Дэд сайдын суудал Засгийн хувь заяатай тэнцэв үү?
Хамтарсан Засгийн газрын хамгийн галтай сэдэв дэд сайдын алба болж хувирав. Дэд сайд нарыг томилохгүй л бол Засгийн газар 126 гишүүнтэй парламентын өмнө хүчин мөхөстөнө.
Анх шагнал хэлбэрээр бий болгосон дэд сайдын албыг Засгийн газар бүр өөр, өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн, ашиглаж ирсэн бол эдүгээ Засгийн газраа хамгаалах “бамбай” болгох нь.
МАН, АН, ХҮН намаас бүрдсэн хамтарсан Засгийн газар нь Ерөнхий сайдаас гадна гурван Шадар сайд, 20 сайдтай. Бүх сайд давхар дээлтэй ч 126 гишүүнтэй парламентыг “базахад” хүч дутаж буй аж. Тиймээс орон нутгийн сонгууль болж өнгөрсний дараа дэд сайдын албыг нэг талд нь гаргах нь.
Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрыг байгуулах үеэрээ “Олон нийтээс санал авч байж, дэд сайдын албыг бий болгох эсэхээ шийднэ” гэдгээ УИХ-ын анхдугаар чуулганы үеэр мэдэгдсэн. Гэвч Засгийн газрын танхимыг хүчтэй байлгах, Ардчилсан намаас дэд сайдын албыг буцаан сэргээх шаардлагатай тухай саналыг идэвхтэй тавих болсон, Ардын нам дотор дээрх алба руу “шургачих” хүсэлтэй хүмүүс олон байгаа нь дэд сайд нарын 50 хувийг УИХ-аас, үлдсэн 50 хувийг парламентын гаднаас тавих хувилбар ч яригдаж байгаа юм. Засгийн газар нь 16 яамтай, иймээс мөн тооны дэд сайд нарыг томилно гэсэн үг. Харин 100 хувь УИХ-аас дэд сайд нарыг тавина гэвэл нийт гишүүдийнх нь 39 нь Засгийн газрын танхимтай хамааралтай болно. Энэ тохиолдолд Засгийн газар айдаггүйгээ авдрандаа хийж авна гэсэн үг. Гэвч олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулахаас гадна Засгийн газар нь парламентаа “барьцаалсан” урьдын зовлон үргэлжилж болзошгүй.
Уг нь Г.Занданшатарын танхим бүрэн эрхээ дуусахаас урьтаж, 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдах шинэ парламентыг дээрх зовлонгоос ангижруулах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ыг 126 гишүүнтэй болгох эрх зүйн зохицуулалтыг хийсэн.
Анх олон нийт УИХ 126 гишүүнтэй болох асуудлыг хүлээж аваагүй. Тэр тусмаа ахмад настнууд “Өмнөх 76 гишүүний зардлыг яая гэж байхад 126 болно гэдэг бол “хоолны сав”-нууд л нэмэгдэнэ” гэж үзсэн. Тиймдээ ч УИХ-ын гишүүдийг тойрогтоо ажиллаж энэ тухай суртал ухуулга хийхэд нь ахмад настнууд тэтгэвэр нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаа тухай зовлонгоо тоочиж, эрүүний шөл их уулгасан. Ахмадуудын сэтгэлийг зөөллөх арга хэмжээ авахгүйгээр парламентыг 126 гишүүнтэй болгох нь эргээд УИХ-ын сонгуулийн үр дүнд халтай тусах байсан тул эрх баригч нам тэтгэврийг нэмсэн. Түүний дараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 126 гишүүнтэй УИХ-ыг холимог тогтолцоогоор байгуулах эрх зүйн орчныг баталгаажуулж өгч байв.
Парламентын гишүүд олуулаа болохын давуу тал нь “бөөс хуурс” багатай хууль батлагдах, нэг нам дангаар хууль тогтоох байгууллагад эзэн суухгүй олон намын төлөөлөл суух зэрэг давуу талууд бий ч Засгийн газар албан тушаал бий болгох замаар УИХ-ын гишүүдэд давхар дээл өмсгөөд байвал хяналт тавих субьектын хүч суларч, хүссэн хүсээгүй барьцаанд нь орно гэсэн үг.
Хуучин УИХ-ын гишүүдийг улсын төсвөөр буулгаж авдаг байсан бол одоо дэд сайдын албаар хазаарлаж мэдэх нь. Нэг талдаа том төслүүдээ хөдөлгөх зорилго дор Засгийн газар хүчтэй байх шаардлага тулгарч болох ч дэд сайдын суудал Засгийн газрын хувь заяатай тэнцэж эхлэв үү гэх асуудал хөндөхөд ч хүргээд байна.
Угтаа бол дэд сайдын шаардлага байхгүй. Дэд сайдгүй ч төрийн ажил явсаар ирсэн. Хэрэв эл албыг дахин “амилуулбал” туслах, жолоочоос эхлээд орон тоо дагаж бий болно. Хэдийгээр дэд сайдын орон тоог танаснаар төсвийн зардлыг нэг их хэмнэдэггүй гэх зөвтгөлийг улстөрчид хэлдэг ч эрх ашигтаа нийцүүлэх зорилгоор бий болгож ирсэн.
Хэдхэн хоногийн дараа намрын чуулган эхэлнэ, түүний дараа орон нутгийн сонгууль болно. Хамтарсан Засгийн газар байгуулагдсан үеэс хөндөгдөх болсон дэд сайд нарыг хаанаас томилохоос шалтгаалж төслүүд хөдлөх үү үгүй юу гэдэг шийдэгдэх нь.