Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төлөөлөлтэй уулзаж, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцав

0

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, дүнг ил тод, нээлттэй зарлах, төлөвлөгөө боловсруулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга болон бусад албаны хүмүүстэй уулзав.

Уулзалтаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш 2024 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний эхний хагас жилийн гүйцэтгэл, цахим хуудасны ил тод байдал болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны шударга байдлын үнэлгээ, байгаль орчны салбарын эрх бүхий албан тушаалтнуудын чиг үүргийг тодорхой болгох чиглэлээр мэдээлж танилцуулав.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр дорвитой ажиллаагүй, мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр тодорхой арга хэмжээ аваагүй байгаа тул цаашид энэ чиглэлд ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байгааг дурдсан байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга яамны авлигын эрсдэлийг бууруулах, өөрчлөх талаар хэд хэдэн ажил төлөвлөж байгаагаа танилцууллаа.

Уулзалтад оролцогчид тус яамны “”Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний эхний хагас жилийн хэрэгжилтийг ирүүлэх, эрх бүхий албан тушаалтныг тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарч, Авлигатай тэмцэх газраас хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хүргүүлсэн зөвлөмж, зөрчил арилгуулах болон хуулийн хэрэгжилт хангуулах тухай албан бичиг, мөрдөгчийн мэдэгдэлд заасан арга хэмжээг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлж, хариуг хуулийн хугацаанд ирүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулахад удирдах албан тушаалтнуудын манлайлалд онцгой анхаарч, үйл ажиллагааг эрчимжүүлэхээр тогтов.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *