ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬ: Хуулийн этгээд өөрийн цалингийн сангийн нэг хувийг хүүхэд хамгааллын бодлогод зарцуулна
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Хүүхэд хамгааллын тухай хуулийн Шинэчилсэн найруулгаас онцолвол:
Хуулийн этгээд өөрийн цалингийн сангийн нэг хувийг хүүхэд хамгааллын бодлогод зарцуулна
Монгол Улсад хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулахад үр дүнгүй байдаг гол шалтгаан нь санхүүжилт. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэсэн хуулийн зохицуулалт хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэгджээ. Тодруулбал, Засгийн газрын гишүүд эрхлэх асуудлын хүрээнд салбарын хүүхэд хамгааллын үйлчилгээ, хуульд заасан зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгуулна.
Мөн хуулийн этгээд өөрийн цалингийн нийт сангийн нэгээс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг жил бүр хүүхэд хамгааллын бодлогод зарцуулдаг болжээ. Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний нэг хүүхдэд ногдох дундаж зардлын нормативыг Засгийн газар батална. Ингэснээр бодлогоо хэрэгжүүлэх санхүүжилттэй болж, зарцуулалтыг нь хянах боломж бүрдэнэ.
Аймгийн төвөөс хол алслагдмал оршдог бүс нутагт хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг үзүүлнэ
Орон нутаг болон Нийслэлд хөгжлийн хөтөлбөр батлахдаа хүүхдийн эрхийн асуудлыг заавал тусгах заалт оруулжээ. Үүнд ХЭҮК хяналт тавих аж. Мөн хуульд Засаг даргын чиг үүрэгтэй холбоотой зохицуулалт нэмэгдсэн байна. Тухайлбал, тухайн орон нутагт аймгийн төвөөс хол алслагдмал оршдог бүс нутагт хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг үзүүлнэ. Энэ нь маш шинэлэг, их ач холбогдолтой зохицуулалт гэдгийг албаныхан онцолж буй.
Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо шийдвэрийг нь хэрэгжүүлээгүй албан хаагчдад сахилгын шийтгэл оногдуулах санал гаргах эрхтэй болжээ
Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо гэх бүтэц бий. Уг хороо нь гэмт хэргийн холбогдогч, гэрч, хохирогч болсон хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Харамсалтай нь энэ бүтцийн гаргасан шийдвэр амьдрал дээр хэрэгждэггүй гэх шүүмжлэл дагуулдаг. Тиймээс уг хорооны шийдвэрийг хэрэгжүүлээгүй эсвэл хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн албан хаагчдад сахилгын шийтгэл оногдуулах санал гаргах эрхийг нь тухайн байгууллагад нь олгожээ.
Олон улсын судалгааны байгууллага зөвшөөрөлгүйгээр хүүхдийн эрхийн асуудлаар судалгаа хийх хориотой
Түүнчлэн олон улсын болон гадны судалгааны байгууллага хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад хүүхдийн эрх болон хамгааллын талаар тандалт, судалгаа хийхийг хориглосон заалт нэмэгдсэн байна.
Хүүхэд хамгааллын тухай нэгдсэн мэдээллийн сантай болов
Хүүхэд хамгааллын тухай нэгдсэн мэдээллийн сантай болж байна. Хүүхэд хамгааллын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, ашиглах журмыг Засгийн газар батална.
Улсын хэмжээнд жил бүр хүүхэд хамгаалах бодлогын талаар хэлэлцэнэ
Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихтай холбоотой өөр нэг чухал заалт нэмэгджээ. Аймаг, нийслэлийн засаг дарга болон төрийн болон төв болон орон нутгийн захиргааны байгууллага өөрийн хариуцсан салбарын хүрээнд тухайн жилд хүүхэд хамгааллын чиглэлээр хийсэн ажлын тайланг дараа оны хоёрдугаар сард багтаан асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад өгч байх зохицуулалт орсон байна.
Төрийн захиргааны төв байгууллага нь тухайн жилийнхээ гуравдугаар сард багтааж ирсэн тайланд дүн шинжилгээ хийгээд Хүүхдийн төлөөх Үндэсний Зөвлөлд хэлэлцүүлнэ. Ингэснээр улсын хэмжээнд хүүхэд хамгаалах бодлогын талаар жил бүр хэлэлцдэг болох юм.
Хүүхдийн төлөөх Үндэсний Зөвлөлийн тэргүүнээр Монгол Улсын Ерөнхий сайд ажилладаг. Ийм хэлэлцүүлэг явуулснаар хүүхэд хамгааллын тухай бодитой мэдээлэл авч, бодлогоо хэрэгжүүлэхэд шууд нөлөө үзүүлнэ гэж үзжээ.
Эх сурвалж: Ubn.mn