Монголын үндэсний Паралимпын хорооноос баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ
“Парис 2024″ Зуны паралимпын наадамд Монгол Улсын шигшээ баг тамирчид амжилттай өрсөлдөж байна. Парисын паралимпын наадмын Тамирчдын тосгонд Монголын Үндэсний паралимпын хорооноос баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ.Тус хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү Паралимпын наадамд амжилттай оролцож анхны эмэгтэй аварга болсон У.Сүрэнжав, мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, олон улсын хэмжээний мастер Ц.Баттулга, Пара таеквондогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, Д.Махашири нарыг мөнгөн шагналаар шагналаа.
Мөн Монгол Улсын баг тамирчдынхаа салхийг хагалсан Усанд сэлэлтийн чөлөөт 50 метрийн зайд уралдсан Х.Номуун, дасгалжуулагч З.Сувд нарыг онцолж мөнгөн шагналаар урамшууллаа.
Энэ үеэр Монгол Улсын багийн ахлагч, БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Азийн Паралимпын хорооны тэмцээн, наадам, спортын хөгжлийн хорооны дарга Н.Оюунбат медаль хүртсэн тамирчдад Паралимпын наадмын медальтны энгэрийн тэмдэг болон медалийн гэр, Паралимпын наадмын зурагт хуудсыг гардуулан өглөө.