Ш.Алтансоёмбо: Монгол хүүхдүүд дунд өндрөөсөө гуравт тооцогдож байгаа учраас багш маань сагсан бөмбөг тоглох санал тавьсан

0

Монголын өсвөрийн сагсчид дундаас өндрөөрөө эхний гуравт эрэмбэлэгдэж буй Ш.Алтансоёмбо хүүтэй бид энэ удаа ярилцлаа. Түүний хувьд 2008 онд төрсөн, 16 настай ч өдгөө 2.02 метр өндөртэй аж. Үүгээрээ тэрбээр сагсчин хүүхдүүд дунд эхний гуравт эрэмбэлэгдэж байгаа юм. Сагсан бөмбөг тоглодоггүй байсан түүнийг “Этүгэн ирвэсүүд” клубын менежер Сонио олж, энэ салбар луу татан оруулж, нэг хүүгийн ирээдүй илүү гэгээлэг болох эхлэлийг тавьжээ.

Харин одоо тэрбээр “Этүгэн” ЕБС-д 100 хувийн тэтгэлгээр суралцаж байна. Ингээд Ш.Алтансоёмбо хүү болон түүний багштай ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FIsee.mn%2Fvideos%2F3594637567343693%2F&show_text=false&width=311&t=0

-Ш.Алтансоёмбын хувьд хэзээ төрсөн бэ. Одоо хэдэн метр өндөр байна вэ?

-2008 оны наймдугаар сарын 8-ны өдөр буюу Монгол Улс олимпын анхны алтан медалийг авдаг жил төрсөн. Одоо 2.02 метр өндөртэй. Ер нь хоёр жилийн өмнөөс л өсөж эхэлсэн юм. Түүнээс өмнө тийм ч өндөр байгаагүй. 1.8 метр орчим л байсан байх. Өндөр болоод ирэнгүүт сагс тоглож, бэлтгэл хийгээч гэж хүн бүр л хэлдэг байсан даа

Өмнө нь сагс тоглодог байв уу?

-Хоёр жилийн өмнөөс найзуудаа дагаад сагс тоглож эхэлсэн. Анх тоглож эхлэхэд сагс тоглодог ах нар л гоё харагддаг байсан. Тухайн үед бэлтгэл сургуулилт ч хийдэггүй, гадаа л тоглодог байсан даа.

Гэрийнхэн дунд нь чам шиг өндөр хүн бий юу?

-Манай ээж, өвөө хоёр маань ер нь өндөр. Аав маань харин намхан.

Би гэр бүлийнхээ хамгийн анхны өндөр хүүхэд нь. Ер нь ойр орчмын найз нөхөд, гэр бүл, хамаатан садан дунд сагс тоглодог хүн байхгүй.

Этүгэн сургуульд тэтгэлээр сургаж, сагсан бөмбөгт бэлтгэж эхлэх талаар анх сонсоод ямар санагдав?

-Намайг сагсан бөмбөгт оруулах гэж надтай уулзаж, улмаар Этүгэн ЕБС-д тэтгэлгээр суралцуулах мэдээг сонсоод гаднаа хүмүүст ил гаргахгүй байсан ч дотроо үнэхээр их баярласан.  О.Баярцогт багш хэлэхдээ, “Чи Этүгэнд сурахдаа 100 хувийн тэтгэлгээр сурна. Цаашдаа “Этүгэн Ирвэсүүд” багт орж тоглох боломж байна. Чи өөрөө зүтгэлтэй байх хэрэгтэй” гэсэн. Гол нь бэлтгэл дээрээ шантрахгүй хичээнэ дээ.

Ш.Алтансоёмбын багш, “Этүгэн ирвэсүүд” клубын менежер Сонио, “Сагсан бөмбөгийн олон улсын хэмжээний мастер н.Цэвэлдорж гэж хүн над руу холбогдоод, “Нэг ийм өндөр хүү байна. 2 метр орчим нуруутай. Гэхдээ сагсан бөмбөгөөр хичээллэдэггүй. Сонирхдог л юм шиг байна. Чи энэ хүүхдийг нэг үзээч” гэсэн. Тэгээд анх Ш.Алтансоёмбо хүүгийн сургийг гаргаад, олж уулзсан. Улмаар эхний ээлжинд шалгах журмаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шийдэн дээр тоглож байхад нь очиж харсан. Уг хүүхэд өөрөө сөгсөн бөмбөгт дуртай. Гэхдээ бэлтгэл сургуулилт хийдэггүй нь мэдэгдсэн. Сагсыг өөрөө сурчихсан, техник муутай байсан ч өндөр нь бол үнэн байсан.

Хүүгийн хувьд их цовоо сэргэлэн, сагсан бөмбөгт дуртай байсан. Энэ спортод мэдээж өндөр нуруу хэрэгтэй. Тэгээд ярилцаж үзэхэд чөлөөтэй ярьдаг, хүсэл мөрөөдөлтэй, дэврүүн хүү шиг санагдсан. Гэртээ очоод сургууль, ар гэрийг нь нэлээд судалж үзээд энэ өндөр хүүхдийг сагсан бөмбөгт оруулж ирвэл тодорхой хэмжээний амжилтанд хүрэх юм болов уу гэж бодсон. Би өөрөө Этүгэн их сургуулийн Этүгэн ирвэсүүд клубын менежерээр ажилладаг учраас дасгалжуулагч О.Баярцогт багшдаа танилцуулаад зураг хөргийг нь явуулаад, бичлэгийг нв явуулсан чинь багш маань, “Миний өмнөх нэг шавьтай адилхан байна. Аваад ир” гэж хэлээд уулзаж үзсэн.

Ш.Алтансоёмбо хүүгийн бичлэгийг цахим хуудаснаа тавихад хүмүүс их эерэгээр хүлээж авсан.

Манай сургуулийн зүгээс сагсан бөмбөгийн авьяастай хүүхдүүдийг сургуульдаа тэтгэлгээр сургадаг. Сагсан бөмбөгөөр хичээллэдэг хүүхдүүд ажлын байран дээр гарсан ч багаараа ажиллах чадвар, харилцаа, хандлага, ачааалал даах чадвартай болж гардаг. Этүгэн их сургуулийг төгсөөд сагсан бөмбөгөөр хичээллэсэн олон амжилттай хүүхдүүдийн түүчээ болж байгаа нь Ш.Алтансоёмбо гэж харж байгаа. Өчигдөр Этүгэн ЕБС дээр очиж уулзахад багш нар нь их сайхан хүлээж авсан.

Манай Монголын сагсан бөмбөг тив дэлхийд явахад өндөр нуруу их шаарддаг. Иймд өндөр нуруутай хүүхдүүдийг зөв газар бэлтгэх нь илүү үр дүнтэй гэж харж байгаа. Цаашдаа энэ хүүхэд магадгүй Этүгэн их сургуульдаа ороод, дээд лиг рүү ч дэвшиж орох боломжтой. Өөрөөс нь л шалтгаална. Хамгийн гол нь манай клуб сургалтын төлбөр олгож, магадгүй сагсан бөмбөгөөр явахад нь бүх талын дэмжлэг үзүүлдгээрээ онцлогтой” гэлээ.

Эх сурвалж: isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *