Өмгөөлөгч Б.Мэргэн: “Хас”-ын Ч.Ганхуягийн дүү эмэгтэй хүн зодож, дөрвөн шүдийг нь хугалчихаад хохирогчийг гүтгэж байна

0

     Ч.Ганхуяг хоёр жилийн өмнө олон нийтийн газар танхайрч, нэгэн эмэгтэйг зодсон хэрэгт холбогдсон байдаг. Зодуулсан эмэгтэй Н нь гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагад өргөдөл өгсөн. Түүний гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Ч.Ганхуягт хэрэг бүртгэл нээн шалгаж, хэргийг прокурорт шилжүүлээд байгаа юм.

Тэгвэл энэ хэргийн талаар хохирогч Н-ийн өмгөөлөгч Б.Мэргэн цахим хуудастаа дараах тайлбарыг бичжээ.

        Өмгөөлөгч Б.Мэргэн “Хас”-ын гэх Ч.Ганхуягийн сошиал дахь кино зохиол. Хэргийн нууц задруулах нь гэмт хэрэг ч гэлээ нэгэнт ил болсон мэдээллийг түгээх нь нууц задруулсанд тооцогдохгүй байх зарчимтай. Нөгөө талаас үйлчлүүлэгчийнх нь эсрэг худал мэдээлэл тарааж, тэр нь шүүхэд нөлөөлөхүйц болсон гэж үзвэл худал мэдээллийг залруулах нь өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээгээр зөвшөөрөгдөнө. Одоогоос хоёр жил орчмын өмнө Ч.Ганхуягийн дүү гэгч нөхөр ямар ч шалтгаангүйгээр хажуудаа зогсож байсан эмэгтэйг хужиртын шилээр цохиж, дөрвөн шүдийг нь хугалж, хоёр шүдийг нь гэмтээсэн. Эхнэрээ өмөөрөх гэсэн залууг хамгаалагчид барьж байхад зодсон. Нөхрөө салгах гэхэд нь Ч.Ганхуяг нүүр рүү нь цохисон. Цагдаа ирээд Ч.Ганхуягийг биш, хохирогчдыг аваад явсан. Эмэгтэйд дүү нь хүндэвтэр гэмтэл учруулсан, Ч.Ганхуяг хөнгөн гэмтэл учруулсан. Харин Ч.Ганхуягт хөнгөн гэмтэл учирсан гэж гарсан ч хэн нэгэн түүнд гэмтэл учруулаагүй нь тогтоогдсон. Дүү нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Нэг удаа уулзаж, уучлал гуйсан. Хохирол төлнө гэсэн ч өдийг хүртэл өгөөгүй. Зөвхөн удаа дараа хагалгаанд орсон эмчилгээний зардлаа дүүгээс нь нэхэж байгаа. Өөрөө зодуулсан бол яагаад шууд буруугаа зөвшөөрөх вэ дээ. Бид хэргийн талаар огт яриагүй байхад Ч.Ганхуяг хохирогчийн дүрээр хоёр ч удаа лайв хийж “кино зохиол”-оо ярьж эхэлсэн. “Баян хүнийг өдөж мөнгө авах гэсэн биеэ үнэлэгч хүүхэн” гэх зэргээр дан гүтгэсэн. Хэргийн материалтай танилцах, хуулбарлах ажиллагаа болоогүй байхад зөвхөн хохирогчийн зургуудыг цахим хуудсуудаар тавьж, худал мэдээлэл тараасан. (Энийг Ч.Ганхуяг тавиулсан гэх баримт байхгүй ч хэн яагаад гэдгийг бодно биз). Арга яадаад хохирогч бодит үнэнийг хэвлэлд ярихад Ч.Ганхуяг “Хэргийн нууц задруулсан, худал мэдээлэл тараасан” гэж цагдаад гомдол гаргасан. Нэгэнт өмнө нь өөрөө зөндөө ярьчихсан байсан учраас цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгээгүй. Ердийн ийм хэрэг жилийн дотор хангалттай шийдэгдэнэ. Гэтэл шүүх рүү хэрэг шилжихгүй байсаар л байсан. Асуухаар “Яллагдагчид шат шатны прокурорт гомдол гаргаад байна” гэдэг. Яллагдагч ч эрхтэй учир хуульд заасан эрхээ эдлэг гээд хүлээж л байлаа. Энэ хооронд “Хохирогчийн гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна” гэж үзэн хоёр ч удаа яллах дүгнэлтийг хүчингүй болгосон. Ч.Ганхуяг өөрийгөө хөнгөн гэмтэл учруулаагүй гэж үзэх арга саам хайсан гэх үү дээ. Гэвч шинжээчид хөнгөн гэмтэл учирсан байна, прокурор нь яллагдагч учруулсан байна гэж үзэн шүүхэд шилжих болсон.

