“Нүүрсний” хэрэг хаачив
Хөдөлмөр , нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарыг “Нүүрсний” хэрэгт холбоогүй гэв үү дээ?
Тавантолгойн нүүрсний ордыг хувьчлах гэж байсныг 2015 оны 4 дүгээр сард УИХ зогсоосон. Энэ ордын 20 хувь нь ард түмний мэдлийнх. “Эрдэнэс Тавантолгой” компани түүнээс хойших 9 жилийн хугацаанд хувьцаа эзэмшигч иргэдэд 1.2 их наяд төгрөг, Засгийн газарт 4.8 их наяд төгрөгийн ногдол ашиг өгөөд байна.
Гэтэл үүнийг нийлүүлснээс 7 дахин их мөнгийг Тавантолгойгоос хэн нэгэн хулгайлчихсан тухай 2022 оны 4 дүгээр сарын 5-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд мэдэгдсэн. Үүнд тулгуурлан, тухайн үеийн УИХ-ын гишүүн, одоогийн Шадар сайд Т.Доржханд тэргүүтэн 40 их наяд гэсэн тоо гаргаж ирсэн юм.
Юутай ч Монгол Улс, ард түмэн нүүрсээ хулгайд алдсан, хэн нэгэн хулгайлсан, хулгайч байгаа нь ойлгомжтой. Хэдийг хулгайлсан юм бэ гэж асуухаас өмнө хэн хулгайлсан юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Ганц хүн биш, бүлэг, магадгүй хэд хэдэн бүлэг байгаа гэж таамаглаж байлаа. Тэр хэн нэгнийг, бүлгийг УИХ, Ерөнхий сайд, ТЕГ, АТГ, ЦЕГ, УЕПГ, олон нийт хамтдаа хайсаар Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёрыг хамгийн том, гол сэжигтнээр тодруулан, цагдан хорьсон. Гэтэл одоо тийм биш болчихлоо. Юу болоод байна аа?
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг “Нүүрсний” биш авлигын хэргээр яллав
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 11, 12-нд Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хаалттай хэлэлцлээ. Ингээд эцэст нь Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс авсан ялаа 4 сараар, Б.Ганхуяг 2 жилээр хасуулав. Ингээд Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, 2 жил 6 сар хорих ял оноосон бол Б.Ганхуягийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасан, 3 жил 9 сар хорих ялаар шийтгэв.
Шүүхийн тогтоолд ч, улсын яллагчийн дүгнэлтэд ч нүүрстэй холбоотой нэг ч үг байсангүй.
Шүүхийн тогтоолд ч, улсын яллагчийн дүгнэлтэд ч нүүрстэй холбоотой нэг ч үг байсангүй. Харин сэтгүүлчид, олон нийт л тэднийг “Нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан яллаж байгаа гэж бодож байсан юм. Гэтэл андуурчээ. Андуурч байгааг мэдсэн шүүх ч “Тус хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй. Энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй болохыг тэмдэглэж байна” гэж мэдэгдлээ.
Уг нь Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёрыг нүүрстэй холбоотойгоор шалгаж эхэлсэн. Нүүрс олборлох, экспортлох, тээвэрлэх, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн шалгаж байсан хэрэг дунд Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох хэрэг байсан. Улсын ерөнхий прокурорын газар энэ талаар сэтгүүлчдэд хэд хэдэн удаа мэдээлсэн. Хамгийн сүүлд энэ оны 2 дугаар сарын 22-нд мэдээлэхэд, тэдний нэр байсан. Тиймээс л сэтгүүлчид ч, олон нийт ч тэдэнд холбогдох хэргийг “Нүүрсний” гэж ойлгож ирсэн юм. Гэтэл “Нүүрсний” хэргийг замд нь замхруулж, нүдэнд харагдахгүй хумхийн тоос болгожээ.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг хахууль авсан, хахуулийн мөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулж, мөнгө угаасан гэж шүүх буруутгалаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод аудитын албаны дарга, ерөнхий аудитороор ажиллаж байсан Б.Отгонжаргалын холбогдсон хэргүүдээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэдэг хэргийг хэрэгсэхгүй болгож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасаж, 1 жил хорих ял оноосон юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан И.Даваадорж нийтийн албанд 5 жил ажиллах эрхээ хасуулж, 2 жил хорих ялтай хэвээр үлдлээ. Х.Батхишигт анхан шатны шүүхээс оноосон эрүүгийн хариуцлагыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүхээр хэргийг нь дахин хэлэлцүүлэхээр болов. Т.Аюурсайханы эхнэр П.Бадамхандыг хүнээр худал мэдүүлэг өгүүлсэн гэж буруутган, 1 сая төгрөгөөр торгосон. Гэх мэтчилэн хэдэн хүнийг торгоод өнгөрч байна.
Анхнаас нь баримтаа устгасан. Одоо…
Нүүрс олборлох, экспортлох, тээвэрлэх, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг нийт 84 хэрэг мөрдөн шалгаж, улс төрд нөлөө бүхий 13 этгээд, нийтийн 90 албан тушаалтан, 53 иргэн, (нийт 156 хүн), хуулийн 3 этгээдийг яллагдагчаар татан шалгасан юм. Үүнээс 96 хүн, хуулийн 2 этгээдэд холбогдох эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан зэрэг 12 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлснээс 8 хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Тухайлбал:
- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Цогтцэций салбарын дарга С.Д нарын 5 хүн,
- ОБЕГ-ын хяналтын мэргэжилтэн Н.Х нарын 8 хүн,
- АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.А нарын 5 хүн,
- Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын Хилийн аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны орлогч Ж.Д нарын 8 хүн,
- Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Т нарын 22 хүн,
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн маркетинг, борлуулалтын ахлах мэргэжилтэн З.Б нарын 2 хүн,
- “Эрдэнэсилвер” ХК-ийн захирал Т.М нарын 6 хүн,
- УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарын 11 хүн
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас 9.9 тэрбум, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас 1.8 тэрбум төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. “Нүүрсний” гэх энэ хэрэгт холбогдсон хүмүүсээс машин, усан онгоц, хаус, бэлэн мөнгө хураахаар болсон юм.
Прокурорын байгууллагын мэдээлэл дунд нүүрстэй холбоотой гээд ийн цохогдож байсан тэдний нэр шүүхэд очихдоо нүүрстэй холбоогүй болжээ.
УИХ энэ оны 1 дүгээр сард “Нүүрсний сонсгол” зохион байгуулж, Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийн тайланг хянан хэлэлцсэн. Тэгэхэд орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний хамаарал бүхий этгээд нүүрсний гэрээ, ажлын гүйцэтгэл, нотлох баримтыг устгасан байж болзошгүй тухай Хууль зүйн сайд Б.Энхбаяр тухайн үед онцолсныг сануулъя.
2011-2023 онд нийт 944 гэрээгээр 13.3 их наяд төгрөгийн худалдан авах ажиллагаа зохион байгуулснаас хяналт шалгалтад 500 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий нийт 11.5 их наяд төгрөгийн 92 төсөл, арга хэмжээг хамруулан нягтлахад, 4.8 их наяд төгрөгийн дүнтэй 40 төслийн худалдан авах ажиллагаа хуульд нийцээгүй болохыг уг хороо тогтоосон байна. 2011-2014 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан тус компанийн архивт байхгүй, алга болсон байжээ. 2011-2023 оны хооронд 398 гэрээгээр 110.1 сая тонн буюу 20.2 их наяд төгрөгийн нүүрс борлуулсан байв. Үүнийг сарын дундаж үнэтэй нь харьцуулж үзэхэд, ойролцоогоор 826.4 сая ам.доллар алдагдсан болж таарч байлаа.
Нүүрсчид анхнаасаа үүнийг төлөвлөж, бүгдийг зохион байгуулсан нь уг сонсголоос ил болсон юм.
“Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” ХК-иас 2010-2017 онд ямар компаниуд нүүрс худалдан авч, экспортолсныг тогтооход чухал баримт болох “С” зөвшөөрлийн мэдээлэл байсангүй. Цагаанхад дахь 36 терминалын пүүний программд бүртгэгдсэн мэдээлэл, Гаалийн ерөнхий газрын CAIS систем дэх өгөгдлийг тулган, “С” зөвшөөрөлтэй 246 тээвэрлэгч нийт 52.030 удаагийн тээвэрлэлтээр 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй гэсэн баримт олдсон байдаг.
Монгол Улсын гаалийн байгууллага экспортолсон нийт нүүрсийг худалдан авч буй улсын нэрээр бүртгэж, будлиан хутгадаг болохыг энэ шалгалтаар илрүүлсэн юм. Монголын хилээр хэн, хэр хэмжээний нүүрс гаргасныг ГЕГ мэдэхгүй байх боломжгүй. Мэдэгдүүлэхийг хүсээгүй нь илт. Нүүрсчид анхнаасаа үүнийг төлөвлөж, бүгдийг зохион байгуулсан нь уг сонсголоос ил болсон юм. Аргаа барсан түр хороо Монголоос гаргасан нүүрсний хэмжээг Дэлхийн банк, НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага, БНХАУ-ын мэдээлэлтэй харьцуулан, 39 мянган тонн нүүрсний зөрүү илрүүлсэн юм.
Өмнөговь аймгийн Ханбогд суманд гаалийн хяналтын талбай, автотээврийн зогсоол, кэмпийн зориулалттай газрыг 2020-2022 онд дуудлага худалдаагаар худалдаагүй, анхны үнэ төлөгдөөгүй байхад газар олгож, дараа нь үнийг нь нөхөн төлүүлсэн, гадаадын хөрөнгө оруулалттай 34 аж ахуйн нэгжид 475.3 га газар олгосон байлаа.
Бортээгийн нүүрсний уурхайгаас гэрээгээр нүүрс олборлох аж ахуйн нэгж сонгон шалгаруулах нээлттэй тендерт шаардлага хангаагүй компани шалгаруулсан, уг компанийн санхүү, техникийн чадавхад тендерийн бичиг баримтыг тааруулан, өөрчилсөн байдаг.
Ийм их зөрчил, асуудал байгаа боловч буруутан алга. “Нүүрсний” хэрэгт нэр холбогдсон, шалгуулсан хүмүүс өөр хэргээр ял сонсож, зүйлчлэл нь өөрчлөгдөн, заримынх нь хэрэг хэрэгсэхгүй болж байна. Нэг мэдэхэд “Нүүрсний” гэх нэг ч хэрэг байгаагүй болсон байх вий. Тэгвэл хилээр атга ч нүүрс хууль бусаар гаргаагүй болж таарна. Тийм дээрээ тулбал, “Нүүрсний хулгайчийг бариарай” гэж хамгийн анх хашхирсан Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр хэрэг зохиосон болж таарах нь дээ.