ГССҮТ-ИЙН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮД АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ 111 ДҮГЭЭР АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

0


Гэмтэл согог судлалын үндэсний төв, ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны 111 дүгээр ангиас хамтран орон нутагт осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, нисдэг тэргээр лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад тээвэрлэн хүргэх, эмч сувилагчийг ажлын байран дээр сургаж чадавхижуулах чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулж буй билээ.
Энэ хүрээнд Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны 111 дүгээр ангийн захирагч, хурандаа Т.Мөнхдорж тэргүүтэй аврах багийн хамт олон өчигдөр ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах болон эмч мэргэжилтнүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан, үйл ажиллагааны танилцуулга хийлээ.
Тус анги нь “Airbus ЕС-145” загварын иж бүрэн тоноглогдсон тусгай үүргийн гурван нисдэг тэрэг, нисгэгч нарыг сургах бага оврын “Cabri G-2” симулятор болон тэдгээрийг байрлуулах ангарыг байгуулж, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газрын сургагч багш нарын байнгын сургалт, дадлагажуулалт дор мэргэшсэн тусгай багаас бүрдэж, гамшиг ослын үед иргэдийн амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө 24 цагийн турш бэлэн байдлыг ханган ажилладаг чухал үйл ажиллагаатай хамт олон ажээ.
ГССҮТ-тэй 2019 оноос хамтран ажиллаж буй эрэн хайх, аврах ангийн хувьд тус бүр дөрвөн эмч, сувилагчтай бөгөөд төвийн Яаралтай тусламжийн тасаг, Эрчимт эмчилгээний тасагт тодорхой хугацаанд сургаж дадлагажуулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэргээр мэдлэг, ур чадварыг нь цаг ямагт сайжруулж ирсэн байна.
Уулзалтаар дамжуулан хоёр талын удирдлагууд орон нутгаас өвчтөн тээвэрлэх явц, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын гадна талбайн хүртээмж, нисдэг тэрэгний зогсоолын хувьд тулгамдаж буй асуудлыг бодит нөхцөл байдалд тулгуурлан ярилцаж, шийдвэрлэх боломжтой арга замуудын талаар санал бодлоо солилцлоо.
Тухайлбал гамшиг ослын үед ГССҮТ рүү орон нутгаас хүнд өвчтөн тээвэрлэж ирэх, буух болон хөөрөхөд чиглэсэн нислэгийн зогсоолын стандарт талбай болон эмнэлгийн дэргэд баригдаж буй барилгын асуудлууд нь агаарын урсгалыг бүрэн хааж, нисдэг тэрэг буух боломжгүй болох эрсдэлтэй байгаа талаар ярилцсан бөгөөд холбогдох газруудтай хамтран шийдвэрлэх арга замуудын талаар зөвлөлдлөө.
Мөн энэхүү уулзалтын хүрээнд ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүд Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны явцад өвчтөн тээвэрлэх үзүүлэх сургалтыг сонирхож, нисгэгч сургах симулятор буюу дадлага сургалтад хамрагдан, осол гэмтлийн үед иргэдэд үзүүлэх яаралтай тусламж, үйл ажиллагааны нэгдмэл чанаруудын талаар мэдлэг туршлагаа нэмсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *