Ж.Баясах: Би хуулийн байгууллагад бүх тайлбараа өгсөн

0

Яруу найрагч Ц.Хулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хорих ангиас дахин захидал бичсэн. Энэ удаад 2018 онд ГХЯ-нд өндөр албан тушаал хашиж байсан, Хятад судлаач Б гэгчийг хэд хэдэн удаа онцлон дурдсан байгаа юм.

Тодруулбал, “Б нь намайг БНХАУ-ын НШУ-ны хүрээлэнгийн эрдэмтэдтэй уулзуулсан. Ямар шалтгаанаар намайг тагнуултай уулзуулсныг мэдэхгүй. Түүнийг хуулийн байгууллагаас огт шалгадаггүй” хэмээсэн.

Б нь доктор, профессор Ж.Баясах болохыг бид мэдээлсэн билээ.

Энэ талаар бид Ж.Баясахтай холбогдон, тодрууллаа.

-Яруу найрагч Ц.Хулан таныг захидалдаа дурдсан байна. Өөрийг нь тагнуултай анх уулзуулсан гэх мэтээр?

-Намайг хуулийн байгууллагаас дуудаж асуусан удаа бий, би тухай бүрд мэддэг юмаа хэлж, тайлбарлаж өгсөн шүү дээ.

-Таныг 2018 онд ГХЯ-нд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд байхдаа шашны хуулийг АНУ-аас оруулж ирсэн гэхчлэн бичсэн…

-Ямар шалтгаанаар холбосныг мэдэхгүй, би өөрийн зүгээс өгдөг тайлбараа тухайн үед өгчихсөн.

-Та энэ асуудлаар дэлгэрэнгүй ярилцлага өгөхгүй юу?

-Одоо сөхөж ярих агуулга байхгүй. Би хэдийнэ тэтгэвэртээ гарсан хүн.

Ж.Баясах нь МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг үүсгэн байгуулалцсан, энэ салбарт хамгийн удаан хугацаанд ажилласан, нөлөө бүхий нэгэн юм.

Тэрбээр Ц.Хулангийн дурдсан 2018 онд ГХЯ-ны Шашны эрх чөлөөний асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч, Элчин сайдаар ажиллаж байжээ.

Энэ үедээ АНУ-ын Төрийн департаментын ижил асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч, Элчин сайд Сэм Браунбэктэй уулзан, Монгол Улс дахь шашны нөхцөл байдлын талаар хэлэлцсэн тэмдэглэл байна. Мөн дээр дурдсан Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барихад голлох үүрэгтэй оролцжээ.

Угтаа тус хууль Монгол Улсын голлох шашныг Буддын шашин гэж албан ёсоор тодотгох, тодорхой хэмжээнд төрийн институцитэй уяж өгөх агуулгатай байв. Тэр утгаар Х Богд Монголоос тодроод буй өнөө цагт геополитикийн чухал ач холбогдолтой гэж харагддаг. Харин Ц.Хулан уг хуулийг ил тод эсэргүүцсэн.

Ц.Хулан анх тагнуулын асуудлыг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Гэвч сүүлийн захидалдаа тагнуулын байгууллагатай хамтран ажилласнаа зөвшөөрч, харин өөрөө мэдээгүй хэмээн тайлбарлаж эхэллээ. Тэр үүний өмнөх захидалдаа ч асуудлыг ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр луу чиглүүлэх зэргээр, үргэлж бусдыг онцлон дурдсаар байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *