Лох Сиен Чид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Лох Сиен Чид холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баян-Очир, Г.Бадамханд нарын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Лох Сиен Чи нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан…”, тус хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан…” гэмт хэрэгт холбогдсон юм.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын шатны журмаар гомдол, эсэргүүцэл гаргах зүйл заалтад тусгасан:
- шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;
- хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн;
- эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглэгээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.
Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