“Эрдэнэт машин” цогцолбор үйлдвэр байгуулснаар 2500 орчим ажлын байр бий болгоно
ЗТЯ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэт машин” цогцолбор үйлдвэрийг байгуулбал 2500 орчим ажлын байр шинээр бий болох судалгаа гаргажээ.
ЗТЯ-ны ТНБД-аар ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт томилолтоор ажиллаж, Зам тээврийн яамтай хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын зарим ажлын явцыг үзэж, “Эрдэнэт машин” цогцолбор үйлдвэр байгуулах ТЭЗҮ-тэй танилцан, инженер техникийн ажилтнуудтай уулзан, санал солилцов.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын түшиглэн байгуулах үйлдвэрлэл, технологийн парк (ҮТП)-ийн нэгж “Эрдэнэт машин” цогцолбор үйлдвэр байгуулах төслийн ТЭЗҮ-ийг “Ди Ди Эй Жи” ХХК боловсруулж, өнгөрсөн 6 дугаар сард УУХҮЯ-ны зөвлөлийн хуралдаанаар дэмжжээ. Төсөл хэрэгжсэнээр импортыг орлох вагон, автобус, бага даацтай ачааны автомашиныг Монголд үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Үйлдвэрийн засвар механикийн завод буюу цутгуурын цехийг 1980 онд анхны ган хайлуулж цутгаснаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологийн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахад чиглэгдсэн Монгол Улсын хамгийн том машин үйлдвэрлэл, цутгуур, засварын том үйлдвэр болон хөгжиж, үйл ажиллагаагаа өргөжүүлснийг ЗТЯ мэдээлжээ.
Одоогоор тус үйлдвэрт 2000 тонн механик боловсруулалттай эд анги, 720 тонн металл хийц, стандартын бус тоног төхөөрөмж, 140 тн резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тухайлбал, цутгамал бүтээгдэхүүнээр ЭКГ-10И, ЭКГ-12К, LIEBHERR-996 экскаваторын, шанаганы дээд доод хана, шүд, өрмийн машинуудын эд анги, хутга, хуяг, гинж, ККД, КСД, КМД, MP, AMPCO,HP маркийн бутлууруудын хөдөлгөөнт, үл хөдлөх конус хуягууд, төрөл бүрийн хацарт, алхан бутлуурын алх, хуяг, МШЦ, ММС төрлийн тээрмийн доторлогооны хуягнууд, WARMAN, ГрАТ төрлийн шахуургууд, түүний түргэн элэгддэг эд ангиудыг дотооддоо үйлдвэрлэж байгаа аж.