ХӨСҮТ-ийн 3,2 тэрбум төгрөгийн оношлуур, урвалж алга болжээ

0

ХӨСҮТ-ийн захирлаар Ц.Билэгтсайхан 2021 оны 9-р сарын 14-өөс 2023 оны 5-р сарын 17-ны өдөр хүртэл ажилласан байдаг. Тэрбээр ерөнхий захирлын албанд томилогдохоос өмнө дэд захирлын албан тушаалтай байсан. Тэгвэл Ц.Билэгтсайханы дараа Ж.Байгалмааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тушаал гаргаж томилж байлаа. Ж.Байгалмаа нь ХӨСҮТ-д тандалт, судалгааны албаны дарга, дэд захирлын албыг хашиж байв.

Тэгвэл тэднийг ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байх хугацаанд буюу 2023 онд тус эмнэлэг 3 тэрбум 270 гаруй сая төгрөгийн санхүүгийн зөрчил гаргаж, “хязгаарлалттай” гэх дүгнэлт авсан байна. Уг 3 тэрбум 270 гаруй сая төгрөгийн санхүүгийн зөрчлүүдэд төсвийн хөрөнгийг үрэлгэн зарцуулсан, завшсан, хулгайлсан байж болзошгүй зөрчлүүд байх бөгөөд АТГ, холбогдох хуулийн байгууллага анхаарал хандуулах шаардлагатай байна.

Аудитаар нийт 3,270,573.7 мянган төгрөгийн зөрчил илэрснээс, 4,950.0 мянган төгрөгийн зөрчилд 1 төлбөрийн акт, 2 зөрчилд алдааг давтан гаргахгүй байх зөвлөмж өгч, 3,265,623.7 мянган төгрөгийн зөрчилд 1 албан шаардлага хүргүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр ҮАГ-аас шийдвэрлэсэн байна.

ХӨСҮТ-ийн аудитаар илэрсэн санхүүгийн зөрчлүүдээс онцолбол:

-Меджей ХХК-иас 400 ширхэг нэг бүрийг 195.0 мянган төгрөгөөр нийлүүлэх гэрээтэй цээжний шингэн цуглуулах 165 ширхэг савыг гэрээний үнээс дээгүүр үнээр буюу нэгжийн үнийг 225.0 мянган төгрөгөөр нийлүүлсэн байна.  Өөрөөр хэлбэл гэрээнд заагдсан үнээс нь илүү мөнгийг ХӨСҮТ-өөс гаргасан нь эрх бүхий албан тушаалтан Меджей ХХК-тай үгсэн тохиролцож, төсвийн хөрөнгөнөөс завшсан байх магадлалтай.

-Бараа материалын дансанд Ковидоос бусад халдварт өвчнийг оношлох 2018-2019 онд худалдаж авсан оношлуурыг Ковидын улмаас 2021 оны 7 дугаар сар хүртэл амбулаториор өвчтөнүүдийг хүлээн авч үзлэг хийгээгүйгээс 387,272.2 мянган төгрөгийн ашиглалтын хугацаа дууссан, Эрүүл мэндийн яамнаас 2021-2022 онд үнэ төлбөргүй шилжүүлсэн 2,878,351.5 мянган төгрөгийн хугацаа дууссан оношлуур нийт 3,265,623.8 мянган төгрөгийн оношлуур урвалжийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлын 2023 оны 5 дугаар сарын 5 өдрийн А/94 тоот тушаалаар өмч хамгаалах байнгын комиссын протокол үйлдээгүй, санхүүгийн албанд мэдэгдээгүй, устгалтын компанитай гэрээ хэлцэл хийлгүйгээр ажлын бус өдөр устгалтыг хийсэн байна. Мөн байгууллагын санхүүгийн албанд устгалт хийсэн бичиг баримт, өмч хамгаалах зөвлөлийн протокол, устгал хийсэн компанитай хийсэн гэрээг устгал хийснээс 10 хоногийн дараа нөхөн бүрдүүлж өгсөн байна.

Ийнхүү ажлын бус өдөр, холбогдох комисс, албадад мэдэгдэлгүйгээр ерөнхий захирал нь тушаал гарган устгасан нь хачирхалтай. Уг бүтээгдэхүүнүүд нь үнэхээр хугацаа нь дууссан байсан уу, төрийн өмчийг завшчихсан уу гэх олон асуудал урган гарч байна!

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *