Зам, тээврийн хөгжлийн яам АНУ-ын Тээврийн яамтай хамтран ажиллана

0

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд 2023 оны 1 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд АНУ-ын Тээврийн яамны Иргэний нисэхийн болон олон улсын харилцааны асуудал хариуцсан туслах Төрийн нарийн бичгийн дарга Энни Пэтсонск, Тээврийн аюулгүй байдлын газар /TSA/-ын Олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн дэд дарга Гэри Ренфроу, олон улсын Холбооны нисэхийн захиргааны даргын үүргийг гүйцэтгэгч Билли Нолэн нартай тус тус уулзав.

Тээврийн яаманд хийсэн уулзалтын үеэр талууд “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг аль болох ойрын хугацаанд эцэслэн байгуулж, хүчин төгөлдөр болгох эрмэлзэлтай байгаагаа харилцан нотолж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ингэхдээ агаарын тээвэр төдийгүй төмөр замын салбарт хамтран ажиллах нягт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцон цаашид Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон АНУ-ын Тээврийн яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хамтран ажиллахаар тогтов.

Тээврийн аюулгүй байдлын газартай хийсэн уулзалтын үеэр хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Аюулгүй байдлын шалгалтад хамрагдах цогц бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй ярилцав.

Холбооны нисэхийн захиргааны удирдлагатай хийсэн уулзалтын үеэр цашид агаарын тээврийн салбарт хамтран ажиллах, “IASA” буюу Олон улсын нисэхийн аюулгүй байдлын үнэлгээнд бэлтгэх, холбогдох чиглэлээр зөвлөх үйлчилгээ авах зэрэг асуудлаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, ЭСЯ, ЗТХЯ, ИНЕГ болон “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөл, айлын талаас АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын газар болон АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны холбогдох албан тушаалтнууд оролцов.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *