Ц.Баттулга: Олимпоос медаль авсны дараа хүн бүр баяр хүргэж, гудамжинд зөрөхдөө ч “Талархаж байна шүү” гэж хэлэхийг сонсох сайхан байгаа

0

Монголын паралимпын тамирчид энэ жил түүхэнд байгаагүй өндөр амжилт үзүүлж, дөрвөн медаль хүртлээ. Тодруулбал У.Сүрэнжав таеквондогийн төрлөөр алтан медаль, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль, бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр Ц.Баттулга мөнгөн медаль, пауэрлифтингийн төрлөөр Содномпэлжээ мөнгөн медаль хүртэж, Монголын төрийн далбааг олимпын дэмжээнээ хэдэнтээ мандуулж, Монгол туургатны бахархлыг төрүүллээ.

Энд Монголчуудын төсөөлөөчгүй нэгэн амжилтын эзэн бол яахын аргагүй Ц.Баттулга байлаа. Тэрбээр бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр түүхэн дэх анхны олимпын медалийг эх орондоо авч ирэв. Иймд бид түүний энэ бахдам амжилтын талаар болон спортын ертөнцөд түүний туулж өнгөрүүлсэн амьдрал, ажил мэргэжил, мөн олимпын дэвжээнээс мөнгөн медаль хүртсэн үеийнх нь талаар ярилцлаа.

Тэрбээр Булган аймагт төрж өссөн бөгөөд багаасаа эмч болохыг мөрөөдөж, шүдний эмч гэх мэргэжлийг эзэмшсэнээр 2017 оноос хойш алтан гарт эмчийн ажлаа хийн олон хүнийг эрүүлжүүлжээ. Үүнийхээ хажуугаар спортын замналаа ч орхилгүй үргэлжлүүлж, “Ханжоу 2024” наадмаас хүрэл медаль, Бээжингийн гранпри болон Бүх Оросын алтан медалийг хүртсэн байна. Мөн аавтайгаа л хамт олимпыг үзнэ гэсэн мөрөөдлөө биелүүлэхийн тулд олимпод оролцохдоо аавынхаа малгайг авч очин, Монгол дэвээ шаваагаа хийсэн талаараа бидэнд ярьсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

Таны ажил мэргэжлийн талаар яриагаа эхэлье гэж бодлоо. Анх яагаад эмч гэх мэргэжлийг сонгох болов. Багын тань мөрөөдөл байв уу?

-Хүүхэд байхаасаа шүдний эмч мэргэжилтэй болно гэж боддог байсан. Учир нь би өөрөө жижигхэн биетэй. Монголд эмчилж, өндөр болох боломжгүй юм байна. Гаднын оронд харин эмчлэх боломжтой ч их мөнгө хэрэгтэй юм байна гэж бодсон. Ингээд их мөнгөтэй болохын тулд ямар мэргэжилэй болох вэ гэж бодож байгаад шүдний эмч гэх мэргэжлийг сонгож байсан. Бүр хүүхэд наснаасаа л шүдний эмч болно, шүдний эмчээр сурна гэж бодсон.

Ийнхүү шшүдний эмч болж, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт 2017 оноос хойш одоош хүртэо ажиллаж байгаа. Тэмцээн уралдаанд явахдаа чөлөө авчихдаг учраас хэсэгтээ ажиллахгүй байгаа.

Шүдний эмч байсан хүн яаж яваад бөөрөнцөг түлхэлтийн спортоор хичээллэх болов?

-Энэ спортыг анх би өөрөө ч мэддэггүй байлаа. Булган аймгийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн багш маань намайг манай ангийн хүүхдүүдэд паралимпээр явах юм бол амжилт гаргах боломжтой гэдгийг ярьсан байгаа юм. Улмаар ангийнхан маань надад хэлсэн нь миний сонирхлыг их татсан. Ингээд нэг өдөр спортын төв ордны урд явж байгаад бөөрөнцөг шидэлтийн н.Махашири багштайгаа танилцаж, шавь орсон.

Таны бага нас хаана хэрхэн өнгөрсөн бэ?

-Миний бага нас Булган аймгийн Булган сумын зургаадугаар хороонд өнгөрсөн дөө. Багадаа спортоор их хичээллэдэг хүүхэд байсан. Сагс, волейбол, баавгайн чих гээд бүхий л зүйлийг тоглож өссөн.

Олимпоос медаль авна гэж хэзээнээс бэлтгэж, төлөвлөж эхлэв. Ер нь өөрийгөө олимпод оролцоно гэж бодож төсөөлж байв уу?

-Спорт болгоны оргил нь олимп байдаг. Мэдээж энэ спортын оргилд нь гарахыг хүн бүр хүснэ. Миний хувьд ч олимпод оролцох юм сан гэж боддог л байсан.

Тэгээд 2024 онд “Ханжоу” Азийн наадмаас хүрэл медаль хүртэж, олимын эрх авсан. Тэр цагаас хойш олимпод оролцоно, олимпоос медаль авна гэсэн хүсэл зорилгоор бэлтгэлээ чамбайлан хийсэн. Энэ тэмцээнд явахад багш нар маш чухал. Хоёр багшдаа л баярлалаа гэж хэлмээр байна.

Монгол Улсын спортын баг тамирчид бөөрөнцөгийн төрлөөр томооохон амжилт гаргана гэж төдийлөн төсөөлж байгаагүй болов уу гэж бодож байна. Ер нь Монголын орчин нөхцөлд бөөрөнцөг төрлөөр хичээллэхэд техник технологи болон бэлтгэх боловсон хүчин нь хэр байдаг юм бол?

-Манай улс жилийн дөрвөн улиралтай. Өвлийн хүйтэнд болон бороо хуртай үед гадаа бэлтгэл хийх боломжгүй байдаг. Манай улсад дотор бэлтгэл хийх газар байдаггүй. Энэ талбайг шийдээд өгвөл Монголд олон олимпын аварга гэртээ сууж байгаа байх гэж боддог.

Ер нь та өөрийгөө медаль авсан гэдэгтээ итгэхгүй байна гэж байсан шүү дээ. Одоо итгэж байна уу?

-Олимп эхлэхээс хоёр сарын өмнө бэлтгэл сургуулилт маш сайхан байсан. Медалийн тоонд өрсөлдөхөөр хэмжээнд шидээд эхэлчихсэн байсан. Би өөрөө гэхдээ медаль авна гэж төсөөлөөгүй. Багш маань медаль авна гэдэгт бол итгэлтэй байсан юм билээ. Ямартай ч хийх зүйлээ хийгээд, алдаа дутагдалгүй бэлтгэл дээр байгаа зүйлээ тэнд очоод хийчих юм сан гэж л бодсон. Тэгээд санасандаа хүрээд, медаль хүртсэний дараа их гоё байсан. Мэдрэмжийг бол үгээр хэлэхийн аргагүй. Медалийн тавцан дээр зогсоод Монгол Улсынхаа мандаж буй далбааг харах их сайхан байсан даа.

Ер нь миний зорилго олимп байсан. Энэ нь ганцхан миний зорилго ч бус гэр бүлийн маань зорилго байсан. Миний ойр дотнын хүмүүс ч намайг бүгд дэмждэг. Тэгээд итгэлийг нь алдаагүйдээ л баярлаж байгаа даа.

Олимпын цэнгэлдэхэд аавынхаа малгайг өмсөөд орсон байсан. Та аавынхаа тухай ярихгүй юу? Хаана амьдардаг, юу хийдэг хүн байв?

-Манай аав Булган аймгийн Сайхан сумын харьяат Аймгийн хурц арслан цолтой хүн байдаг. Аавтайгаа цуг олимпод наадна гэсэн зорилгоор аавынхаа малгай тэргүүнийг олимп руу аваад явсан. Тэгээд олимпын цэнгэлдэх дотор монгол дэвээ шаваагаа хийж орсон. Аавтайгаа цуг олимпод оролцож байгаа юм шиг их л сайхан байлаа.

Паралимпын тамирчид үнэмлэхүй сайхан амжилтыг энэ жил үзүүллээ. Иргэд ч их сайхан хүлээж авч байх шиг байна. Тийм үү?

-Ер нь паралимпын тамирчдыг шууд дамжуулах нэвтрүүлэг байхгүй учраас ард түмэн сайн мэдэхгүй байх. Бид  маш хүнд бэлтгэл сургуулилт хийдэг. Энгийн хүмүүс тэгээс эхэлдэг бол бид сөргөөс эхэлж бэлтгэл хийдэг. Энэ нь биднийг маш их хүч, тэсвэр тэвчээр зарцуулж энэ хүртэл ирдэг гэдгийн илрэл. Иргэд ер нь паралимпын тамирчдын талаар их өөр ойлголттой болсон байна. Шууд дамжуулж байсан телевиз нартаа маш их баярлалаа. Ард түмэн маш гоё хүлээж авч байна. Гадуур явахад ч “баярласан шүү”, “баяр хүргэе” гэж хэлэх хүмүүс их таарч, гадуур явахад итгэл үнэмшилтэй, дандаа л таньдаг хүмүүстэйгээ таараад байгаа юм шиг их гоё байна.

Цаашдын зорилгоо бидэнтэй хуваалцахгүй юу?

-Он гараад дэлхийн аварга, Азийн наадам гэдэг хоёр тэмцээн болно. Эдгээр тэмцээнүүдээс мэдээж алтан медаль авах, Ази тив болон дэлхийн рекордыг эзэмших зорилготой байна. Мөн 2028 оны олимпоос алтан медаль авах зорилго тавьсан. Одоохондоо манай улсад хөнгөн атлетикийн төрлөөр бэлтгэл хийх орчин дутмаг байна. Бэтггэл хийх орчин хангагдах юм бол олон олон залуус энэ спортоор хичээллэх байх гэж бодож байна.

Мөн шүдний эмч мэргэжлээрээ цаашдаа үргэлжлүүлэн ажиллах уу?

-Шүдний эмч мэргэжлээр цаашид үргэлжлүүлэн ажиллана. Энэ мэргэжилдээ хайртай. Одоо бол эхлээд өөртөө тавьсан зорилгуудаа биелүүлнэ. Эхний ээлжинд авч үзээгүй медаль, хийж үзээгүй рекордыг тогтоохын төлөө явна. Түүний дараа өөрийн хүссэн мэргэжлээрээ ард түмэндээ үйлчилнэ.

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *