Танаар л дутна
Ардчилсан сонгууль бол ажлаа сайн хийсэнд нь дахин боломж олгох, амлалтаа биелүүлээгүй нэгэнд хариуцлага тооцох, шинэ бодлого, мөрийн хөтөлбөртэй танилцаж сонголт хийх боломжийг сонгогч бидэнд олгодгоороо онцлогтой.
Сонгуульд жижиг том гэсэн эрэмбэ байхгүй. УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгууль бүгд л ач холбогдолтой, үнэ цэнтэй. Гэтэл УИХ, улс төрийн намууд, олон нийт нь ч Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийг үл тоож, үнэ цэнийг нь жилээс жилд унагаасаар ирсэн нь үнэн. Үүний горыг иргэд бид эрүүл мэнд, эд эс, эдийн засгаараа хангалттай “төлж” байгаа.
Сонгуульд санал өгнө гэдэг нь хэн нэгний өмнө үүрэг хүлээгээд байгаа зүйл биш харин та өөрийн засаглалд оролцох эрхээ эдэлж байгаа л хэрэг. Тэр дундаа орон нутгийн сонгууль бол бидний улс төрийн эрхээ эдэлж буй хамгийн анхны алхам бөгөөд энэ алхмаа бид үл тоож, алгасах л юм бол бидний амьдралын чанар улам доройтдог шууд хамааралтай.
Орон нутгийн сонгуулийг бид хаа хаанаа үл тоож, жилээс жилд ирц нь буурсаар ирцийн босгогүй болгоод авсан. Өөрөөр хэлбэл, хамаатан садан, танил тал, хүрээлэл олонтой намын дунд шатны гишүүд цөөхөн хэдэн хүний саналаар сонгогдож, бидний хараа хяналтаас гадуур хөлжиж байна аа гэсэн үг.
Миний саналаар дутахгүй байхаа гэдэг бодлоос бүх буруу зүйлс эхэлж байна. Таниар, таны оролцоо, хяналтаар хамгийн их сонгууль бол Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгууль мөнөөсөө мөн. Сүүлийн үед бидний хяналтаас гадуур яаж дураараа авирлаж болдгийг бордюрын асуудал тодоос тод харууллаа. Одоо бүгдээрээ хашир, хариуцлагатай үзье.
ИТХ-ын төлөөлөгч юу хийдэг вэ? Та өнгөрсөн 4 жилийн хугацаанд ажилласан төлөөлөгчдөө ямар дүн тавих вэ? гэдэг асуултад хариулт хайгаад үзье.
Угтаа бол хэн нэгэн УИХ-ын гишүүн ирж манай хорооны асуудлыг шийдэж өгөх биш бид өөрсдөө хэлэлцэж, шийдэх эрхтэй. Гэхдээ хүн бүр амьдарч буй хорооныхоо асуудалд санаа зовдог ч анхаарч, оролцох цаг зав байдаггүй. Ийм ч учраас бид төлөөллийн хүнээ ИТХ-д сонгоод тухайн төлөөлөгч нь бидний хяналт, оролцоотойгоор асуудлыг шийдвэрлэж, тайлагнадаг. Энэ энгийн тогтолцоо гажуудалд орсон ганц шалтгаан байгаа нь бидний хяналт, оролцоо юм. Ардчилсан тогтолцоонд хяналт, оролцоогүй бүх зүйл буруу тийшээгээ явдаг шүү дээ.
Дэлхийн хамгийн хүйтэн бохир хотуудын нэг Улаанбаатар хотын бугширсан олон асуудлын хамгийн анхны, том хохирогч бол хүүхдүүд. Хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн ханиаданд дарлуулж, хүчтэй эм тариаг “идсээр” зунтай золгодог. Тэдэнд дураараа гүйж тоглох талбай, аюулгүй орчин байхгүй. Энэ хүүхдүүдийн ирээдүйн эрүүл мэнд маш том эрсдэлд байгаа бол тэднийг гардан өсгөж буй ээжүүд ч бас дараагийн хохирогчид.
