Сүү хөтөлбөр: Нэг хүүхэд 150-200 мл сүү ууж байна
Боловсрол, шинжлэх ухааны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Сүү” хөтөлбөрийг нийслэл болон орон нутагт өнгөрсөн тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Уг хөтөлбөрт ерөнхий боловсролын 1-12 дугаар ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд хамрагдаж байгаа.
Энэ талаар, БШУЯ-ны хоол үйлдвэрлэл үйлчилгээний бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн С.Эрдэнэсайхан тэрбээр, “Сүү” хөтөлбөр есөн аймаг, нийслэлийн 12 сургуульд хэрэгжиж байна. Тухайлбал Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Орхон, Төв, Хэнтий, Ховд гэсэн есөн аймагт “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
Нийслэлд төвийн зургаан дүүргийн 12 сургуулийн 1-6 дугаар ангийн 12 мянган хүүхдэд, зургаагаас дээш ангийн 6000 хүүхэд нийт 18 мянган хүүхдэд сүү өгч эхлээд байгаа” гэв.
Уг хөтөлбөрт нэг тэрбум төгрөгийн төсвийг НИТХ-аар батлуулжээ. Мөн уг зорилтот хөтөлбөрийг нийслэл, дүүрэг, эцэг эхийн хамтын оролцоотойгоор хэрэгжүүлж буй. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд гарч буй зардлын тодорхой хэсгийг сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид гаргаж байгаа гэнэ. “Сүү” хөтөлбөрийг анх Дундговь аймагт хэрэгжүүлж эхэлсэн юм байна. Үүнээс санаа авч “Сүү” зорилтот хөтөлбөрийг нийслэл, орон нутагт хэрэгжүүлэхээр болжээ.
Хүүхдүүдэд сүүг долоо хоногийн гурван өдөр өгч байгаа аж. Ингэхдээ нэг удаагийн хэрэглээнд 150-200 мл сүү өгч байгаа юм байна.
Орон нутгийн хувьд сүү хөтөлбөрт хамрагдаж байгаа хүүхдүүдийн анги, нас харилцан адилгүй байгаа аж. Гэхдээ орон нутагт мөн харилцан адилгүй санхүүжүүлж байгаа буюу дийлэнх аймгийн хувьд орон нутгийн сангийн төсвөөс санхүүжүүлж байгаа ажээ.
“Жайка” олон улсын байгууллагын судалгаагаар хүүхдүүдийн өдөрт авах кальцийн хэмжээ нь 2-3 дахин бага, Д витамины дутагдалтай, ясны сийрэгжилт, шүдний өвчлөл өндөр гарсан байна. “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлаа сайжрах чухал ач холбогдолтой гэж үзжээ.