“Парис 2024” паралимпын XVI наадамд оролцож буй Монголын багийн тамирчнаас допинг илэрчээ
Зуны Паралимпын XVI наадам эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Энэ удаагийн паралимпын наадамд манай улсаас зургаан төрөлд 12 тамирчин өрсөлдөж байгаагаас таеквондогийн төрөлд оролцсон У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медалийн эзэн болоод байгаа билээ. Мөн пара хөнгөн атлетикийн F-40 ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд оролцсон Ц.Баттулга мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлээд байгаа.
Тэгвэл Зуны Паралимпын XVI наадамд оролцож буй монголын багийн тамирчнаас допинг илэрсэн гэх мэдээлэл байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн тамирчны шинжилгээний хариуг өөрт нь мэдэгдээд байгаа аж. Харин допинг илэрсэн тамирчин В сорьцын шинжилгээ өгөх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Уг асуудлыг тухайн тамирчны дасгалжуулагчаас тодруулахад “Энэ мэдээллийг хаанаас авсан” хэмээгээд мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Тиймээс Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын тэргүүн Ц.Уугангэрэлээс уг асуудлыг тодруулахад “Би байгууллагынхаа өдөр тутмын ажилд оролцдоггүй. Энэ талаарх асуудал нь тамирчдыг ирсний дараа яригдах зүйл байх. Мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбарыг өглөө.
Мөн Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн эмч Эмнэлгийн албаны дарга М.Булганаас Паралимпын наадамд оролцож буй монголын баг тамирчдаас допинг илэрсэн гэх мэдээллийг лавлахад “Би Паралимпын наадамд яваагүй. Хариуцан ажиллаагүй болохоор мэдээлэл байхгүй байна” гэх хариултыг өглөө. Паралимпын наадамд оролцож буй монголын багийн тамирчнаас допинг илэрсэн асуудлыг бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Эх сурвалж: isee.mn