Х.Наранхүү: Бодит нөхцөл биднийг хүссэн хүсээгүй хөршүүдтэйгээ тээвэр, холбоогоо сайжруулахыг тулгалаа

0

Эдийн засгийн хөгжлийн сайдын зөвлөх Х.Наранхүү Монгол-Оросын бизнес форумд оролцов. Тэрээр сүүлийн 30 жилд хоёр орны худалдаа зогсонги байдалд ороход олон хүчин зүйл нөлөөлсөн гэсэн юм. Түүнтэй Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах, Чөлөөт худалдааны гэрээний Монголд үзүүлэх давуу талын талаар ярилцав.  

-1990-ээд оны эхээр Монгол, ОХУ-д нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, өөр өөрийн шинэ нөхцөлдөө зохицохоос өөр аргагүй байдалд хүрсэн.

Бид ЗХУ-аас их хэмжээний зээл тусламж авдаг байв. Тус улсын дотоод нөхцөл тогтворгүй байсан тул үүнийгээ зогсооход бид барууны орнууд руу арга буюу хандсан юм.

Одоо эргээд харахад бид барууны орнуудаас буцалтгүй  тусламж, зээл голдуу авчээ. Өгөөтэй аваатай, харилцан ашигтай хамтарч ажилласан төсөл бараг алга. Учир нь бид Төв Азид байршилтай орон. Тэд Монгол руу ирэх гэж олон мянган км туулна. Геополитикоос гео-эдийн засаг илүү бодитой юм. Глобалчлал дэлхий даяар өргөн хүрээнд хөгжсөн ч бидэнд ямар нөлөө үзүүлэв? Бид телевизээр глобалчлалын талаар их сонссон ч манай худалдаа, зам тээвэрт шууд нөлөөлөөгүй, бид дэлхийн зах зээлийн нэг хэсэг болж чадаагүй. Бид ганцхан төмөр замаар гадаад талтай холбогддог. Энэ замын хүчин чадал хаанаа ч хүрэлцэхгүй байна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтын дараа л тээврийн салбар хөгждөг дараалал, зүй тогтолтой. Аливаа глобалчлал бүс нутгийн харилцаа холбоон дээр тогтдог. Тухайн бүс нутагт харилцаа холбоо сайн хөгжөөгүй бол глобалчлал гацна. Бид далайн эрэг дээр байрлалтай байсан бол огт өөр байна. Далайд гарцгүй 29 улсын нэг нь Монгол.         

skip-share

Тойрч болно, гэхдээ Монголоор дайрвал мөнгө, цагаа ихээхэн хэмнэнэ.

Бодит нөхцөл биднийг хүссэн хүсээгүй хөршүүдтэйгээ тээвэр, холбоогоо сайжруулахыг тулгалаа. Бид үүнийг тойрч гарах боломжгүй. Гэвч зам тээвэр, холбоо, логистикт маш их хөрөнгө оруулалт шаарддаг онцлогтой. Энэ нь бараа зөөх тухай асуудал биш юм. Бид хөрөнгөгүй улс тул бусдаас гуйна, бусдаар хийлгэнэ. Иймд БНХАУ-Монгол-ОХУ-ыг холбосон, эдийн засгийн коридор байгуулах талаар олон жил ярьдаг.

СОЦИАЛИЗМЫН ЖИЛҮҮДЭД ДУТУУ ҮЛДЭЭСЭН АЖ ҮЙЛДВЭРЖИЛТЭЭ ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

ОХУ урагшаа Азийн орнууд руу хандъя гэхээр Монголтой 3000 км урт хилтэй. Иймд манай дэд бүтцийг хөгжүүлэх нь аль аль улсдаа ашигтай. БНХАУ “Нэг бүс, нэг санаачилга” гэж том төсөл  эхлүүлсэн. Тэд Торгоны замаар Төв Ази, Европ руу хүрэх гэхээр Монголтой 4000 орчим урт хилтэй.

Тойрч болно, гэхдээ Монголоор дайрвал мөнгө, цагаа ихээхэн хэмнэнэ.Орос, Хятад Хойд мөсөн далайн замыг хөгжүүлэх тухай ч ярьж байна. Уг нь хамгийн богино зам нь Монголоор дайрах юм. Иймд бид өөрсдөө уян хатан хөдлөх, хоёр хөрштэйгээ идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. Зарим хүн худалдаа наймаа хуучирсан, цахим худалдаагаар бүхнийг шийднэ гэдэг. Гэтэл бидний борлуулдаг бараа бүгд ихээхэн жинтэй, чип биш, программ хангамж биш шүү дээ. Уул уурхайн бүтээгдэхүүнийг хэдэн мянган тонноор нь ярина. Машинаар ч зөөхгүй. Төмөр замаар л зөөнө. Хөндлөн төмөр замтай болчихвол байдал дээрдэнэ. Мөн ганц босоо төмөр замаа хос болгох хэрэгтэй.

skip-share

Дамжин өнгөрөх замууд, байгалийн хийн хоолой олон байгаад  манай эдийн засаг хөгжихгүй.

