дундаж цалин 2023 оны эцсийн байдлаар сарын 2.2 сая буюу жилийн 26.4 сая төгрөг, сарын гурван саяас дээш цалинтай ажиллагсдын эзлэх хувь ердөө 13.2 хувь байгаа нь Монгол Улсын иргэдийн хэд нь аз жаргалтай амьдарч байгаа талаар ерөнхий зураглалыг танд өгөх болов уу.

Сүүлийн 20 жилийн хугацаанд шинээр үүссэн ажлын байрны дийлэнх нь харьцангуй бага цалинтай салбаруудад бий болсон нь бас нэг анхаарал татсан үзүүлэлт болж буйг дурдууштай. Тухайлбал: 2010-2020 оны хооронд шинээр бий болсон ажлын байрны 60 орчим хувь нь голч цалингаас доогуур цалинтай салбаруудад ногдож буйг өнгөрсөн сард Дэлхийн банкнаас гаргасан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтод чиглэсэн голлох зөвлөмжүүд” тайлан харуулж байна. Мөн өндөр цалинтай ажлын байр бий болгож буй уул уурхай, барилгын салбарууд шинэ ажлын байрны гол эх үүсвэр болж чадахгүй байгаа аж.

Дашрамд дурдахад, 2024 оны Дэлхийн аз жаргалын тайланд Монгол Улс 143 улсаас 77 дугаарт бичигдэж, эрэмбэ эрс доошилсон юм.

Судалгааны зарим сонирхолтой үр дүнгүүд

  • Аз жаргалын өртөг хамгийн өндөр байдаг улсаар Иран тодорсон. Тус улсад жилийн 239 мянга 700 ам.долларын орлоготой байж аз жаргалтай амьдрах тооцоолол гарчээ.
  • Харин Африкийн Сьерра-Леон улсад хамгийн бага буюу жилийн 8658 ам.долларын орлого л хангалттай.
  • Долоон жил дараалан Дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодорсон Финланд улсад энэ үзүүлэлт 94 мянга 177 ам.доллар байна.
  • 2023 онд амьжиргааны өртөг хамгийн өндөр хотуудын жагсаалтыг тэргүүлсэн Сингапурт 75 мянга 320 ам.доллар гэж гарчээ.
  • Ази тивээс Японд аз жаргалын өртөг 73 мянга 994 ам.доллар, БНСУ-д 62 мянга 461 ам.доллар байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *