Түгжрэл бол “бүх нийтийн зовлон” гэдгийг мэдэрцгээ!
Улаанбаатар хотод зам засварын ажил ид өрнөж байна. Хэн хүнгүй ажил, сургуульдаа яарсан хөл хөдөлгөөн ихтэй намрын цагаар гэнэтхэн бордюр авч шидэж, зам хуулсанд иргэд бухимдаж байсан ч “зөв ч юм уу” гээд тэгэсхийн эвлэрсэн. Гурван хоногт хийж болоод байгаа энэ ажлуудаа зуны гурван сард хийгээгүйд халагласаар. Чухамдаа хүйтний улирал хаяанд ирчихээд байхад гэрээ зусландаа барьж буй айл шиг л байна.
Хуучин замыг халж, шинэ замтай болсноор түгжрэл буурна гэдэг нь нэг л гажуудсан үг шиг сонсогдоно. Түгжирч, хэрэлдэж, стресстэж “сурсан” нийслэлчүүдийг ажлын эхний өдөр “тамлаж” байгаа биз. Машинаа хуваалц, дугуй уна, алх гэдэг уриалга нь одоо бол машинаа 0 зогссон газар нь хаяад, явган хүний замын хагархай бордюр дамжаад, замгүй газраар дугуйтайгаа нис л гэсэн үгний биелэл болов.
Ажилдаа явах гэж бухимдана, алхах гэж бухимдана, гэртээ харих гэж бухимдана. Унтахдаа л тайван байх юм даа, Улаанбаатарынхан. Гэхдээ түгжрэхгүйн тулд эрт босох хэрэгтэй. Эрт босохын тулд эрт унтах хэрэгтэй. Гэвч харих зам түгжрэлтэй.
Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлсний гайхамшгийг ч, зассан замын гавьяаг ч одоохондоо мэдэрсэн хүн алга. Магадгүй цаашид ч мэдрэхгүй байж мэднэ.
Өнөөдөр гүүр даван амьдрагсад машид стресстэж байна. Учир нь Маршалын гүүр, Их тэнгэрийн уулзвараас Хан-Уулын “И-Март” хүртэлх замыг засварын ажилтай холбогдуулан хаасан. Яармагийнхан бол энэ зовлонг өдөр бүр шахуу мэдэрдэг гэлцдэг. Түгжрэл бол хэсэг, хэсгийн зовлон биш, бүх нийтийн зовлон гэдгийг л мэдэрцгээ.