Х.Нямбаатар: Хариуцлагатай хэлье, Х.Баттулга, З.Энхболд нар гаднын тавиул, туршуул
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр өглөө өөрийн цахим хуудастаа лайв хийж, УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд нар гаднын захиалгаар ажилладаг гэлээ. Мөн эдгээр хүмүүсийн монголын төрөөс хийсэн хулгайг баримттайгаар олон нийтэд дэлгэнэ гэв. Хотын дарга Х.Нямбаатарын ярьсан УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд нартай холбоотой баримтыг хүргэе.Тэрээр “З.Энхболд, Х.Баттулга хоёр нийлж 2008 онд хийх гэж байсан Гашуунсухайт Ганцмодны хил холболтын төмөр замыг зогсоосон. Үр дүн нь монголчууд 100 гаруй их наяд төгрөг олох боломжоо алдсан. 16 жилийн хугацаанд төмөр замаар нүүрсээ тээвэрлэсэн бол монголчуудын амьдрал одоогийнхоосоо хоёр дахин илүү байх байсан. Тухайн үед тэд гялгар уутанд элс хийж цоолоод монголын баялаг ингээд гоожоод алга болно гэж ярьсан. Үүний үр ашгийг энэ хоёр хүртсэн. З.Энхболдын хамаарал бүхий “Хишиг арвин” гэдэг нүүрс олборлолтын компани хөлжиж, түүнийг дагасан тээврийн компаниуд цэцэглэсэн. Мөн ажил хийж байгаа өнгөтэй өөдтэй хүмүүсийг харлуулдаг технологи бий болгосон. Х.Тэмүүжин гэж манай улсын шилдэг хуульчийн нэгийг нялх амрагтай болгож, ажлаас нь чөлөөлүүлж, харлуулах ажиллагаа явуулж байсан. М.Батчимэг гэдэг мундаг боловсролтой эмэгтэйг Тайванийн тагнуулч болгосон. Өнөөдөр энэ эмэгтэй хорвоогоос явсан. Г.Батхүү агсныг тангаргийн буг болгож, харлуулж, муулж, энэ хүн мөн л хорвоогоос явсан. Женко Баттулгын бузрыг яривал барахгүй. Дандаа худлаа ярина, хулгай хийнэ.Гаднын иргэнд 100 жилээр газар олгох хуулийг анх З.Энхболд батлуулсан. Сүүлд Ч.Хүрэлбаатар батлуулсан болоод дууссан. З.Энхболд, Х.Баттулга хоёрын монголын төрд хийсэн маш олон нүгэлт үйлдлүүд байгаа. Өнөөдөр улаанбаатарчууд эрчим хүчний дутагдалтай өвөлждөг болох үндсийг энэ хоёр хүн тавьсан. Багануурын цахилгаан станцын тендерийг хятадууд орж ирж монголын эрчим хүчний салбарыг цөлмөх гэж байна гэж хэлээд зогсоосон. С.Баярын Засгийн газрын үед Шивээ-Овоог түшиглэсэн 6000 мегабайтын нүүрсний цахилгаан станц байгуулах ажлыг мөн зогсоосон, төмөр замыг зогсоосон. Энэ хүмүүс гаднын тавиул, туршуул маягаар Монголд ажилладаг гэдгийг би Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүний хувьд хариуцлагатайгаар хэлье. Энэ хүмүүсийн хийдэг ажил зөвхөн хулгай. Хулгайгаа халхлахын тулд өөрсдийнхөө суганы үснүүдийг УИХ-ын гишүүн, НИХТ болгодог.Х.Баттулгын талаар би олон зүйл ярина. Майдар хот руугаа Эрдэнэтээс хулгайлсан мөнгөөрөө засмал зам татсан. Үүнийг АТГ шалгаад цаашаа явахгүй байна. Бүх хүнд хууль тэгш үйлчилмээр байна АТГ-ын дарга аа, Ерөнхий прокурор оо. Мөн өөрийнхөө хувийн эдлэн газар 13-р зуун руу Жанжин штабын дарга Д.Ганзоригтой хамтарч зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдээр үнэ төлбөргүй зам тавиулсан. Энэ хүний ороогүй, дүрээгүй хулгайлаагүй салбар гэж байхгүй. Х.Баттулгын хийсэн хулгайг баримттай нь ярина. Энэ хүнд хийгээгүй хулгай, идээгүй зүйл гэж байхгүй. Хөгжлийн банкны зээлээр “Шинэ яармаг” хороолол гэж бариад өөрөө шүүхтэй яриад баахан балгас Хөгжлийн банкинд өгөөд зээлээ хаалгасан. Мөн өөрийн гурил, махны үйлдвэрт авсан зээлээ төлөөгүй.З.Энхболд Хөгжлийн банкнаас ч зээл авсан, ЖДҮХС-аас өөрийн худын нэр дээр зээл авсан. Гурав, дөрвөн тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй үлдсэн. Энэ мэт яривал энэ хоёр хүний бузар булай болгоныг барахгүй. “Суруга Монгол”-ын өвгөнийг дээрэмдэх процесст З.Энхболд хамгийн том оролцогч. Өөрийн дүүгийн нэр дээр маш олон байрыг “Хүннү” хороололд авсан. Өөрөө Бага тэнгэрт амьдраад өдөржин монголын нийгэмд токсик уур амьсгал бүрдүүлээд сууж байгаа хөгийн хулгайч байгаа юм. Энэ хоёр хулгайч Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, сайдаар ажиллаж байхдаа энэ ажлуудаа хийж байхгүй яасан юм. Хийж чадаагүй бол олон юм хуцалгүй гэр гэртээ өвөөгийн ажлаа хийгээд сууцгаа.Х.Баттулгын явсан газар бүхэнд хар мөр үлддэг. Хүү нь хар тамхи татаад хажууд нь байсан нэртэй жүжигчний хүүхэд 16 давхраас үсэрч амь насаа алдсан үйл явдал болж байсан. Энэ мэт дан хар бараан зүйлтэй холбогдож байдаг хүн” гэлээ.