МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ИВЭЭЛ ДОР 36 ДАХЬ “НОМЫН БАЯР” БОЛНО
Уриа: ИЛҮҮ ИХ УНШЪЯ
Огноо: 2024 оны 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүд
Байршил: Сүхбаатарын талбай
Зохион байгуулагч: “Номын соёлт ертөнц” ТББ
Хамтран зохион байгуулагч: Монголын Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар,
Соёл, Спорт Аялал Жуулчлал, Залуучуудын Яам
Хэвлэлийн түнш: Аргун паблишинг
Үйл ажиллагааны түнш: ЛИБРО СУВД агентлаг
Мэдээллийн түнш: МОНЦАМЭ агентлаг
Дэмжигч: Таван Богд финанс ББСБ, Сүү ХК,
Нийслэл хотын соёлын салшгүй хэсэг номын баяр 36 дахь удаагаа 2024 оны 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүд үүдээ нээнэ. Номд дуртай нийслэл хотын иргэд төдийгүй, орон нутгийн олон олон уншигч зорин ирдэг боловсрол, соёлын арга хэмжээ төдийгүй гадны улс орны хэвлэн нийтлэгч, зохиолч, утга зохиолын агентлаг зорин ирдэг, агуулга цараа нь нийгэмд улам өссөөр байгаа үйл ажиллагаа билээ. Хаврын баяраар гадаад сурталчилгаанд төвлөрдөг бол, намрын баяраар үндэсний хэмжээнд мэдээлэл, агуулгыг түгээхэд анхааран ажилладаг.
Энэ удаагийн баярын онцлог нь Монголын Улсын Ерөнхийлөгчийн 158 дугаар зарлигийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулахаар боллоо. Үүнтэй холбоотойгоор сүүлийн 32 жилд Монгол Улсын Ерөнхийлөгч нарын номтой холбоотой үйл хэргийн товчоон тэмдэглэлийг “Номын ертөнц” сэтгүүлд нийтлэхээс гадна бүрэн эхээрээ ном зүй мэдээллийн шинэ ном болон судлаачдад хүрнэ.
Мөн Ерөнхийлөгчийн ивээл дор эрхлэн гаргаж буй Монгол Улсын түүхийн 12 боть номын нээлт болно. Энэхүү бүтээл монголчуудын хувьд түүхийн чухал эх сурвалж, баримт болон номын ертөнцөд мэндэлж буй нь нэн чухал үйл явдал болно хэмээн түүхчид онцолж байна.
Баярын өдрүүдэд шинэ номуудын нээлт болохоос гадна нэр хүндтэй эрхэм зохиолчидтой биечлэн уулзах, номын чиглэсэн судалгаанд оролцох, эрчүүдэд зориулсан орчноос номоо сонгох, чөлөөт орон зайд кофе цай ууж номын тухай яриа дэлгэн суух тусгай орчинг уншигчдадаа зориулан засахаар болжээ. Мөн “ЛИБРО СУВД агентлаг”-аас орчуулгын номын эрх авах, номын редактор, ном зүйн үйлчилгээ, номын маркетинг хэсгээс хэвлэлийн үнэ бодуулах, шинэ хэвлэх номынхоо цаас материалыг сонгох зэргээр ном бичих хүсэлтэй уншигчдад зориулсан шинэ орон зай нээгдэж байна.
Энэ удаагийн баяраар зохион байгуулагчид эрэгтэй уншигчдад бэлэг барихаар “Эрчүүдэд санаа өгөх 50 ном” нэрлэж, зорин ирсэн эрчүүдийг баярлуулах, санамсаргүй яриа дэлгэн гэнэтийн бэлгүүд барихаар зэхжээ. “Номын ертөнц” сэтгүүлийн энэ удаагийн дугаарын хүндтэй зочноор Боловсролын сайд П.Наранбаяр уригдан, номын тухай, ном унших зөв соёлын тухай, яамны зүгээс бодлогоор хийгдэх ажлуудынхаа зах зухаас хуваалцсаныг уншигчдадаа зориулж байна. Тус сэтгүүл 5000 хувь хэвлэгдэж, зөвхөн баяраар уншигчдад үнэгүй тараагддаг.
Номын баяр нь номын зохиогч, хэвлэн нийтлэгчдээ урамшуулах, дэмжих зорилгоор хаврын баярт “Номын сайн нөхөр” шагналыг, намрын баярт “Мэргэн ном”-ын эздийг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн “Мэргэн ном” цомын эзнээр хэн тодрохыг баяраар харах нь ээ.
Өнгөрсөн хавраас зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ, гадаадын хэвлэн нийтлэгчдэд зориулан “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр гадны хэвлэн нийтлэгчидтэй харилцаагаа тэлсэн. Өмнөх баяруудад урилгаар Тайланд, Унгар, Солонгос, Казахстан, Турк зэрэг улсын хэвлэлийн газар, утга зохиолын агентлагууд оролцож, Монголын хэвлэн нийтлэгчидтэй уулзалт хийн, монгол зохиолчид өөрсдийн бүтээлийг гадаадын хэвлэлийн газруудад санал болгох, номын эрх худалдан авах боломжийг бүрдүүлж өгсөн. Эргээд зохион байгуулагчдыг гадны номын үйл ажиллагаанд урьж, хамтын ажиллагааны түвшин, ном соёлын уур амьсгал ихээхэн өөрчлөгдөх төлөвтэй байна. Энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ, БНПАУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид ирж оролцохоор болжээ.
Номын баярыг 2005 оноос үзэгчдэд хүрч эхэлсэн “Номын ертөнц” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Б.Сувдын санаачилгаар анх 2007 онд ганц хэвлэн нийтлэгчтэй хамтран зохион байгуулж, ердөө 80 гаруй хүн үзэж байсан бол өнгөрсөн хаврын баярт 236 мянга гаруй уншигч зорин иржээ. Номын нэвтрүүлгийн үе үеийн уран бүтээлч ном дуртай залуус, “Номын ертөнц” клубийн үе үеийн өсвөр насны сурагчдын хичээл зүтгэл ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжих чухал ажил болж буйд зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ-ын хүүхэд, залуус туйлын баяртай байгаа аж.
Баярын зохион байгуулагч хүүхэд залуустай уулзаж, илүү дотно нөхөрлөх боломж номын баяраар нээгддэг. Өсвөр насны сурагчдаас бүрддэг “Номын ертөнц” клубт элсэхийг хүссэн 7-12 дугаар ангийн сурагчдад клубийн үүд хаалга энэ өдрүүдэд нээлттэй. Мөн тус клубээс жил бүр зохиодог “Амттай 50 ном” уралдааныг зохион байгуулж, бүтээлч тэмдэглэлээр үзэсгэлэн гаргадаг. Энэ онд зохиогдох уралдаандаа оролцогсдыг бүртгэж, уншлага удирдах календариа ЕБС-ийн номын санч, номын клуб, уншигч сурагчдад түгээн ажиллахаар болжээ.
Энэ ташрамд, энэ удаагийн “Номын баяр”-ыг дэмжиж ажиллаж буй бүх байгууллага, хувь хүн, зорин ирдэг уншигчдадаа баярлалаа.
Илүү их уншъя
Сүхбаатарын талбайд уулзацгаая.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 8080-9181