         Прокурорын байгууллагаас яагаад шүүхэд шилжихгүй байгааг лавлаж асуухаар “Ч.Ганхуяг яллах дүгнэлтээ авахгүй байна” гэдэг. Дуудахаар ирэхгүй байна гэсэн үг. Эцэст нь прокуророос “Албадан ирүүлэх санал”-ыг шүүхэд гаргасан. Яллагдагч тухайн шүүх хуралдаанд очсон. Нэгэнт өөрөө ирсэн тул албадан ирүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн. Ирчихсэн байгаа хүнийг ирүүлнэ гэж байхгүй учраас шүүхийн зөв. Энэ үеэс Ч.Ганхуяг дахин сошиалд гарч ирсэн. “Шүүх миний талд шийдлээ. Баярлалаа” гэх зэргээр ярьсан. Тэгээд “Намайг зүгээр байж байхад 10-20 залуу зодсон. Цагдаа нар ирээд салгах гэж бөөн юм болсон. Гурван цаг гаруй үргэлжилсэн. Таван машинтай залуус заналхийлсээр байсан” гэх мэтчилэн тулаант кино шиг л бичсэн. Одоо бүр ямар ч гэмгүй, зодоонд оролцоогүй залуугийн бичлэгийг сошиалд тавиад “Ч.Ганхуягийг зодсон залуус” гэчихсэн ч байсан. Согтуу байгаа нь гэмт хэрэг биш бол өөр яагаа ч үгүй залуу “Биеэ аятайхан авч явж чаддаггүй архичин пацан” болов. Нэмээд фэйсбүүкээр олон хүн хохирогчийг “Ч.Ганхуягаас мөнгө салгах гэсэн …” зэргээр зэрэг зэрэг постолж байна. Хаяг руу нь ороод үзэхээр дандаа “Ард” нэртэй компаниудын фэйсбүүк хуудсуудад лайк дарсан хүмүүс.Камерын бичлэгтэй шүү дээ, Ч.Ганхуяг аа, бичлэгтэй. 10-20 залууд зодуулчихаад байхад цагдаа, прокурор тоохгүй байх уу. 10-20 залуугийн ядаж нэгийг нь яллагдагчаар татахгүй байх уу? Хариулт нь дүрс бичлэгтэй.

Ташрамд дурдахад, хүндэвтэр гэмтэл учруулсан яллагдагчаас эмчилгээний зардлаа нэхэж байгаа. Харин Ч.Ганхуягаас сохор зоос ч авахгүй гэдгээ эхний мэдүүлгээсээ хэлсэн. Нэхээгүй байсан ч “Баян хүнээс мөнгө нэхэхийн тулд өдсөн” гэж ярихыг нь мэдсэн учраас нэхээгүй юм.

Яах вэ, шүүх нь шийднэ шүү дээ гээд дуугүй байсан ч хоёр жил орчим гацаж байсаар эцэстээ үйлчлүүлэгч маань сошиалд буруутан болох шахаж байгаа учир хууль тогтоомжид хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээлэл өглөө. Прокурорын байгууллага хэргээ шүүх рүү шилжүүлэхийг бид хүлээсээр л байна” гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *