Баян төрийг балаг тойрдоггүй!

0

АТГ-аас ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг авлига, албан тушаалын хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Тэднийг ЭМДС-гийн мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр мөрдөн шалгаж байгаа аж. Гэвчиг энэхүү баривчилгаанаас харагдаж байгаа ганц өнцөг, ганц  үнэн нь гэвэл  “чоно цатгалан, сүрэг бүтэн” үлдэнэ.

АТГ үндсэндээ авлига, албан тушаалын хэрэгтээ тэмцдэг биш, албан тушаалтнуудын ашиг сонирхлыг гүйцэлдүүлдэг газар болж хувирсны нотолгоо нь Хөгжлийн банк, нүүрсний хулгай, ногоон автобусны луйвар. Аливаа хэргийн мөрдөн шалгалтын талаар АТГ хэр дуулиан тарина, төдийчинээ ял, шийтгэлгүй үлддэг.

Засгийн газрын дэргэд 25 сан үйл ажиллагаа явуулдгаас улстөрчдийн “урт гар” ухаагүй сан бараг байхгүй. ЖДҮ, БЗС, НДС, ЭМДС гээд хаана төсвийн мөнгө төвлөрнө, тэнд хулгай, луйвар гардаг нь  Монголын төрд жирийн үзэгдэл, төрийн санг цөлмөгсөд нь хуулийн ялгүй үлддэг нь дэлхийд бараг жишиг загвар болсон.

ЖДҮХС-гийн мөнгийг жигд хувааж авсан МАН-ын дарга нараас гэхэд хариуцлага хүлээсэн нь цөөхөн, зарим нь өдгөө төрийн өндөр сэнтий дээр сууж байгаа билээ. Тэгвэл БЗС-г тонолцсон хүмүүс шинэ парламентад ч байна, шинэ засагт ч байна. НДС,ЭМДС бол төрийн сайд, дарга нарийн түрийвч болоод удаж буй юм.

Төрийн сангууд жирийн иргэдийн эрх ашгийг хамгаалдаг нь худлаа, эсрэгээрээ төрийн өмчит компаниуд ялсан намын, эрх баригчдын өмч болдог нь үнэн. Монголын хууль шүүх жирийн иргэдэд халтай, эрх мэдэлтнүүдэд ээлтэй үйлчилдэг.  Тэр тусмаа бусдын мал хулгайлбал таван жил хүртлэх ял шийтгэл хүлээж, шоронд ордог. Харин төрийн өмч, хөрөнгө хулгайлсан нь торгуулийн ялаар шийтгүүлж, авлигын мөнгөтэйгөө үлдэнэ.
Ганцхан жишээ дурдахад, гар утас хулгайлсан гэх хэрэгт сэжиглэгдэн, амиа алдсан залууг хууль, шүүхийнхэн амь насаа алдтал нь хорьсон. Тэгвэл шүүхээр зургаан жилийн хорих ялаар шийтгүүлсэн Ё.Баатарбилэгийг баривчилж, хориогүй л  юм даг.  Мөн ногоон автобусны хэрэгт яллагдагчаар татсан УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар эрх чөлөөтэй амьдарч байна. Гэх мэтчилэн хууль, шүүх нь  иргэн ба эрх мэдэлтэнд хоёр нүүр гаргадаг.

Хамгийн сүүлд нүүрсний хулгайн хэрэгт холбогдон ял эдлэж буй Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг “үндэслэлгүй хөрөнгөжөөгүй” гэж дунд шатны шүүхээс үзэн хорих ялыг нь бууруулсан нь авлигатай тэмцэвч авлига, хулгай багасдаггүйн товч хариулт болно.

 Нөгөө талдаа төр хэчнээн баян байна, тэр хэрээр төрийн сайд дарга нарын авлига хулгай, дээрэм тонуул ихэсдэг. Төрийн өмч, төсвийн сангуудыг цөөлөхийг цөөлж, зарахыг нь зарахгүй бол төрийн өмчийг төрийн дарга нь, төсвийн мөнгийг төсөв захиран зарцуулагч нь хулгайлсаар л байна. “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт”, “Дарханы хар төмөрлөг” гээд бэлээхэн жишээ байна. Улс төрийн зорилго, агуулгатай хэлсэн болохоос Д.Загджавыг утаагүй түлш 1.2 их наяд төгрөгийг “залгисан” гэдэг нь АТГ-ын анхааралдаа авах мэдээ мөн үү гэвэл мөн.  Авчиг АТГ өөрөө авлигатай тэмцэж чаддаг уу гэвэл асуултын тэмдэг. Амиа алдсан 21 настай хүүг цагдаа нарт барьж өгсөн гэм  буруу үйлдэлдээ АТГ өнөөдөр ч ард иргэдээсээ уучлалт гуйгаагүй байгаа билээ.

Монголын төр бол баян төр. Хөрөнгө мөнгөгүйдээ улс нь хөгжиж чаддаггүй гэвэл хүүхэд нохойг доог болох биз.

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ хэмжээ өнгөрсөн онд 52.9 их наяд төгрөг байжээ. Атал Монголын төрийн өмчит компаниудын нийт хөрөнгө нь улсын нийт ДНБ-ээсээ давчихсан, 59.2 их наяд төгрөгөөр тоологдож байна. Нэг ёсондоо Монголын эдийн засагт  хувийн хэвшлийн орон зай хумигдаж, төрийн оролцоо асар нэмэгджээ. Тоо худлаа хэлдэггүй гэдэг.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас гаргасан судалгаанд хөгжиж буй орнуудын эдийн засагт төрийн өмчийн эзлэх хувь нь 47 орчим. Харин Монголд энэхүү хувь хэмжээ 112 байгаа нь  ялсан намын, эрх мэдэлтнүүдийн саалийн үнээ, гахай, нохой болдог өмч асар томорсныг харуулсан үзүүлэлт. Тал хувь нь алдагдалтай ажилладаг, нэг төгрөг олохын тулд 5-6 дахин их зардал гаргадаг төрийн өмч төр нь уг нь хэрэггүй. Эдийн засагт сохор зоосны ашиг өгдөггүй төрийн өмчийн тоо нэмэгдэх нь хэн нэгэн даргын хэтэвчийг зузаатгана гэсэн үг.

“Transparency International” байгууллагаас гаргадаг “Авлигын төсөөллийн индекс”-т Монголыг арагш нь чангааж буй гол хүчин зүйлс төрийн хулгай. Төр “таргалах” нь улстөрчид нь улсаасаа баян, улс нь улстөрчдөөсөө ядуу амьдрах хамгийн том шалтгаан. Төрийн авлига, хулгайтай жинхэнээсээ тэмцье гэвэл төрийн сангуудаа бүгдийг нь татан буулгаж, төрийн өмчөө цөөлөх ёстой. Ийм реформ хийхгүйгээр Засгийн газрын авлигатай хийх тэмцэл салхин тээрэмтэй тулалддаг Дон Кихотын үлгэр болж л үлдэнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *