“Цахилгааны үнийг 11-р сараас нэмэхээр тооцоо судалгаа хийж байна”
Засгийн газрын наймдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд Эрчим хүчний салбарын шинэчлэл, өөрчлөлтийн талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хорооны дарга Т.Доржханд танилцуулсан.
Энэ үеэр эрчим хүчний үнэ тарифыг үе шаттай нэмэгдүүлж зардлаа бүрэн нөхөх түвшинд хүргэх, төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат болгох зэрэг реформын шинжтэй ажлуудыг нэрлэж хариуцан ажиллах Дэд хороог УИХ-ын гишүүд, эрчим хүчний салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулсан.
Эндээс үнэ тарифыг нэмэх асуудал хэрэглэгчдийн анхаарлыг илүүтэй ихээр татаж буй. Тэр ч утгаараа иргэд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК руу олноор хандаж, уг газраас мэдэгдэл гаргасан. Тодруулбал, Эрчим Хүчний Зохицуулах Хороо
/ЭХЗХ/-оос цахилгаан эрчим хүчний үнэ тарифийг шинэчилж баталсан тогтоол шийдвэр ирээгүй тул олон нийтийн цахим сүлжээнд түгээд байгаа “Есдүгээр сараас эхлэн цахилгаан эрчим хүчний үнэ тариф нэмэгдэнэ” гэсэн мэдээлэл нь ташаа болно” гэсэн.
Харин энэ талаар ЭХЗХ-оос тодруулахад “Есдүгээр сараас үнэ тариф нэмэгдэхгүй. Шадар сайд, Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хорооны дарга Т.Доржханд ирэх 11 дүгээр сарын 1-нээс цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг нэмнэ гэж зарласан. Одоогийн байдлаар тус дэд хороо тооцоо судалгаа хийж байна” гэлээ.