Орчны бохирдлоос үүдэлтэй хүүхэд өвдөх, түгжрэлтэй хотод сургууль, цэцэрлэгт нь зөөх ажлыг ээжүүд гардан хийхээр хамгийн түрүүнд ажлаасаа чөлөө авч, гэртээ байх шийдвэрийг гаргадаг. Жилээс жилд эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо буурч, эдийн засгийн эрх мэдэл нь хумигдсаар байгаа тэргүүлэх шалтгаан бол энэ. Энэ мэт энэ хотын асуудалтай хамгийн түрүүнд нүүр тулдаг эмэгтэйчүүдийг оролцуулахгүйгээр бид шийдэж чадахгүй л болов уу.
Асуудлыг өөрийн биеэр туулж яваа, үр хүүхдийнхээ төлөө жижиг гэлтгүй асуудлыг орхигдуулахыг хүсдэггүй эмэгтэйчүүдийн эмзэглэл, төрмөл чанарыг бид энэ хот, аймаг, сум, дүүргийн хөгжилдөө ашиглах л ёстой. Нөгөө талд Улаанбаатар хотын нийт оршин суугчдын 52%, Монгол Улсын иргэдийн 51%-ийг тэд бүрдүүлж байдаг. Гуравхан сая иргэнтэй манай улс энэ том хүний нөөцөө хөгжилд бүрэн дайчлах тухай л би дахин дахин яриад байгаа юм.
Энэ энгийн логикийг улс төрийн намууд ч, олон нийт ч ойлгохгүй удлаа. Иргэний улс төрийн эрхийг хангах улс төрийн намууд нь эмэгтэйчүүдийн нэр дэвшилт дээр “унжсан” хэвээр. 2024 оны Аймаг, нийслэлийн ИТХ-д нэр дэвших нийт 2,024 хүний материал СЕХ-д ирсний 25.4% нь, сум дүүргийн ИТХ-д 15,386 хүн нэр дэвшихээр материалаа өгсний ердөө 32.6% нь ЭМЭГТЭЙЧҮҮД байна.
МАН, АН дөнгөж хуульд заасан 20%-ийн квотод хүргэх төдий нэр дэвшүүлсэн. Харин ХҮН нам 40% хүргэж нэр дэвшүүлсэн тухай намын удирдлагууд нь мэдэгдээд байгаа. ХҮН нам эмэгтэй мэргэжлийн хотын даргатай болох тухай кампанит ажлыг өрнүүлээд эхэлсэн харагдана. Энэ нь засагт орсон алдаагаа засах хамгийн зөв алхам ч байж магадгүй юм.
Засгийн гадна байгаа ИЗНН ч эмэгтэй удирдлагатай сонгуульд орж байгаагаа зарласан. Урьд өмнө сонгуульд эмэгтэйчүүдээр удирдуулж орж байгаагаа зарлаж байсан намууд байхгүй. Ер нь хоёрын хоёр намын энэ алхам цаг их өөр болсныг баталж байгаа юм.
Засагт байгаа гурван намын гишүүнчлэлийг харвал намынх нь 50-аас дээш хувийг нь эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Гэтэл сонгуульт албан тушаал руу ойртох тусам эмэгтэйчүүдийн оролцоо буурч байгааг тухайн улс төрийн намын дотоод соёл, төлөвшил, улс төрийн орчны бохир, шударга бус байдалтай холбон тайлбарлахаас өөр аргагүй. 20% хүрэх төдий нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүдийн хэдэн хувь нь сонгогдож, шийдвэр гаргалтад оролцох нь одоо сонгогч таны сонголтоос л шалтгаалах болчхоод байна. УИХ-ын сонгуульд нарийн мэдрэмжтэй сонголт хийж хүчний тэнцвэрийг хангаж, нийгмийн бүлгийн төлөөллийг парламентдаа багтааж чадсан сонгогч таны мэргэн сонголтод эргэлзэхгүй байна. Улс төрийн намууд ухаарахгүй өөрчлөгдөхгүй бол бид сонголтоороо шаардлага тавьж, өөрчлөх л хамгийн дөт зам байна.
Эх сурвалж:gogo.mn