Дамжин өнгөрөх замууд, байгалийн хийн хоолой олон байгаад  манай эдийн засаг хөгжихгүй.Манай нутгаар дайрсан гээд багахан төлбөр л өгнө. Нэг тонн ачаа тутамд нэг ам.доллар ч юм уу төлнө. Бид өөрсдөө үйлдвэрлэх нь л чухал. Ази, Номхон далайн бүс эрчимтэй хөгжиж буй энэ үед социализмын жилүүдэд дутуу үлдээсэн аж үйлдвэржилтээ дуусгах хэрэгтэй байна. Эдийн засгийн суурь салбаруудаа хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг юм. Эрчим хүч,  уул уурхай, барилгын салбарын үндсээ байгуулсан.  

Харин хар, өнгөт металлурги, хими гэсэн суурь салбарууд үлдчихсэн. Үүнгүйгээр эдийн засаг хөгжихгүй. Компьютер хийхэд өнгөт металл хэрэгтэй. Бид зэсээ хайлуулбал компьютерын эд анги үйлдвэрлэнэ. Зэс утас хийдэг болчихвол цахилгаан утас үйлдвэрлэнэ.

Ирэх онд авто замын том төслүүд эхлүүлнэ гэв. Элс, хайрга, цемент, шохой, төмөр бий юу? Маш их хэмжээний газар шорооны ажил хийгдэнэ.  Дарханы ган хайлуулах үйлдвэр 100 мянган тонны  хүчин чадалтай, хаанаа ч хүрэхгүй.       

Барууны улсууд бидэнд өгдөг тусламжаа танаж, та нар хөгжиж буй орнууд дотроо өндөр орлоготой улс болсон гэв. Гэтэл  хөрөнгө оруулалт хийхгүйгээр худалдаа өргөжихгүй.

skip-share

Энэ гэрээ ирэх оноос хэрэгжиж эхлэхээр хил орчмын худалдаа нэмэгдэнэ.

-Японтой Чөлөөт худалдааны гэрээ байгуулаад багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч тус улсын экспорт ихээхэн өсөж, манайхаас тус улсад нийлүүлдэг бараанд ахиц гараагүй. Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах гэрээ мөн ийм үр дагавар авчрах вий.
-Япон Монголоос олон мянган км-ын зайд оршдог тул манай компаниуд тээврийн зардлаа дийлэхгүй байна.  Евразийн орнууд бол өөр хэрэг.  Энэ гэрээ ирэх оноос хэрэгжиж эхлэхээр хил орчмын худалдаа нэмэгдэнэ. Хил дагуу, Уралаас наашаа 25 сая хүн амьдардаг. Тэд худалдан авах чадвараар биднээс илүү юу гэхээс дутахгүй.

Япон, Хятадад дулаан тул манай ноос, ноолууран эдлэлийн эрэлт бага. Европын орнуудад ноолуур тансаг хэрэглээ мөн ч тэнд их сайн чанарын, өндөр технологийн ноолуур өмсдөг. Бид тэр стандартад хүрч чадахгүй байна. Харин Сибирт манай ноос, ноолууран хувцсыг өмсөнө.

Япончуудын бидэнд нийлүүлдэг бараа овор хэмжээ жижиг тул тэд тээврийн зардлыг төлчихдөг. Тээврийн энэ саадыг бодохоор бидэнд Орос, Хятадаас өөр худалдан авагч байхгүй. Бид бодит байдлаа харахгүй, барууны загварын сэтгүүл хараад, амьдралаас тасарчихсан.

skip-share

Бид бодит байдлаа харахгүй, барууны загварын сэтгүүл хараад, амьдралаас тасарчихсан.

-ОХУ бидэн рүү анхаарлаа хандуулсан энэ үеийг бид аль болох сайн ашиглах ёстой гэдэгтэй та санал нийлэх үү?
-ОХУ Европтой улс төрийн шалтгаанаар бүх харилцаагаа тасаллаа. Энэ нь 5-10 жил биш, 20-25 жил үргэлжилж болзошгүй. Тус улс төрийн хэмжээнд Ази руу бодлогоо чиглүүллээ. Компаниуддаа Азитай ажилла гэсэн үүрэг өгч байна. Том гүрэн учир томоор ажиллана. Газар нутаг нь том тул ганц манайх биш, олон өөр гарцтай. Алс Дорнодын усан боомтууд, Төв Азиар гарах гарцууд бий.   

Бид аль болох Монголдоо нэмүү өртөг бүтээх замаар Оростой ажиллах хэрэгтэй. Монголд үйлдвэрлэсэн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ тус улс руу гаргахаас гадна тэдний хөрөнгө оруулалтыг татаж болно. Оросын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд Монголд ажиллавал татвар төлнө. Манай зах зээл жижиг тул тэд Монгол руу бараагаа гаргая гэхээс илүүтэй Хятад, Индонезыг илүү сонирхоно.

Өмнө нь төрөөс буюу дээрээс Монголтой ажилла гээд Оросын том ААН-үүд Улаанбаатарт ирдэг байв. Харин энэ удаа дунд хэмжээний компанийн төлөөллүүд ирцгээжээ. Би сая нэг хүнтэй танилцлаа. Нарийн боовны хөөсгөгч, амтлагч гэх мэт туслах материал үйлдвэрлэдэг гэнэ. Энд ирээд хартал танай нарийн боовны цехүүд их цөөн төрлийн амтлагч, өнгө оруулагч, чимэглэл ашигладаг юм байна гэж надад ярилаа. Энэ мэт компаниуд ирвэл илүү бодит ажлууд хийнэ шүү дээ.

Оросуудтай ажиллах хэцүү гэх мэтээр бид хойрго хандаж болохгүй. Бизнесийн соёлын хувьд Европ шиг биш, хэцүү юм бий ч тэд биднийг хүлээхгүй. Манжуураар, Казахстанаар Хятад руу гарчихна. Хохирогч нь бид байна. Дандаа ингээд манайх руу бөөн бөөнөөрөө ирэхгүй шүү ээ.  Монголчууд хэл устай юм байна. Цаашдаа гуравдагч орон руу Монголоор дамжаад гарч болох юм байна гэсэн ойлголт, сэтгэгдлийг одооноос төрүүлэх нь чухал. Тэгвэл оросын хөрөнгө оруулалт орж ирнэ.

375 нэр төрлийн барааг импортын татвараас чөлөөлсөн ч манай үйлдвэрлэгчид бэлэн үү? Тэдэнд эргэлтийн хөрөнгө хангалттай юу? Банкууд зээл өгөх үү? Үгүй л болов уу. Энэ орон зайг оросын томоохон компаниуд нөхөж болно. Тэд Монголд ажилласнаар ажлын байр бий болгоно, оросоор зогсохгүй гишүүн бусад улс руу бараагаа гаргана. Энэ нь чөлөөт худалдааны гэрээний давуу тал юм.     

Цаашид салбар салбарын буюу зөвхөн барилгын салбарын бизнес уулзалт гэх мэтээр зохион байгуулбал илүү үр дүнтэй. Барилгынхан хөдөө аж ахуйнхантай юу ярих билээ. 

-Евразийн эдийн засгийн холбоонд ямар улсууд байдаг вэ?
-ОХУ, Беларусь, Казахстан, Киргиз, Армен. Нэгдэх хүсэлтэй орнууд ч бий. Манай улсыг ч урьсан. Бид элссэнээр юу болох нь ойлгомжгүй байгаа тул худалдааны түр хэлэлцээг эхний ээлжид байгуулах гэж байна. Энэ гэрээ ашигтай байх, эсэхээс элсэх үү гэдгээ шийдэх байх. Ерөнхийлөгч Путин ирэхдээ манай Ерөнхийлөгчийг БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад ажиглагчаар урьсан. Татарстаны Казаньд энэ уулзалт удахгүй болно.  Хөгжиж буй орнууд  БРИКС-ийг их сонирхож байна.  

Ер нь бид БРИКС-йн орнуудын туршлагаар ОХУ-тай хамтран ажиллаж болно. Одоогоор Оросоос бусад улсууд манай зэх зээлийг төдийлөн сонирхохгүй байна. Гэхдээ Киргиз,  Узбекистанаас жимс импортлох нь нэмэгдлээ. Эдгээр улсын хүнс илүү эрүүл, органик.      

-ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал барууны орнуудын шүүмжлэлийг дагуулсан. Ирэх оноос Евразийн Эдийн засгийн холбоотой хийх, Чөлөөт худалдааны гэрээ хэрэгжиж эхлэхээр АНУ тэргүүтэй барууны орнууд манайд ямар нэг хориг тавих болов уу?
-Юун дээр хориг тавина гэж?

skip-share

Ерөнхийлөгч Путины айлчлалын талаар барууны том улсууд ямар нэг асуудал яриагүй. Украин болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл айлчлалыг хөндсөн.

-Мэдэхгүй юм. “Оюу толгой”-гоор дамжаад ч юм уу?
-Төлбөр тооцоон дээр магад. Гэхдээ барууны орнууд биднийг маш сайн ойлгосон. Монгол шал өөр нөхцөл байдалтай гэдгийг ойлгосон. Бидэнд ОХУ, БНХАУ-аас өөр хөрш, худалдааны түнш байхгүй. Гаалийн мэдээлэлд бид 100-аад улстай наймаа хийж буй мэт боловч хөршүүдээрээ л дамжуулж бараа авдаг. Өвөл цахилгааны гачигдалд орлоо, оросоос, хятадаас авдаг. Шатахуунаа хойд хөршөөс, хүнсээ урд хөршөөс авч байна. Бид энэ хоёр улстай хэвийн харилцаатай байхаас өөр ямар ч арга байхгүй. Төрийн хэмжээнд ч хэвийн харилцаатай байх ёстой.

Ерөнхийлөгч Путины айлчлалын талаар барууны том улсууд ямар нэг асуудал яриагүй. Украин болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл айлчлалыг хөндсөн. Монголд арга хэмжээ авах тухай яриа гараагүй, Гадаад яаманд ямар нэг ноот бичиг ирээгүй. Том гүрнүүд жижиг асуудлаар хөөцөлдөж, ийм үйлдэл хийвэл харамсалтай.  Ийм шаардлага ч байхгүй.        

-ОХУ-ын талаас манайд бага оврын атомын цахилгаан станц барих саналыг албан бусаар тавьдаг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-ОХУ бага оврын атомын цахилгаан станцаар дагнасан улс. Энэ саналыг арваад жилийн өмнөөс манайд тавьсан ч бид хойрго хандсан. Бусад улсууд атомын цахилгаан станцын төслүүдээ үнэтэй, аюултай гэх мэт шалтгаанаар зогсоосон ч ОХУ тэгээгүй. Тэд энэ чиглэлийн судалгаа хөгжүүлэлтээ үргэлжлүүлсээр байв. Тосгонд барихуйц хэмжээний жижгээс том гээд төр төрлөөр нь барьдаг.

Эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад аль болох олон өөр эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх шаардлагатай. Бид зөвхөн нүүрсэн дээр тулгуурласан. Хий, газрын тос ашиглах хэрэгтэй. Усан болон атомын цахилгаан станцтай байх хэрэгтэй. Ингэснээр олон тулгууртай, найдвартай эрчим хүчтэй болно.

Сүүлийн жилүүдэд ураны хайгуул судалгааг их хийсэн тул одоо л эрх баригчид дээрх саналыг илүү нухацтай авч үзнэ. Ирэх оны улсын төсөвт атомын ЦС-ын ТЭЗҮ боловсруулах зардал тавьсан байсан. ТЭЗҮ-д ашигтай гэж бичвэл барих тухай ярина. Гэхдээ оросууд зөвхөн атомын ЦС гэж яриагүй. Атомын эрчим хүчийг эдийн засгийн утгаар ашиглах чиглэлээр тэд маш их туршлагатай, социализмын үеэс л энэ судалгаа нь эхэлснийг дурдсан. Энэ нөү-хаугаа бусад улсад түгээх бодлого баримталж байна.

Сүүлийн үед хөгжиж буй орнуудад цөмийн эрчим хүчийг иргэний чиглэлээр ашиглах шинжлэх ухаан, боловсролын төвүүд байгуулж байна. Хамгийн сүүлд Буриадад барилаа. Тэнд хорт хаврын эсийг эрт үед илрүүлж, эмчилдэг. Хавдрын эс бий  болоод тав хоносон байхад илрүүлж байна. Ингэснээр өвчтөний амь насыг аврах боломж тэр хэрээр нэмэгдэнэ. Энэ төвийг манайд байгуулах тухай ч ярьдаг. Одоогоор энэ технологи Оросоос өөр улсад байхгүй. Гэхдээ цөмийн эрчим хүч ашиглахын тулд эхлээд хүний нөөцөө бэлдэх, аюулгүй байдлаа хангах нь чухал.                               

ОХУ-ын 40 аж ахуйн нэгжийн 100 төлөөлөл Улаанбаатарт ирж, “Made in Russia” олон салбарыг хамарсан бизнес уулзалтад оролцож байна. МҮХАҮТ-д өчигдөр эхэлсэн энэ уулзалт өнөөдөр үргэлжилнэ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *