Хаягдал тосоо бохирын шугамын худагт асгасан “Э“ компанийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
“Эко стандарт петролиум” компанийн гүйцэтгэх захирал Б.Наранцацралд холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлжээ.
Энэ хэргийг өнгөрсөн хугацаанд шүүхээс хоёр удаа буцааж байсан бол прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт дахин Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” компанийн нэр бүхий ажилтнууд үйлдвэртээ ашиглахгүй болсон 10 тонн хаягдал маслыг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн орчим соруулан ачиж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000мм бохирын шугамын худаг руу асгасан байсан юм. Тэгвэл эл хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эргэн сануулахад, Автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолоор батлагдсан “Аюултай хог хаягдлын жагсаалт”-д заасан хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал болох тосолгооны тосны хаягдлыг зориулалтын бус газар буюу хэрэглээний бохир усыг татан төв коллектор шугам руу хаясан, улмаар өмхий үнэр хотод тархсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлийн 1 /Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.